Friday, October 21, 2011

Б.Даваацэрэн ″Би Алтайн Хөх Чоно″ Засагт ханы хөх харчууд

Засагт ханы хөх харчууд

                        Нэрт найрагч Л.Мягмарсүрэнд

Залгаа аймаг, хотол хошуунд
Зартай цуутай хөх харчууд , Засагт ханых
Зарлиг тушаал ,шүүх шашдирт
Замтай мөртэй хөх харчууд, Засагт ханых
Зөрүүд гээд адлаж болдоггүй
Зөнтэй шидтэй хөх харчууд, Засагт ханых
Зөөлөн гээд аархаж болдоггүй
Зүстэй нэртэй хөх харчууд , Засагт ханых
Мэдэж ав ,энэ засагт ханыхныг
Мэндэлж яв ,тэр хөх харчуудтай
Таниж ав ,энэ засагт ханыхныг
Танилцаж яв, тэр хөх харчуудтай
Алтай хангай, өрнө дорнод
Алдартай суутай хөх харчууд , Засагт ханых
Амьдрал тэмцэл, зовлон жаргалд
Аралтай нуруутай хөх харчууд, Засагт ханых
Ааштай гээд цэрвэж болдоггүй
Авъяастай сэтгэлтэй хөх харчууд , Засагт ханых
Аатай гээд дөрлөж болдоггүй
Андтай нөхөдтэй хөх харчууд, Засагт ханых
Мэдэж ав, энэ засагт ханыхныг
Мэндэлж яв, тэр хөх харчуудтай
Таниж ав, энэ засагт ханыхныг
Танилцаж яв, тэр хөх харчуудтай
Богд төр, алтан сэнтийд
Бодолтой суудалтай хөх харчууд, Засагт ханых
Булт олон, их монголд
Буянтай хүндтэй хөх харчууд, Засагт ханых
Бүрэг гээд гоочилж болдоггүй
Билигтэй номтой хөх харчууд , Засагт ханых
Барлаг гээд голж болдоггүй
Бурхантай сахиустай хөх харчууд, Засагт ханых
Мэдэж ав, энэ засагт ханыхныг
Мэндэлж яв, тэр хөх харчуудтай
Таниж ав, энэ засагт ханыхныг
Танилцаж яв , тэр хөх харчуудтай
2001.06.06

Ахмад дипломатч Ч.Даваадаш
-Таван үндсэн гол шинж чанар байдаг юм. Засагт ханы хөх харчуул маш сэргэлэн ухаалаг байдаг. Энэ бол нутаг устай холбоотой. Алтайн харчуул дэндүү гэмээр үнэнч шударга зан араншинтай. Бас хурц. Энэ нь аргагүй. Алтай нутгийн шовх сумбэр уулстай газар төрсөн хүмүүс яаж хурц биш байх вэ? Бид шударга, хурц хоёроосоо болж алддаг. Алтайхан аргагүй их хөдөлмөрч, ажилсаг. Манай нутгийн хүмүүс их цагаан, цайлган, гэгээлэг сэтгэлтэй. Хүнд муу юм санадаггүй. Өс хонзон бодохгүй. Үнэнийг улаан нүүрэн дээр нь улаа бутартал хэлчихээд л санаа амарна. Тэгээд мартчихна. Сэтгэлдээ ялзарч, бэтгэрч, өмхийрөхгүй. Энэ бол үнэхээр сонгодог сайхан хүнлэг чанар, хүний мөс жудаг юм...

No comments:

Post a Comment