Wednesday, June 22, 2011

Задлагдаагүй үүц бодлогогүй сэглэгдсээр л...

Манай аймгийг нэгэн цагт "Монгол улсын задлаагүй үүц"  хэмээн тодорхойлсон байдаг. Үнэхээр нутгийхаа баялгийг зөв зохистой ашиглавал бидэнд хөгжил ойрхон харагдаж байгаа. Ямартай ч нэгэн нийтлэлийг хүргэе...
Говь Алтай аймагт өнөөгийн байдлаар ашигт малтмалын 40 орд, нүүрс, алт, төмөр, зэс, хар тугалганы ордын 375 илэрц тогтоогдоод байгаа аж. Тухайлбал 50 сая тн нөөцтэй Биндэръяагийн голын магнезитийн орд, 200-300 тн нөөцтэй Талын мэлтэсийн алтны үндсэн орд, 80 гаруй сая тн нөөцтэй Зээгт, Хүрэн гол, Хөв булаг, Цахиурт, Мааньтын нүүрсний ордууд нээгдэн ажиллаж байна. Цаашлаад нүүрс, хром, төмөр, магнезит, алт, нефть олборлох бүрэн боломжтой. Цээл сумын Таян нуурын төмрийн хүдрийн ордыг түшиглэн төмрийн хүдэр олборлох, Чандманийн Зээгт, Төгрөгийн Хүрэнгол зэрэг нүүрсний уурхайнуудын олборлолтыг эрс нэмэгдүүлэн баруун бүсийн хэрэгцээг хангах, улмаар экспортлох, Жаргалан, Дэлгэр сум дахь Цахиур, Хөв булгийн нүүрсний уурхайг ашиглалтад оруулах, нүүрснээс утаагүй шахмал түлш гаргах бага оврын үйлдвэр байгуулж ажиллуулах, бага оврын цахилгаан станцуудын түлшинд зориулан нүүрсийг хийжүүлэх, коксжуулах, Талын мэлтэсийн алтны ордыг ашиглах, Шарга суманд газрын тосны, Дэлгэр суманд ураны хайгуулын ажлыг эрчимжүүлэх, Тайшир сум дахь цементийн түүхий эдийг түшиглэн жилд 50-100 мянган тонн цемент үйлдвэрлэх үйлдвэр байгуулан аймгийн болон баруун бүс, хөрш зэргэлдээ аймгуудын хэрэгцээг хангах, Тайшир сумын хром, магнезитын ордыг түшиглэн галд тэсвэртэй барилгын материалын үйлдвэрлэл хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх, Тонхил сумын гялтгануурын орд газрыг ашиглах, Тайшир, Есөнбулаг, Баян-Уул, Шарга, Бигэр, Эрдэнэ сумдын тоосгоны шаврын орд газруудыг түшиглэн тоосгоны үйлдвэр байгуулж хөрш зэргэлдээ аймгуудын зах зээлд нийлүүлэх, Эрдсийн түүхий эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гээд ашиглаж чадах юм бол олон боломж алтайчуудад бий. 
 
Гэвч энэ задлагдаагүй байгалийн баялгийн нөөцийг зөв зүйтэй ашиглах, эргэлтэнд оруулах асуудал туйлын хангалтгүй байна. Хамгийн тод жишээ гэхэд 2009 онд тус аймгийн Бигэр сумын нутагт алтны шороон орд илэрч нутгийн болон ойрын аймгуудын арван таван мянга орчим ‘’нинжа’’ алт олборлож эхэлсэн байна. Гэтэл 2010 онд Бигэрийн алтанд Макс группийн Ганбаатар эзэн сууж “Марко-Поло” ХХК хэмээх охин компанийнхаа нэр дээр ашиглалтын леценз эзэмшиж, хамгаалалтанд авсан нь алтайн иргэдийн бухимдлыг ихэд төрүүлээд удаж буй. Учир нь Говь Алтай аймгийн өмнөх засаг дарга С.Бямбажав, одоогийн ИТХ-ын дарга С.Эрдэнэбат нар “Марко поло” ХХК д хууль бусаар лиценз гаргаж өгсөн аж. Аймгийн засаг дарга байсан С.Бямбажав нь аймгийн ИТХ ын тэргүүлэгчдийн 2006 оны дүгээр сарын 03 ны өдрийн 65 тоот тогтоолоор баталсан “Ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх, лиценз эзэмшигчдийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”, “Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх заалтын дагуу тухайн талбайд орших Бигэр, Есөнбулаг сумын ИТХ ын болон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн саналыг авалгүйгээр 2009 оны 11 дүгээр сарын 19 ны 38 тоотоор “Марко поло” ХХК д тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн санал өгч дураараа аашлан дээрх хууль, журмыг зөрчсөн байна. Харин 2010 оны сүүлээр өөрийн хүсэлтээр гэх шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн байх юм.  
 
