Tuesday, December 6, 2011

Их говийн тэмээний баяр


"Их говийн тэмээний баяр-2011" Говь-Алтайн тэмээчдийн долдугаар их наадам өнгөрсөн өдрүүдэд Алтай хотод өргөн дэлгэр болж өнгөрлөө. УИХ-ын гишүүн "Алтайн хөгжил 21дүгээр зуун» ТББ-ын тэргүүн Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн "Алтайн эрин сан" Хантайшир бөхийн дэвжээний тэргүүн Ж.Энхбаяр нар ивээн тэтгэж, Аймгийн ИТХ, ЗДТГ, ХХААЖДҮГ зохион байгуулсан энэ удаагийн их говийн тэмээний баярт 18 сумын 201 тэмээчин, 602 тэмээтэйгээ оролцлоо.

...Тэмээ таван хошуу малын минь нэг
Тэмээ таван амьд эрдэнийн минь  нэг
Тэмээ тал, говь, хангай гурвал нутагт минь  бий
Тэмээ таван тивээс  манай улсад л бий...
Тийм ээ! Амар амгалангийн бэлгэдэл болсон энэ аварга амьтан Монгол түмний буян заяаг тэтгэсээр, тээсээр  иржээ.
temeeГовь-Алтай аймаг тэмээнийхээ тоогоор улсад байнга айргийн тавд багтаж байдаг.Сүүлийн жилүүдэд тэрэг техник өргөн хэрэглэх болсноор тэмээгээ унаж ачин, эдлэх нь эрс багасаж  ноос, сүүг нь л ашиглан, идшинд хэрэглэх болсноор тоо толгой нь хорогдсоор байгаа нь нууц бишээ. Иймээс тэмээний сүү сааль ашиг шимийг өргөн ашиглаж, ноосыг нь боловсруулан чанартай бүтээгдэхүүн хийх, тоо толгойг өсгөхөд иргэд малчдын анхаарлыг төвлөрүүлэх зорилгоор нийтийг хамарсан "Их говийн тэмээний баяр", Алтайн тэмээчдийн наадмыг жил бүр зохион байгуулдаг болсон.

Энэ удаагийн наадам "Алтайгаа хамтдаа хөгжүүлье!" уриан дор тэмээний сүү, сүүн болон ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаагаар эхэллээ. Алтай нутгийн тэмээчид маань сүүлийн жилүүдэд ингэний сүү, тэмээнийхээ ноосоор олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж иргэд олон түмний хэрэгцээнд нийлүүлдэг болсон нь нэлээд эрэлттэй зүйл болсоор байна. Үзэсгэлэн худалдаанд 18 сумын 92 үйлдвэрлэгч 20 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 16 сая 682,000 төгрөгийн борлуулалт хийлээ. Энэ жилийн наадмын шилдгийн шилдэг Гранпри шагналыг Төгрөг сумын "Асралт буурал хайрхан" хоршооны ингэний сүүн бүтээгдэхүүн хүртлээ. Шилмэл сүүн бүтээгдэхүүний эзнээр Цээл сумын сумын Б.Соёлмаа тэргүүлж, Бигэр сумын Б.Оюунчимэг, Халиун сумын "Говийн-Ундраа" хоршоо удаах байруудыг эзэллээ. Харин шилмэл ноосон бүтээгдэхүүнээр Шарга сумын Б.Баасандуламын ноосон эдлэл түрүүлж, Есөнбулаг сумын Д.Сэлэнгээ, Баян-Уул сумын Б.Санчирсүрэн нарын бүтээгдэхүүн удаалжээ.

Тэмээний ганган хэрэглэлээр Цогт сумын Д.Чанцал тэргүүлж, Алтай сумын "Буурал аж богд "хоршооны бүтээгдэхүүн, Дэлгэр сумын Я.Цэвэлмаагийн урласан хэрэглэл хоёр, гуравдугаар байрт шалгарсан байна. Тэмээний баярын үеэр болсон нэг томоохон арга хэмжээ бол Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, гавьяат эдийн засагч, Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Пунцагийн Жасрай агсны хүрэл хөшөө, цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт байлаа. Энэ үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц. Дашдорж, Ч.Улаан нар болон аймгийн удирдлагууд, хөшөөг урлан бүтээгчид, Жасрай агсны үр хүүхэд, төрөл төрөгсөд, иргэдийн төлөөлөл зэрэг олон хүмүүс оролцлоо. Алтайн тэмээчид их наадамд оролцогчдын хүндэтгэлийн тэмээн жагсаал Шүтээний өндөрлөгөөс эхлэн аймгийн товийг наран зөв тойрч төв цэнгэлдэхэд орж ирэхэд үзэгчид алга нижигнүүлэн ташиж хүлээн авсан юм. "Их говийн тэмээний баяр-2011" Говь-Алтайн тэмээчдийн долдугаар их наадам ёслол төгөлдөр эхэлж, түрүүлсэн тэмээчдээ шагнаж алдаршуулах, хурдан ат, торомны уралдаан, буухиа тэмцээн, сайхан тэмээтэй ганган хос, тэмээний сэдэвтэй ерөөл магтаал, дуу, шүлэг, шилмэл ингэ, буур шалгаруулах гээд олон чиглэлээр өрнөлөө. Энэ удаагийн Их говийн тэмээний баярын хурдан атны уралдаанд 136 ат уралдааны замд гарснаас Бигэр сумын Б.Эрдэнэтулгын хөх ат түрүүлж, Цогт сумын П. Цогт-Эрдэнийн улаан ат удаалан, Эрдэнэ сумын Ц.Дамдины шар ат гуравт хурдалж, Халиун сумын Н.Цогбаярын хөх ат , Цогт сумын Б.Батсайханы шар ат айргийн тавд ирсэн байна.
Мөн сайхан тэмээтэй ганган хосоор Цээл сумын Ц.Гансүх, Н.Нансалмаа нар шалгарчээ. Сүүлийн үед тэмээчид тэмээнийхээ угсаа чанарыг сайжруулахад ихээхэн анхаардаг болжээ. Тэмээний баярын үеэр наймаа солилцоо хийхийн зэрэгцээ өөрийн ингэ, буураа бусдынхтай жишин харьцуулах зэргээр бүтээлч үйл ажиллагаа явуулдаг болсон гэнэ. Энэ жилийн тэмээний баярын уралдаанд шилмэл буураар Шарга сумын Ж.Мөнхдалайгийн хар буур, шилмэл ингээр Цээл сумын С.Лхагваагийн хөх ингэ түрүүлжээ.

Монгол Улсыг тунхагласан өдөр болон "Их говийн тэмээний баяр-2011" наадмын хүрээнд төрөл бүрийн салбарын тэргүүний ажилтнаар 12 хүн шагнагдсаны зэрэгцээ аймгийн шилдэг тэмээчин хүндэт өргөмжлөлийг таван тэмээчин гардлаа. Тэмээний баярт МУСТА дуучин Д.Намсрайноров, П.Идэржавхлан, Г.Эрдэнэтунгалаг нар ая дуугаа өргөн нэгэн оройг дуу хуурын эгшгээр үдэж тэмээний баяр наадмын үйл ажиллагаа өндөрлөсөн юм.
Эх сурвалж: МонцамэШ.Цоодол

No comments:

Post a Comment