Friday, November 4, 2011

БИД ХҮСЭЖ БАЙНА. ТИЙМЭЭС БИ БИЧИЖ БАЙНА.



“Би Монгол хүний саруул ухаанд итгэнэ” Энэ бол Ардчилсан хувьсгалын түүчээ С.Зориг  агсаны хэлсэн үг. Ийм сайхан үгс  биднийг эрүүл саруул сэтгэж, тэр сэтгэсэн  бүхнийхээ төлөө ухаалгаар хөдөлмөрлөж , ирээдүйн сайн сайхан бүхэнд хөтлөн аваачна гэдэг бид итгэдэг.
• Бид түрүүвчиндээ биш толгойдоо баялагтай Монгол залуучууд болон хөгжихийг хүсэж байна.
Эрхэм баялаг эрдэм мэдлэг. Зарим залуучууд оюуны биш материаллаг баялгийг шүтэх болж. Энэ нь бодит шашинд мөргөж, цаасан мөнгөөр амьдрал хэмжигдэнэ хэмээн ойлгож байгаа бололтой. Зарим нь үхэхийнхээ өмнө мөнгөөр бүхнийг авч болохгүй байна гэдгийг ухаарч, тэр материаллаг баялгийг аваад үхэж болдоггүй гэдгийг ойлгож харамсалтай нь тэрийгээ өргөн олонд тунхаглаж чадахгүй өнгөрөх тохиолдол гаргах юм. Чиний толгойд байгаа мэдлэгийг хэн ч хулгайлж чадахгүй гэж мэргэн үг байдаг. Зарим хүмүүс үнэтэй машин, үнэтэй байр, мөнгөөр худалдаж авч болох жаргалд ташуурч амьдралын үнэт зүйлийн талаар ташаа ойлголттой болох замаар хурдалсаар байна. Мөнгөөр бие биенээ хэмжиж бэл бэнчингээр зиндаа тогтоох хурдны замаар бас нэг хэсэг нь хурдалсаар байна. Хэр зөвийг би сайн мэдэхгүй юм.Толгойдоо баялагтай, зорьсон зорилгынхоо төлөө хөлсөө гаргаж хөдөлмөрлөж чаддаг Монгол залуусаар би бахархдаг. Оюуны баялаг бол насны баялаг гэдэгт би итгэдэг. Түрүүвчний баялаг бол зуурдын баялаг гэдэгт би итгэдэг. Монгол түмэн мөнгөний хүчээр  дэлхийг эзлээгүй, Еврей үндэстэн мөнгөний хүчээр дэлхийд нөлөөлөл тогтоогүй энэ адил тал. Бас нэгэн ижил тал нь оюунлаг хүмүүний хүчээр Монголчууд дэлхийг эзэлж, Еврейчүүд дэлхийд нөлөөлөл тогтоож байна. Олон залуучуудыг дэлхийн шилдэг сургуулиудад бэлтгэж хойч үеийн  сайн сайхны төлөө хөрөнгө оруулах боломжийг энэ цагт амжуулах нь хамгийн чухал байна. Явахаараа ирдэггүй биш ирээд өөрчилж чаддаг, ирэхээрээ хийдэггүй биш Ардчилсан Монгол Улсын төлөө хөдөлмөрлөдөг тийм залуусийг олноор бэлтгэх боломжийг бодлогоор дэмжихийг бид хүсэж байна.

