Thursday, September 6, 2012

Эмүжин - ″ Алдвал ч алдаг ээ миний гал халуун нас″

Алдвал ч алдаг ээ, миний гал халуун нас
Ахиад би ямар залуу явах биш дээ
Хорин тав хүрчихлээ гэж
Гомдоллохоо болъё
Хор шар атаа хорслын цаана
Насаа нууж явъя
Дураараа л гэлцдэгсэн, идэр залуу насыг минь
Дурсамжнаас уур юу үлдэх юм бэ?
Задгай гэзэг эрх чөлөөнөөс минь
Юндаа бишүүрхээв
Замын уртад үүнээс өөр
Хань болсон нь үгүй ээ
Оо энгэсэгээр гоёхын хэрэг байгаагүй
Одоо бол харин гоочлохын хэрэг байхгүй
Ай миний гал халуун нас
Ганцаар өнгөрөөсөн мөч болгоны төлөө
Гараан дэрлэж хоносон шөнө болгоны төлөө
Дундуур үлдсэн хундага болгоны төлөө
Дурлалаас нь татгалзсан хөвгүүдийн төлөө
Чиний өмнө, би буруутай

“Говийн баавгай” ТББ-ын менежер Г.Эрдэнэбаяр: Мазаалай баавгайг хамгаалах Монгол улсын биш дэлхийн асуудал байх ёстой