Өнгөрөгч онд Засгийн газрын бүрэлдэхүүн тус аймагт ажиллах үеэр “хууль бус үйл ажиллагааг нь зогсоох шаардлагатай” гэж мэдэгдсэн боловч байдал хэвээр үргэлжилсээр байна. Нутгийн иргэд байгалийн баялагтаа эзэн сууж, талхны мөнгөө ч залгуулж чадахгүй “Марко поло” компанийн хамгаалалтынханд хөөгдөж туугдан, нэг шуудай шороог 30 40 мянган төгрөгөөр хулгайгаар худалдан авч амьдрал ахуйгаа залгуулдаг эмгэнэлтэй дүр зураг бий болсон. “Марко поло” ХХК ийн эзэн “Макс” Ганбаатар өөрийн хувийн хүслээ гүйцэлдүүлж лицензийг зөвхөн ганцаараа эзэмшихийн тулд газар газраас цугласан 10 гаруй мянган нинжаг таван аймгийн цагдаагийн хүчээр тарааж, орд бүхий газрын эргэн тойронг хашаалан гурван метр гүн нүх ухаж, зоо татан алтайчуудын өмчид ганцаар эзэн суусан түүний эл үйлдэлд алтайн ард түмэн эгдүүцэж байгаа юм. Алт болон бусад баялагийн нөөц илэрлээ бол мөнгөтэй, эрх мэдэл бүхий хүмүүс энэ мэтээр эзэн суудаг жишиг алтайн хязгаарт тогтжээ.  
 
Нинжа нарт алт олборлох боломжийг олгоогүй хэрнээ орон нутгийн төсөвт энэ оны эхний таван сарын байдлаар 446,7 сая төгрөгийн орлогыг бичил уурхай эрхлэгч иргэнээс оруулах ёстой хэмээн төлөвлөсөн нь орон нутгийн төсөвт ихээхэн хүндрэл болж байгааг орон нутгийн удирдлагууд онцолж байна. Харин нинжа нарын хувьд “Бидний үйл ажиллагааг хаан хөөж, тууж байхад яаж энэ мөнгийг олж өгөх юм бэ. Нэг газар алтны илэрц илэрээд ажиллаж байхад хэн нэгэн мөнгөтэй нөхөр гарч ирээд авчихдаг. Биднийг ажиллуулах юм бол энэ мөнгийг өгч болно” хэмээн хэлэлцүүлгийн үеэр онцолж байсан юм .   
 
Ийнхүү алтан дээр суусан алтайчуудын амьдрал сайнгүй. Ажилгүйдлийн түвшин, эдийн засгийн үзүүлэлтээрээ сүүл мушгиж, иргэд төв суурин газар бараадан ихээр нүүх болсон нь хөгжлийн бодлогоо дахин тодорхойлж, тэргүүлэх салбар болох уул уурхайн салбарын бодлогоо эргэн харах зайлшгүй шаардлага бий болсоныг илтгэж байна. Алтай нутгийн задлагдаагүй үүц энэ маягаар бодлогогүй сэглэгдсээр байх уу... 

М.Сувдаа   
Эх сурвалж  http://mass.mn/d/3934

No comments:

Post a Comment