• Хүний үнэт эрүүл мэндийг үнэгүйгээр хэлэлгүйгээр авч байгаа явдалтай хариуцлага тооцохыг хүсэж байна.
Эрүүл биед саруул ухаан оршино. Хүний эрүүл мэнд нь хүнд заяасан хамгийн үнэт баялаг юм. Учир тэр баялаг хүний эрдэнэт амьтай эн тэнцүү юм. Тэрхүү баялгийг хамгаалахын тулд хүмүүс асар ихээр мөнгө үрж, гэмтэхээр нь хэдэн саяар мөнгө үрж түүний төлөө байдагаа гөвдөг. Тэгэхээр үнэ цэнэ нь ойлгомжтой. Тэрийг минь зөвшөөрөлгүйгээр, хэлэлгүйгээр үнэгүйдүүлж байгааг хараад зүгээр суухад үнэхээр гомдмоор. Утаанд миний өмч уушиг минь угаартаж, түгжрэлд миний өмч тархины минь стрэсс ачаалал авч, бусдын хүнд сурталд миний өмч цаг хугацаа минь гамгүй урсаж, бусдын хооронд хэлхэлдэх авилгалд нүд минь хорсож үнэт эрүүл мэндийг минь дортойтолд орууллаа. Бид бүхнээс үнэт баялаг бол мөнгө биш гэдгийг бид сүүлийн хэдэн жил биеэрээ мэдэрч байна. Эрүүл биетэй байлгах гэж  хүн бүр бодох авч одоо бодлоос минь хол даваад байна. Өөрөөр хэлбэл дийлэхээ болилоо. Нийгмийн замбараагүй зохион байгуулалт, буруу хот төлөвлөлт, олон шат дамжлага, авилгаар хөдөлдөг явдлууд, ил далдаар бидний эрүүл мэндийг үнэгүйгээр хулгайлан авч байна. Энд хэн буруутай вэ? Би хийж чадна гэж гарч ирсэн эрхэмүүд, ард түмний төлөө биш арын хаалгаар шургагчид буруутай. Төлөвлөсөн зам чөлөөтэй давхиж, төлөвлөсөн байшин барьж жаргалтай амьдрах боломж байсан. Үнэт эрдэнийг бидний далдуур зөвшөөрөлгүй мөгжигсөдтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Өөрийнхөө тэр үнэт зүйлийг тэр бас үнэгүй болгож байгаа гэдгээ санах хэрэгтэй.

• Ард түмнээ үл тоодог биш тэднийгээ дээдэлдэг төртэй байхыг хүсэж байна.
Ард түмэн мэхлэгдэж байгаагаа нэг л өдөр мэддэг. Нуруунд нь хүйт даасан өдрүүд зарим залуучуудын амьдралд нэг биш удаа байгааг биеэрээ мэдэрсэн залуус тод хэлэх байх. Энэ амьдрал хичээлээс гадуур ажиллах орлого  олохгүй орчингүй оюутаны амьдралд бий, мэдээллээс хол амьдралын эрхээр хөдөөд амьдрах залуучуудын амьдралд бий, оюун санаа, мэдлэг чадварыг үл үнэлэгч нийгмийн золиос болж буй хотын залуусын амьдралд бий зуны халуун өдрүүдэд зарим залуусын ирээдүй даарч байна. Залуучууд өөрөө өөртэйгээ тэмцэх ёстой гэдгийг залуучууд бид мартах ёсгүй. Гэхдээ нийгэм биднээр даажигнахыг зөвшөөрч болохгүй. Үнэн мөний төлөө зүтгэсний төлөө, эрх мэдэлтнийг дагасаны горонд зарим нь шоронд сууж, зарим нь алтан амиа алдаж байна. Хуулиар хамгаалагдсан эрхийг минь мөнгөөр, итгэлээр , ирээдүйгээр хуурч авч байна. Амласнаа мартдаг ноёдыг сонгохыг хүсэхгүй байна. Таны төлөө зүтгэе, сонгогчид бол хаан энэ тэр хаана байна. Ард түмэн зарим хэсэг чинь халамжын мөнгө, хүний хөгжлийн мөнгөө авахаар хүлээх нь амьдралын зорилго нь болж байна. Яг л хүүхдийг чихрээр хуурах мэт.  Ийм өрөвдөлтэй байдалд хүргэсэн нь  ард түмэн өөрсдөө юу? Төр үү? Хэн хариулах вэ? Төрийн хуулийн гадна Монголын нэг ч иргэн байх ёсгүй. Сайн сайханы төлөө нь хуруугаа хөдөлгөх дургүй мөртлөө. Хариуцлага хүлээлгэх болохоороо нэг үгний өөнд ял тулгана. Ард түмэн бол тэнэг биш. Ард түмэн дээдлэн шүтэгдэхийг хүсээгүй. Зүгээр л дэндүү даварч байгааг чинь гайхаж байна.