Дэлхийн ганцхан Монголд л байдаг баавгайн төрөл зүйл болох мазаалай устаж хар номонд ороход хүрээд байна. Хамгийн сүүлийн судалгаагаар тус амьтан Монголд 12 ширхэг үлдсэнийг тогтоожээ. Энэ талаар амьтан судлаач, “Говийн баавгай” ТББ-ын менежер Г.Эрдэнэбаяртай ярилцлаа. Тэрбээр сүүлийн найман жилийн турш мазаалай судлалаар ажиллаж байгаа юм байна.
-Сүүлийн үед мазаалайн тоо толгой эрс цөөрч мөхлийн эрэгт хүрлээ гэсэн мэдээлэл гарах боллоо. Ер нь мазаалайн тоо толгой яагаад цөөрч мөхөхөд хүрчихэв?
-Сүүлийн үед ч гэлтгүй мазаалайн тоо толгой ямагт цөөн байж ирсэн л дээ. Энэ амьтан маань биологийн шинжлэх ухаанд 1900-аад оны үеэр анх бүртгэгдсэн. Тэр үедээ л тоо толгой нь цөөхөн байсан хүн амьтантай тэр болгон таараад байдаггүй амьтан. Анхандаа говийн иргэд Монголын говь алмастай гэж ярьдаг байсан байгаа юм. Яагаад гэхээр мазаалай маань ихэвчлэн хойд хоёр хөл дээрээ зогсож бараа хардаг, хөдөлгөөн удаантай амьтан. Тэгж зогсож байхыг нь хүмүүс хараад алмастай андуурч байсан юм билээ. 1960-аад оноос Монголын биологийн хүрээлэнгийнхэн мазаалайг судалж, тоолж эхэлсэн л дээ. Яг тэр үедээ бол Монголд 30 орчим тооны мазаалай байна гэсэн аман мэдээг хийсэн байдаг. Тэр мэдээг нарийвчилж хэлвэл 1960-1970 онд 30 орчим, 1980-1990 онд 25 орчим байна гэсэн аман мэдээ байхаас бодит тоо байхгүй байгаа. Тоо толгой нь жил ирэх бүр цөөрч байгаа амьтан. Эдгээр аман мэдээг явуулын жуулчид болон монголын хэдэн эрдэмтэд гаргасан байдаг. Яг одоо хэвлэл мэдээллээр тэр дундаа онлайн мэдээллийн хэрэгслээр Монголд мазаалайн тоо толгой 25 орчим түүнээс дээш байгаа гэж мэдээлээд байна. Энэ нь буруу мэдээлэл байгаа. Яг бодит байдал дээр бол 12 орчим л үлдсэн.
-Уулаасаа цөөхөн байсан энэ амьтан тэгэхээр сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр дахин хорогдсон гэж та хэллээ. Ингэж цөөрсөн шалтгаан нь юу вэ?
-Мазаалайн тоо толгой эрс цөөрсөн нь байгаль цаг уурын өөрчлөлттэй шууд холбоотой. Сүүлийн жилүүдэд говь нутагт зун нь ган болж өвөл нь зуд болох хандлага ихэссэн болохоор орон нутгийн иргэд мазаалайн бүс нутаг руу цөмрөн орж мазаалайн ундаалдаг булаг шанд руу малаа оруулан шахаж амьдрах орчныг нь булааж, хумиад эхлэхээр мазаалайнууд амьдрах орчин муутай цөл рүү шахагдаж эрс цөөрөхөд хүрсэн. Түүнчлэн тоо толгой нь эрс цөөрснөөс болж хүйсийн тэнцвэр нь алдагдсан л даа. Хүйсийн тэнцвэр алдагдсанаас үүдэн мазаалайнууд үржилд орж чадахгүйд хүрч цөөрсөн.
-Мазаалай тархацын хувьд яг хаагуур байдаг вэ?
-Одоо яг байгаа хэмээн тоологдоод байгаа 12 орчим мазаалай маань гурван ГИДЦГ-ын хамгаалалтын бүсэд хуваагдан амьдарч байна. Тэр нь Говь-Алтай аймгийн Атас-Ингэс уул, Шар хулсны баянбүрд, Баянхонгор аймгийн Цагаан богд зэрэгт цөөхөн тоотой байгаа. Энэ гурван газар нь хоорондоо 100-250 километрийн зайтай учраас энэ гурван хэсэгт л үлдсэн цөөхөн мазаалай маань нэг нэгнийгээ олж чадахгүй байгаа. Мазаалайн үржил орооны цаг нь таваас найман сарын хооронд үргэлжилдэг. Тэгээд нэг сараас гурван сарын хооронд ичээндээ байх хугацаандаа ихэвчлэн хоёр ихэр бамбарууш гаргадаг.
-Тэгэхээр өсөж үржихдээ удаан гэсэн үг үү?
-Үржлийн хувьд удаан гэж ойлгож болохгүй. Нэг төрөлтөөр ихэвчлэн хоёр ихэр бамбарууш гаргадаг учир хүйсийн тэнцвэр алдагдаагүй тохиолдолд хурдан үржих боломжтой. Сүүлийн үед эрс цөөрөхдөө бараг эмэгчин мазаалайгүй болсон учир үржил их удаан явагдаж байгаа. Хамгийн сүүлд эрдэмтэд 2005 онд хоёр ихэр бамбаруушаа дагуулсан мазаалайтай таарсан.
-Мазаалай дэлхий дээр ямархуу тархацтай байдаг вэ?
-Дэлхий дээр мазаалай ганцхан Монголд л байдаг. Монголын унаган амьтан. Биологийн шинжлэх ухаанд Оросын эрдэмтэн Орлов, Соклов мазаалай баавгайг бие даасан зүйл мөн гэж үзээд монголын говийн унаган буюу ursus gobiensis гэсэн нэрээр биологийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн. Дэлхий дээр 3 дэд овогт хуваагдах 22 зүйлийн баавгай байдаг. Тэрний нэг болох мазаалай маань ганцхан монголд л  байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд яг тодорхой судалгаа, бодит нотолгоо байхгүй хэрнээ Гималайд мазаалай байдаг, байх магадлалтай гэдэг аман мэдээ баавгай судлаачдын дунд гарах болсон. Хэрвээ энэ мэдээ үнэн бол мазаалай аврагдах боломжтой.
-Мазаалайн тоо толгойг тогтоох тооллогыг яаж явуулдаг вэ?
-Мазаалайг хавар яг ичээнээсээ гарах үед л ихэвчлэн тоог нь гаргадаг. Тархац нутагуудад нь идэш  тэжээлийн савууд байдаг.  Тэгээд тэрхүү идэш тэжээлийнхээ хажууд нь хөдөлгөөн мэдэрдэг камер байршуулж мазаалайг тоолдог. Камер дээр үлдсэн дүрсээр баримжаалж 12 мазаалай үлдсэнийг тогтоосон. Одоогоор гурван мазаалайд эрдэмтэд сансарын хүзүүвч зүүсэн байгаа. Тэр гурван мазаалай маань гурвуулаа амьд байгаа.
-Та хамгийн сүүлд хэзээ мазаалай судлахаар хөдөө явсан бэ?