• Бид та бүхнээс баялаг өвлөж, түүнийгээ ирээдүй хойчдоо үргэлжүүлэн өвлөхийг хүсэж байна.
Үндэстний ухаантнууд зөвхөн үеэс үед баялаг өвлөхийн төлөө байдаг. Зуунаас зуун дамжин өөрсдөөсөө харамлан ирээдүй хойчынхоо төлөө өндөгөө  харамласан шувуу шиг миний өвгөд үнэт баялагуудаа хамгаалсан. Үнэт баялаг гэдэгт газрын баялагаас оюун санааны баялаг хүртэлх бүх л баялгийг ойлгоно. Бидний өвгөд ирээдүй хойч гэдэгтээ ганцхан 21 дүгээр зууны эхэнд амьдрагсадыг ойлгоно гэж хэлээгүй нь лавтай. Монголын үе үеийн үр садыг тунхагласан. Гэтэл өнөө цагын холч хараагүй, хойч үеийн талаар дутмаг бодолтой хүмүүс өөрийгөө хүчирхэг байлгах, өөрийн хамаатан садан, өөрийн үр хүүхдээ хангалуун байлгах атгаг бодол тээж хандаж байна. Монголын бүхий л баялаг бидний дараа үргэлжлэх үе үеийн өмч байх ёстой. Үеэс үед өвлөгдөж үе үеийнхэний сайн сайханы төлөө зарцуулагдах ёстой. Шударгаар хөдөлмөрлөж буй залуус шударга бусаар хөрөнгөжиж буй баячууд, бусдын мөнгөөр бардамнагчдыг хараад нүд нь хорсож байна. Өвгөдөөсөө өвлөсөн баялагыг минь хувиарлах гэж байгаа бол хүртээмжтэй,тэгш хувиарлах хэрэгтэй. Тэр баялгийн эзэд торинож байна. Залуучууд бид нар чинь бас тэдний өмнө хэлэх үгтэй, хувиарлаж өгөх баялагтай байх ёстой гэдгийг ТА болгооно биз ээ. Та бүхний байхгүй болсон хойно тэд цөөхүүлээ цохичихсон гэж сонинд хэвлээд яахав дээ.

• Нүүдэлчдийн чөлөөт бие даасан амьдралын сэтгэлгээг Ардчилалын эрх чөлөөт бие даасан хараат бус амьдралд сэргээн хөврүүлэхийг болгохыг хүсэж байна.
Ардчилалд хэвшиж буй бие даасан амьдралын хэв маяг аль эрт нүүдэлчдийн амьдралд жинхэнэ утгаараа байжээ. Бид чинь ардчилал хэмээх  шинэ нийгэмд ороод ирсэн чинь бие дааж өөрөө хоолоо хийж иднэ гэсэн жаргалтай дүрмээр амьдрах гэсэн чинь нэг л дасаж өгөхгүй зовж ямартаа заримдаа хоосон хонох нь шахуу байхав дээ. Бидний өвөг дээдэс чинь гурил гэдэг юмаа өөрсдөө тээрэмдэж, мах гардаг юмаа өөрсдөө маллаж хооссон хонохгүй айл бүр хүнээс гуйхгүй амьдарч, айл саахалтаараа хөдөлмөрөө нэгтгэж орчин үеийн багаар ажиллахыг үнэндээ жинхэнэ утгаар үзүүлж өгч байсан. Харин одоо тэгсэн чинь өөрсдөө хөдөлмөрлөхгүй, хөршдөө итгэхгүй нийгмийн төрх илэрлээ. Уг нь бид ердөө л биеэ дааж амьдарч сурах гээд байгаа юм шүү дээ. Аль 13 дугаар зуунд хэн ч хэлээгүй байхад овог, аймаг болж өрх бүр  бие даан амьдарч хөдөлмөр, оюун ухаанаа нэгтгэж байжээ. Гэтэл одоо нэгдээчээ, нийлээчээ дэмжий гээд ч нэгдэхгүй энийг ер ойлгохгүй байгаа юм.  Сонин шүү. Нүүдэлчдийн удамд тэр үеийн бие даан амьдрах ухааны үр байгаа гэдэгт итгэдэг. Итгэхдээ энэ цагт тэр хөвөрч ургана гэдэгт итгэдэг.