-Өнгөрсөн найман сард мазаалайн бүс нутгудаар 12 хоног явсан. Тэгэхдээ бид мазаалайтай таараагүй л дээ. Харин гурван мазаалайн мөрийг олсон.
-Мөрөөр мазаалайны хүйсийг тогтоож болдог уу?
-Мөрөөр нь хүйсийг нь тогтоож болдоггүй. Харин насыг нь тогтоож болдог. Бидэнтэй таарсан тэр гурван мөр зургаан настай мазаалайн мөр байсан. Нэлээн хөгшин мазаалай гэсэн үг л дээ. Эрдэмтдийн судалгаагаар мазаалай 10 хүртэл насалдаг гэдгийг тогтоосон байдаг.
-Мазаалай амьдрах чадварын хувьд хэр вэ? Ямар идэштэй амьтан бэ?
-Мазайлай амьдрах чадварынхаа хувьд бусад амьтадтай харьцуулахад гайгүй. Байгалийн элдэв бэршээлийг даван туулах, дасан зохицох өндөр чадвартай. Тийм ч учраас хатуу ширүүн уур амьсгалтай говьд амьдраад байгаа юм л даа. Идэш тэжээлийн хувьд уул нь бол махчин амьтан. Гэвч одоо малдад бэлчээр нутгаа булаалгаж цөл рүү шахагдсан учраас идэш тэжээлийнхээ 77 хувийг ургамал, 23 хувийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээр  болгож байгаа. Хулан, хавтгай, шувуудаар хооллохын зэрэгцээ бажуун, хармаг, таана, хөмүүл зэрэг ургамлыг идэж байгаа.
-Мазаалайн тоо толгойг өсгөх. Дэлхийд ганцхан Монголд л байдаг энэ төрөл зүйлийг аварч үлдэхийн тулд нэн тэргүүнд ямар ажлуудыг хийх шаардлагатай байгаа вэ?
-Хамгийн түрүүнд хийх чухал ажил бол мазаалай амьдардаг бүс нутгуудын усан хангамжийг сайжруулах шаардлагатай байна. Мазаалайн хуучин нутаглаж байсан баян бүрдүүдэд очиж сууршсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж мазаалай амьдардаг орчныг хамгаалах зайлшгүй шаардлагатай байна. Түүнчлэн тэр хавиар уул уурхайн олборлолт хайгуул хийж байгаа компаниудын лицензийг цуцлах зэрэг ажлууд байна л даа. Одоо л гэхэд идрэнгийн нуруунд нефтийн судалгаа хийж байгаа 2 геологийн баг байна. Мазаалайн хуучин амьдарч байсан баянбүрдийг чөлөөлөхийн хажуугаар байнгын нар салхиар ажилладаг худгуудийг гаргах шаардлага зайлшгүй байгаа. Яагаад гэхээр зөвхөн мазаалай гэлтгүй говьд ховордоод байгаа хулан, хавтгай, өөр бусад говийн олон амьтныг хамгаалах ажил юм л даа. Түүнчлэн мазаалайн генийн фондыг яаралтай бий болгох шаардлагатай байна.
-МУ-ын БОАЖЯ-наас дэлхийд ганцхан байдаг нэн ховор энэ амьтныг хамгаалах ямар ажлуудыг хийж байна? Түүнчлэн энэ амьтныг судалдаг эрдэмтэн судлаачдыг хэрхэн дэмжиж байна?
-Мазаалай судалдаг эрдэмтэд болон мазаалайг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг төр засгаас дэмжсэн зүйл бол байдаггүй. Мазаалайг хамгаал гэж жилд улсын төсвөөс 150 сая төгрөгийг гаргадаг. Гэвч тэр мөнгө нь яг мазаалайг хамгаалах ажлыг гардан хэрэгжүүлдэг хүмүүс болон тархац нутагт нь үйл ажиллагаа явуулдаг хүмүүс  очихдоо завсраасаа хасагдсаар байгаад жар далан сая төгрөг л очдог. Тэр 150 сая төгрөг яагаад жар далхан сая болчихдог бусад мөнгө нь хаашаа орчихсон бэ гэдэг нь тодорхойгүй байдаг. Мазаалайг хамгаалж, аварч үлдэх талаар гадны орнууд нэлээн дэмжлэг үзүүлдэг. Тухайлбал 2009 онд Канад улс Монголын мазаалайг хамгаал гэж 700 мянган доллар өгсөн юм билээ. Гэвч тэр мөнгө мазаалайг хамгаалах үйлсэд огт зарцуулагдаагүй бөгөөд хаашаа орсон нь тодорхойгүйгээр алга болсон.
-БОАЖЯ-наас мазаалайг аварч үлдэх талаар ямар ажлуудыг хийж байгаа талаар асуухад мазаалайг хамгаалж өсгөдөг тусдаа байгууллага орон нутагт нь ажиллаж байгаа гэсэн. Тэр байгууллага нь мазаалайг хамгаалах талаар дорвитойхон ажлуудыг хийж чадаж байна уу?
-Миний хувьд мазаалай хамгаалах төв байдаг гэдгийг чамаас анх удаа сонслоо. Харин мазаалайн сан гэж байдаг. Тус сан нь хандивлагч донор байгууллагуудаас мөнгө босгож мазаалайн генийн фондыг бүрдүүлж, мазаалайн парк барих ажлыг хийнэ гэж ажиллаж байгаа юм билээ.
 -Мазаалайн паркынх талаар ярихгүй юу?
- 2008 оноос хойш барьж эхэлсэн юм.  Уг нь баригдаад барилгых нь ажил дуусчихсан. Тэгсэн ч гэсэн л ашиглалтанд орохгүй л байгаа. Эндээс ямархуу парк барьсан нь харагдаж байгаа байх. Улсын төсөвөөс санхүүжүүлсэн гэж сонссон.
-Аан тэгэхээр манай улс мазаалайгаа хамгаалах талаар ямарч ажил ер хийхгүй байгаа гэж ойлгож болох нь ээ?
-Тийм. Улсын төсвөөс жилдээ гаргаж өгдөг 150 саяыг эс тооцвол ямарч ажил хийгддэггүй. Анхаарч ч үздэггүй. Харамсалтай нь тэр мөнгөнийх нь 60 сая нь л мазаалайг хамгаалах ажилд зарцуулагдаж үлдсэн нь хаачсан нь мэдэгдэхгүйгээр алга болдог жишиг манайд байна даа. Ийм ч учраас энэ төрөл зүйл устахад хүрээд байна. Мазаалайг хамгаалах асуудал бол дан ганц монголын асуудал биш дэлхийн хэмжээний асуудал байх ёстой.
-Орон нутгийн байгууллагууд хамгаалах талаар ямар ч ажил хийдэггүй юм уу?
-Яг тодорхой хийсэн ажил тэдэнд байдаггүй. Яахав ГИДЦГ-ын орчны  сумдын сургуулиуд дээр хэдэн сурагчдыг хамруулсан мазаалай хамгаалах клуб л гэж байхаас биш өөр ямарч ажил хийгддэггүй.
С.Будрагчаа
www.niigem.mn