• Бид эрүүл цэвэр орчныг ирээдүй хойч үедээ үлдээн амьдрахыг хүсэж байна.
Монгол хүн эрүүл орчинд амьдрах эрхтэй. Байгальтай зохицон амьдарч ирсэн Монгол түмэн хотжилт хэмээх шинэ нэр томьёотой тулгарсанаас хойш өөрсдийгөө ойлгохоо болиод байна.Учир нь байгаль дэлхийтэй харилцах ухаанаа үл ойшоон тэднийг үй олноор нь устгах, агнах, ухах, төнхөх, хөрөөдөх, гамгүй хэрэглэх, тасдах, бохирдуулах зэргээр Монгол үсгийн сангын сөрөг утгатай үгнүүдийг амьдралд илүүтэйгээр хэрэглэх болжээ. Энэ байдалтай санал нийлэхгүй байгаа байгаль дэлхий гандуулах, зуджуулах, усгүйдүүлэх, нүүлгэх, үл ургах, шуурах, хүйтрүүлэх, хөдлөх, хөлдөөх гэх мэт сөрөг арга хэмжээг авч эхлээд байна. Монголчууд төдийгүй Дэлхийн хүн төрөлхтөн байгалийн араншинг дийлэхээ болж нийгмийн хуулиар бүхнийг шийдэж болохгүй гэдгийг улам ойлгосоор байна.  Эрүүл цэвэр бүхэн үлдэхгүй байгаа явдал нь өнөөгийн бидний  зохисгүй авир, хайхрамжгүй хандлага,бодлогогүй алхмуудтай шууд холбоотой. Угаадасаа гудамжиндаа хэнэггүй цацдаг, хогоо гудамж талбайдаа тоолгүй хаядаг тэр нь агаарт ууршиж эрүүл мэндэд сөрөг нөлөөлдөг, тэр бүхэн дээр нь хүүхдүүд тоглодог өсдөг муу зуршилтай Монголчууд бид биш байх учиртай. Тиймээс энэ цагийн эзэн нь сууж буй Монголчууд бид энэ нутгаас нүүхгүй нь лавтай. Эртний нүүдэл эдүгээгийн нүүдэл өөр гэдгийг ялгаж эрүүл цэвэр орчиныг үр удамдаа үргэлжлүүлэн үлдээх нь онгон байгаль өвлөж авсан Монгол хүн бүрийн ухамсарын дээд хэмжүүр байх ёстой.

• Нийтээс хуримтлуулсан мөнгийг нэг хэсэг нь хуваан хүртдэг олигархийг шүүмжлэхийг хүсэж байна.
Олигархиуд тухайн цагтай амжилттай ч цаашдаа тэд задран унадаг. Монголын эдийн засгийн ерөнхий төрх нь төврүү татан төвлөрүүлэх тогтолцоотой юм. Энэ тогтолцооны хамгийн том гажиг дахин хуваарлахад илэрдэг. Энэ гажигийг засахгүй бол эдийн засгийн хөшүүрэг хөгжлийн түлхүүр болж чаддаггүй. Бүх орлогыг татан төвлөрүүлэх гэсэн оролдого нь орон нутгийн болон салбарын хөгжлийг боомилж байдаг. Тиймээс аль болох төвлөрүүлэх бодлогыг саармагжуулж улмаар орон нутаг, тухайн салбарыг бие даах тогтолцоо руу хөгжүүлэх оролдого хийх ёстой юм. Нийтээс төвлөрсөн мөнгийг бүтээн байгуулалтанд биш үрэлгэн мөнгөний урсгалд оруулж буй нь хамгийн том гажигыг бий болгож байгаа юм. Төрөөс хуваариласан мөнгийг тендер, худалдан авалт зэрэг хуулийн дагуу нэрийн дор их багаар хуваан завшдаг явдал нь тэд нарыг ерөөс ичээдэггүй. Ичдэг хүмүүс нь ард түмэн, өмнөөс нь ичээд чимээгүйхэн явж байгаа юм. Манайхан ч манжийн дарлалаас өмнө бас шударга дүрэм их байсан шүү. Тайж, хар ард ялгалгүй алба гувчуураа мөнгөө төлж, мөн тайж, харц ард ялгалгүй дахин хуваарилалтыг хүртэж байсан. Ардчилсан нийгэмд нийтийн өмчийг нэгээрээ идэх гэх ойлголт байдаггүйг анхаарна уу!
Хүсэл бүхэн биелдэг. Энэ хүсэл ихийг хүссэн хүсэл биш. Энэ нийгмийн болохгүйг тэгшлэх гэсэн хүсэл. Энэ хүсэл нэг хүний хүсэл биш. Эрүүл сэтгэдэг хүн бүрийн хүсэл. Хүсэл биелдэг юм. Хүсэл биелнэ гэдэгт би итгэдэг.

(Гурван хулд Овогт Н.Дашдаваа)