Monday, September 3, 2012

“GOOD STUDENTS-2012” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР


НЭГ. ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО
Онц, сайн дүнтэй суралцдаг, аймаг, бүс, улс, олон улсын чанартай төрөл бүрийн уралдаан, тэмцээнд амжилттай оролцдог, олон нийтийн үйл хэрэгт биеэ дайчилдаг, сургууль, нутаг орныхоо нэрийг өргөж явдаг шилдэг оюутнуудыг дэмжих зорилгоор “GOOD STUDENTS-2012” тэтгэлэгт хөтөлбөрийг 7 дахь жи
лдээ зарлалаа.

ХОЁР. ТЭТГЭЛГИЙН САН
Манлайлагч 1 оюутанд 1.000.000 төгрөгийн Алтан тэтгэлэг,
Шилдэг төгсөгч 5 оюутанд тус бүр 600.000 төгрөгийн Мөнгөн тэтгэлэг,
Сайн суралцагч 40 оюутанд тус бүр 300.000 төгрөгийн Хүрэл тэтгэлэг, нийт 16 сая төгрөгийн тэтгэлгийг нэг удаа олгоно. Алтан тэтгэлгийг 2-6 дугаар, Мөнгөн тэтгэлгийг 4-6 дугаар, Хүрэл тэтгэлгийг 2-3 дугаар курсын оюутнуудад олгоно.

ГУРАВ. ТЭТГЭЛЭГ ХҮСЭГЧИД ТАВИХ ШААРДЛАГА
1. Говь-Алтай аймгийн харъяат бөгөөд аймаг, сумандаа оршин суудаг байх;
2. Төв, орон нутгийн их, дээд сургууль, коллежийн бакалаварын сургалтын 2 ба түүнээс дээш курсын оюутан байх;
3. Сурлагын голч дүн нь 70% ба түүнээс дээш хувьтай байх;
4. Сургуулиа төгсөөд орон нутагтаа ирж ажиллах;
5. Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл туурвисан, нийгэм, олон нийт, сайн үйлсийн ажилд манлайлан оролцсон, урлаг, гоо зүй, уран зохиол, сэтгүүл зүй, спорт, бизнесèéí аль нэг төрлөөр амжилт гаргасан байх;

ДӨРӨВ. ШАЛГАРУУЛАЛТ, ТЭТГЭЛЭГ ОЛГОЛТ
1. Шаардлагуудыг хангасан материалыг 2012.09.10-аас эхлэн 2012.10.10-ны 18:00 цаг хүртэл Алтай хотод “Зэрэглээт-Алтай” кабелийн телевизийн байранд, 2012.09.10-аас 2012.10.12-ны 18:00 цаг хүртэл Улаанбаатар хотод тусгай ажилтан өдөр бүр хүлээн авна.
2. Бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй.
3. Материалтай танилцсаны дараа эхний шатанд шалгарсан оюутнуудыг 2012.10.20-ны өдөр хоёрдугаар шат буюу ярилцлагад оролцуулна.
4. Эхний болон хоёрдугаар шатны шалгаруулалтад шалгарсан оюутнуудын хариуг зөвхөн бүртгэлийн хуудас дээр бичигдсэн таны и-мэйл хаяг руу good_students_XXI@yahoo.com-оос мэдэгдэх болно.
5. Тэтгэлэгт шалгарсан оюутнуудтай “Итгэлийн гэрээ” байгуулж, тэтгэлгийг хичээлийн жилийн нэгдүгээр хагаст багтаан 100 % олгоно.
6. Тэтгэлгийн мөнгийг оюутны хувийн дансруу шууд шилжүүлнэ

ТАВ. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1. Бүртгэлийн анкет (анкетийг good_students_XXI@yahoo.com хаягаас болон  http://share.gogo.mn/FB5rnY8zWb53111346663185/Anket.docx  линкээр татан авч, хар өнгийн балаар бөглөх)
2. Сургуулийн тодорхойлолт(албан тоот)
• Тэтгэлэг хүсэгч нь тус сургуулийн … анги, курст суралцдаг
• Энэ хичээлийн жилд өөр тэтгэлэг, хөнгөлөлтөнд хамрагдаагүй
• Сургалтын төлбөрөө хувиараа төлдөг нь үнэн болохыг тодорхойлсон байна.
3. Сурлагын дүнгийн жагсаалт
• Бүх курсын дүнг жагсааж, сургуулийн сургалтын албаар баталгаажуулсан байна.
4. Оршин суугаа газрын(сумын) Засаг даргын тодорхойлолт
• Тэтгэлэг хүсэгч нь тус сум, багт амьдардаг,
• Ам бүлийн тоо, малын тоо, өрхийн дундаж орлогыг тус бүр тодорхойлсон байна.
5. “Өчигдөр, Өнөөдөр, Маргааш” сэдвээр эссе бичиж ирүүлсэн байх
• Эссег 300-400 үгт багтааж, компьютераар бичсэн байна.
6. Иргэний үнэмлэхний хуулбар (Нотариатаар батлуулсан байх албагүй)
7. Хавсралт
• Оюутан болсноосоо хойш гаргасан амжилтыг гэрчлэх баримтын хуулбарууд (хамрах хүрээ, эрэмбэ, зэрэглэл өндөртэй, томоохон гэсэн уралдаан, тэмцээний 5 хүртэлх материалыг хувилсан байх)
• Бичсэн эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл, ном, үзэсгэлэн, тоглолтын жагсаалт, гадаад хэлний сургалт, дамжааны түвшин тогтоох сертификат, гадаад улс орнуудад сургалтанд хамрагдсан байдал, ямар нэг хөтөлбөрт хамрагдаж байсан гэрчлэх баримтууд

ЗУРГАА. БУСАД
1. Тухайн ангилалын болзлыг бүрэн хангаж, хоёрдугаар шатны шалгаруулалтад тэнцсэн, үнэхээр гоц сайн оюутнуудыг нийт шүүгчдийн 70%-аас дээш хувь нь дэмжсэн тохиолдолд тэтгэлгийн нэг ангилал дэвшүүлж болно.
2. Тэтгэлгийн төрлийн бууруулж олгохгүй.
3. Тэтгэлэгт шалгарсан оюутнууд баг болж нийгмийн сайн, сайхны төлөө бичил төсөл санаачилж 2012 онд багтаан хэрэгжүүлнэ.
4. Өмнөх жил буюу 2011-2012 оны хичээлийн жилд “GOOD STUDENTS-2011” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд болон магистр, докторын сургалтанд сууж буй оюутан энэ хөтөлбөрт хамрагдах боломжгүй.

Ерөнхий ивээн тэтгэгч: УИХ-ын гишүүн Цэдэвийн Дашдорж
Ерөнхий зохион байгуулагч: “Алтайн хөгжил XXI зуун” ТББ
Хамтран зохион байгуулагч: Говь-Алтай аймгийн Боловсрол соёлын газар

Та “GOOD STUDENTS” БОЛОХЫГ ХҮСВЭЛ:
АНКЕТ http://share.gogo.mn/FB5rnY8zWb53111346663185/Anket.docx
https://facebook.com/groups/gobialtai/ Join

http://facebook.com/gobialtai.mongolia Like
good_students_XXI@yahoo.com
“АЛТАЙН ХӨГЖИЛ” СОНИН
ЛАВЛАХ УТАС: 8603-5203



Monday, June 18, 2012

М.Билэгтсайхан : ЭХ ОРНЫ МИНЬ БОСГО ӨНДӨР

Харийн хүн та шүлгийг минь сонс 
Хатуу байж мэднэ шүү 
Монголчууд гэдэг чинь намхан нуруутай, номхон зантай улс, гэвч 
Монгол гэдэг чинь 
Нар дурлаж өдөржин саатдаг эх орон
Сар дуншиж шөнөжин мэлмэрдэг ээж орон
Манай нутагт та зочлохдоо даарч мэднэ
Малын арьсаар хийсэн хувцасыг нь авч өмсөөрэй

Илчтэй дулаахан байдаг гам
Магадгүй бас халууцаж мэднэ
Магнаг өндөр уулсынх нь оргил юунд гараарай
Сэрүүхэн байдаг юм
Монгол гэрийн босго өндөр өө өндөр
Бөхийж ороорой
Монгол төрийн цааз хатуу хатуу
Бүтэн сонсоорой
Эрдэнэ нуумал нутагт минь эвтэйхэн гишгээрэй
Эцэг дээдсийн минь онгонд ёс төртэй мөргөөрэй
Тэгвэл тэнгэр өршөөнө
Тивийн цаадах гүрэнд Монгол баярлана
Бие гоо бүсгүйчүүдээр минь нүдээ л хужирлаж яваарай
Би чамд хайртай гэж битгий худлаа яриарай
Аминдаа бол хүн та
Амрагаасаа ч илүү хайртай шүү дээ
Монголчууд гэдэг чинь бор газар, цэнхэр тэнгэрийн ноён хүмүүс
Босоо цагаан сүлдэн хийморьтой хаан хүмүүс
Унасан газар харсан тэнгэртэй уян хүмүүс
Уух дарс, суух нөхөдтэй учрал хүмүүс
Дэлхийг эзэлсэн түүхтэй улс
Дэрлээд унтах чулуутай хүмүүс
Дэргэд минь уярах ханьтай улс
Дээлийг минь өмсөх удамтай хүмүүс
Унасан газартай улс
Харсан тэнгэртэй хүмүүс
Харийн хүн та
Манай нутагт зочилж байгаарай
Харин бид нар чинь
Эх орондоо таныг урих эзэн байя
Эх хэлээр минь хазгай битгий яриарай
Эх орон дээр минь хатуу битгий гишгээрэй
Харийн хүн та шулгийг минь сонсов уу
Хатуу байна уу
Эх орны минь босго өндер өө өндөр
Бөхийж ороорой
Эх монголын минь цааз хатуу хатуу
Бүтэн сонсоорой.

Saturday, March 31, 2012

Алтайн ойн номд зориулж бичиж байсан нийтлэл

Алтай нутагт электроник, мэдээллийн технологийн мэргэжлийн сургалтын төв байгуулах боломжтой 


Алтайн хөх уулсын энгэр, алтарган шаргалтах говь талд төрөөгүй ч алтайн хөх эрчүүлийн удам залгасны хувьд алтай нутаг, эх орныхоо хөгжлийн төлөө санаа зовинон явдаг сэтгэлийн үгээ хуваалцахаар үүнийг бичвэй.

Ардчилсан хувьсгалын дараах хүнд хэцүүхэн цаг үед төр улсаа авч явсан төрийн их хүн асан Пунцагийн Жасрай амьдралынхаа сүүлийн орой МАХН-ын 25-р их хуралдааны хурлын танхимд "Шилжилтийн үе эрчимжиж, хэрэглээний эдийн засгаас мэдлэгт тулгуурласан эдийн засагт шилжих" гэсэн нэмэлт тодотголыг тогтоолын төсөлд оруулахаар санал болгож байлаа. Энэ ганц өгүүлбэр ихээхэн утга агуулдаг. Алтай нутгийн маань бахархал болсон энэ эгэлгүй эрхэм монгол улс хөгжлийн дараагийн үе шатыг товч, тодруунаар томъёолсон нь энэ бөлгөө. Тэрээр монгол улсад дэвшилтэт технологийг хөгжүүлэх нь Монголын үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ)-ийг жинтэй нэмэгдүүлэх болно гэдгийг гүнээ ухамсарлан, инновацийн тогтолцоог бүрдүүлэх, дэвшилтэт технологийн олон улсад танигдсан судалгаа явуулах системийг бүрдүүлэхээр ажиллаж байлаа.   

Yнэхээр л бид хэрэглээний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжихийг зоривол шинжлэх ухааны суурь судалгаа, технологи, инженерчлэлд дорвитой хөрөнгө хаях хэрэгтэй. Ингэснээр бид технологийг хэрэглэх биш, технологийг бий болгох төдийгүй технологийг экспортлох ч болно. Технологийг дагаж үйлдвэрлэл хөгждөг нь жам ёсны зүйл. Одоогоор бид технологийг хэрэглэхэд ч хөшүүн хандаж байгаа нь үнэн. Саяхан технологийг сэм хуулбарлан хэрэглэх түвшиндээ байсан манай урд хөрш маань бий болгогч улс болон хөгжиж байна. Технологийг сайн хэрэглэж сурснаар шинэ технологийг бий болгодог.

Монгол Улсад “Мэдлэгийн эдийн засаг” руу шилжих сайхан боломж гарч ирсэн нь уул уурхайгаас олж эхлээд байгаа болон орж ирэхээр төлөвлөгдөөд буй их баялаг. Уул уурхайгаар хөөцөлдсөн улс түүнийгээ нийгмийн асуудал, хувь хvртээлтийн хэлбэрээр цацаад дуусвал сүүлд нь жинхэнэ модоо барьж, Африкийн улсуудын л араас ордог гашуун туршлага бий. Харин энэ тvр зуурын огцом орж ирэх хөрөнгийг шинжлэх ухааны суурь судалгаа, технологи, инженерчлэлийн салбар руу зөв урсгаж чадвал байгалийн баялаг шавхагдах vед ч бид, бидний хойч үе маань сэтгэл зовохгvйгээр амьдарна.

Монгол улсын засгийн газар “Монгол улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр 2008-2015”-ийг боловсруулан гаргасан, 2008 оны сонгуулиар байгуулагдсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт үйлдвэржилтийг хөгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөө орсон нь “СУРГАЛТ-СУДАЛГАА-ҮЙЛДВЭРЛЭЛ”-ийн нягт уялдааг тэргүүлэх чиглэлүүдийн хувьд дорвитой сайжруулахаар төлөвлөжээ. Монгол улсын дэвшилтэт технологийн тэргүүлэх чиглэлээр нанотехнологи, биотехнологи, мэдээллийн технологи тодорхойлогдоод байна.
Олон зуун жилийн турш төлөвшин хөгжсөн суурь судалгааны салбарт хүч, хөрөнгө зарцуулаад амжилт олох магадлал дулимаг юм. Харин эдгээр чиглэлүүд нь шинжлэх ухааны харьцангуй залуу, үйлдвэрлэлтэй нягт холбогддог технологийн салбар тул үр дүн нь харьцангуй хурдан үйлдвэрлэлд нэвтэрч, баялаг бүтээж эхэлдэг. Шинжлэх ухааны суурь судалгааны нээлт, ололт амжилтыг хэрэглээ болгон үйлдвэрлэлд нэвтрүүлэх үүргийг хариуцдаг инженерүүд нь улс орны хөгжлийн зүтгүүр хэсэг нь байдаг.

Нанотехнологи, биотехнологийн салбартай харьцуулбал, мэдээллийн технологийн салбар нь мэргэжилтэн бэлтгэх хийгээд анхны хөрөнгө оруулалтыг эс тооцвол судалгаа, шинжилгээний хөрөнгө оруулалт багаар шаарддагдаг билээ.

Хөгжиж буй олон улс орон оюуны шавхагдашгүй баялагт түшиглэсэн эдийн засгийг бүрдүүлэхдээ, нэн тэргүүнд мэдээллийн технологийг хөгжүүлэх, өөрсдийн бизнессийн байгууллагуудаа энэ чиглэлээр аутсорсинг хийхийг системтэйгээр дэмжихийг урьдал болгож байна.

Аливаа бизнессийн байгууллага нь өөрийн цаг, хөрөнгө, хүч ихээхэн шаарддаг үндсэн бус ажил, үйл ажиллагааг гадны мэргэшсэн байгууллагыг хямд зардлаар гэрээлэн хөлсөлж хийлгэхийг аутсорсинг үйл ажиллагаа хэмээнэ.

Дэлхийн мэдээллийн технологийн зах зээлийн үлэмж өсөлтийн зэрэгцээ улс хоорондын мэдээллийн технологийн экспорт, импортын хэмжээ өндөр хурдаар нэмэгдэж байна. Энэтхэг мэтийн хөгжиж буй зарим орон энэ салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг маш амжилттайгаар экспортлон, ҮНБ-ээ нэмэгдүүлж чадсан бол хөгжиж буй олон орон энэ асуудал дээр анхаарлаа чиглүүлж байгаа юм. Аутсорсингийн хөгжилд ихээхэн хөрөнгө оруулсан хөгжиж буй олон орон, хөгжингүй орнуудаас үлэмж хэмжээний хөрөнгийн урсгалыг татаж байна.
“Нью Ёорк таймс (The New York Times)” сонины 2009 оны 1-р сарын 20-ны дугаарт нийтлэгдсэн “Аутсорсинг 2008 онд 2007 оны дүнтэй харьцангуй ихээхэн өсөлттэй харагдаж байна” нийтлэлд өгүүлсэн тоо баримтыг иш татвал:
“...Хэдийгээр дэлхийн санхүүгийн хямралаас шалтгаалан аутсорсингийн гэрээ хэлэлцээрийн нийт дүн 2008 оны сүүлийн хагаст ялимгүй буурсан ч жилийн нийт дүнгээрээ 90 тэрбум америк долларын гэрээ хэлэлцээр байгуулагдсан нь өмнөх жилүүдээс хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүнээс мэдээллийн технологийн салбарын дүнг бүсчилсэн байдлаар авч үзвэл Европ-Ойрх дорнод-Азийн бүс хамгийн өндөр буюу 62%  байна...
... Тэрбум давсан дүнтэй үлэмж хэмжээний гэрээ хэлэлцээрийн тоо 2008 оны эхний хагаст 12 байсан бол сүүлийн хагаст 3 болтлоо буурчээ. Бага хэмжээний гэрээ хэлэлцээрийн дүн 12 хувь өссөн байна...
...Ази номхон далайн орнуудад байгуулагдсан гэрээний дүн 2008 оны сүүлийн хагаст жилийн эхний хагасаас 3 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна...”
Эндээс дүгнэвэл аутсорсингийн гэрээ хэлэлцээрийн дүн цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа нь энэ чиглэлийн ирээдүйг тодотгож байна.

Монгол улсад аутсорсингийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаний тоо 20 хүрэхгүй, мэргэжилтний тоо хэдэн зуугаар хэмжигдэнэ. Монгол улсад мэдээллийн технологийн мэргэжилтнийг системтэйгээр бэлтгэн, түүнд оруулах хөрөнгийг эрчимтэй нэмэгдүүлснээр олон улсын жишигт нийцсэн чадварлаг мэргэжилтний тоог хэдэн мянгад хүргэн, мэдээллийн технологийн аутсорсингийн гэрээ хэлэлцээрийн дүнг ҮНБ-д нөлөөлөхүйц хэмжээнд нэмэгдүүлж болно. Мэдээллийн технологийн аутсорсингийн мэргэжилтэн бэлтгэхэд 2008 онд 2 тэрбум төгрөг баталсан нь сайшаах ёстой эхлэл билээ.

Мэргэжлийн боловсролыг дэмжих төрийн бодлого, мэдээллийн технологийн үйлчилгээний хэрэгцээ, аутсорсингийн эрэлтийн өсөлттэй давхцаж буй цаг үед  мэдээллийн технологи, электроникийн салбарын үйлчилгээний ажилтан, техникч, засварчин, операторчин бэлтгэх мэргэжлийн сургалтын төвийг Говь-Алтай аймагт байгуулан баруун бүсийг хамруулах нь байгалийн эрс тэрс уур амьсгал, алслагдмал байршлын дутууг нөхөх хөгжлийн нэгэн шийдэл байх бизээ. Мэдээллийн технологийн сургалтын шинэ хэлбэр зайн сургалт нь багшлах мэргэжлийн боловсон хүчин дутагдах эрсдлийг шийдвэрлэх бололцоотой юм. 
Монгол Улсын Их Сургуулийн уриа үг болох “Эрдмийн хэт цахиваас, хөгжлийн гал бадармуй” хэмээх ерөөлийн үгээр энэхүү өгүүлэмжээ төгсгөе.


Д-р. Проф. Ч.Лодойравсал
МУИС-ийн Мэдээллийн Технологийн Сургуулийн захирал

2009 оны 3-р сарын 6