Showing posts with label Бидний Бахархал. Show all posts
Showing posts with label Бидний Бахархал. Show all posts

Monday, January 7, 2013

“ТЭР ХАРГИС ТОГТОЛЦООГ БИД ХАРАНХУЙ ДУНД НЬ СӨРСӨН. ХОЖИМ ГЭГЭЭ ОРОХ БОЛОВ УУ ГЭХ ИТГЭЛЭЭР СЭТГЭЛЭЭ ТЭЖЭЭЖ БАЙЛАА”



25 жил. Нэгэн эринийг дөрөв хуваасантай тэнцэх энэ хугацааны үнэ цэнийг хэрхэн тодорхойлох вэ? Хэн нэгэн хүн төрж, өсөж, бүтээж, нурааж, мөхөхөд хангалттай хүрэх хугацаа. Басхүү өөр нэгний хувьд багваахай цэцгийг үлээх төдийд замхарсан цаг.
Одоо түүнд “Хайран цаг” хэмээн халаглах л үлдсэн. Тэгвэл 25 жилийн зовлонг дааж гарах нь бидний дунд хэд бол? Цөөнгүй хүн чамаас нүүр буруулж, хаана ч очсон хавчлага, дарамтад өртөх өдрүүд арваар биш, хэдэн мянгаар тоологдоно.
Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу. Гэхдээ “Амьд хүн аргатай” гэх үг бас бий. Харин тэр арга Ц.Лоохууз гуайн гэр бүлийхний хувьд заль мэх огтоос биш, хатуужил тэсвэр, амьдрах ухаан хийгээд урлаг байсан мэт.
Ц.Лоохууз: КОМИНТЕРНИЙН ДЭЛХИЙГ ЭЗЛЭХ БОДЛОГЫГ ЗААЛГАСАН Ч ӨӨРИЙНХӨӨ ЭСРЭГ БАЙЖ ЧАДААГҮЙ
-Монгол төр таныг цагаатгаж, бүр баталгаажуулах бичиг хүртэл үйлджээ. Харин та сэтгэлдээ Монголын төрийг “цагаатгасан” уу?
Хэцүүхэн эхлэл. Түүний түр азнасан хоромд тэр агшин, тэр он жилүүдийн бараан өнгө бодолд нь тэр чигтээ цутгаж байгаа нь илт. Гэвч үзэл санаа, тэвчээрийн өмнө бүхэн нурдаг хойно.
-1990 онд Монгол оронд ардчилал ялж, ардчилсан засаг төр намайг цагаатгасан. Хэрвээ ардчилал ялаагүйсэн бол би өнөө хэр гэмтэн хэвээр үлдэх байв. Гэвч тэгсэнгүй. Одоо болтол МАХН (хуучнаар)-аа гэж яваа удирдлагууд, тийм бодолтнууд сэтгэлдээ намайг гүйцэд цагаатгаагүй байх. Монголд ардчилсан хөрс бүрнээ буй болсон цагт би болоод миний нөлөөнд орж хэлмэгдсэн хүмүүс жинхэнэ ёсоор цагаадах болно.
Цагийн цааз гэж үл дийлдэх хүч бий. Үйл хэрэг агшинд шингэж, улмаар түүх болон үлддэг учраас үнэний ялалт хамгийн хүндтэй, үнэтэй нь. Зүгээр ч нэг үнэн биш. Харин жинхэнэ ҮНЭН болой.
Арван жилийн түүхийн номноо анх танилцаж, аавын бахдам яриагаар бодолдоо биежүүлж асан Цогт-Очирын Лоохууз гэх эрхмийнд ирлээ. 90 насанд дөтөлж яваа тэрбээр “Өвөө нь одоо л тусдаа гарав шүү” хэмээн инээмсэглэсээр биднийг угтав. Үндсэн хуулийг батлалцсан хүн бүрт олгосон мөнгөөр тэр XIII хороололд шинэ сууц худалдан авч, гэргий Ж.Бүрэнжаргалтайгаа амьдарч байгаа нь энэ. Нэгэн цагт эсэргүү хэмээн адлагдаж, хэл үг, хөдлөх алхмаа цагдуулж явсан тэрбээр сэтгэлээ, үзэл бодлоо буй чигээр нь хадгалж, хэлмэгдүүлэлт, худал хуурмаг, зусрын өмнө нугаралгүй, хана мэт бат бэх зогссон учраас л өнөөдрийн Ц.Лоохууз өнөд л ийм байсан мөн хэвээрээ өмнө минь сууж байна.
Үзэл санаа, үнэний өмнө цаг хугацаа ч гуйвдаг гэдгийг батлах гэсэн мэт хүчирхэг.
Бид шатар нүүв. Энэ зуур тэрбээр шаазан хөөргөөр тамхилж, хэд хэдэн хөөрөг урласнаа наймаалцахаар төлөвлөж буйгаа ярив. Бас хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд түүнд үнэтэй тус хүргэсэн “Гэрийн нөхцөлд...” номыг орчуулахаар зэхэж байгаа гэнэ. Хөнгөхөн хожигдлын минь дараа тэр ийн ярьж эхэлсэн юм.
-Хятадын эрхшээлд 200 гаруй жил дарлагдсан монголчууд явсаар Оросын нөлөөнд шилжиж, нэг том гүрний амнаас нөгөө их гүрний саварт атгагдаж асан тэр үед би нийгмийн амьдралд орсон. Их гүрнүүд Монголыг өөрийн болгохын тулд түүх, улмаар соёл ахуй, шүтлэгээс нь салгаж ижий, аавын минь нүдэн дээр 15000 гаруй хуврагийг хөнөөсөн. 1921 онд монголчууд үндэсний эрх чөлөөгөө олсон ч хожмоо үүнд бэлтгэгдсэн бүхий л сэхээтнүүдийг нүд аниулсан. Үүнийг дөнгөж гэгээрч, нүдээ нээх насандаа харсан юм. Би Оросын Коминтерний коммунист намын сургуулийн анхны монгол төгсөгчдийн нэг. Москвад суралцаж байхдаа Коминтерн гэж чухам юув, тэдний дэлхийг эзлэх бодлого юу болохыг заалгасан. Гэхдээ би өөрийнхөө эсрэг явж чадаагүй монгол сэхээтнүүдийн нэг гэв.
Энэ бол нэгэн хүний, улмаар нэг гүрний түүхийн нэгээхэн хэсэг юм. Түүх бөхд өггүй, үнэн мөхдөггүй. Өдгөө 90 хүрч яваа энэ эрхэмтэй ярилцах үүтгэл маань энэ. Хэлмэгдүүлэх тогтоол, цагаатгалын бичиг аль алийг нь авдартаа хадгалжээ, тэр.
-Цаг хугацаа бүгдийг анагаадаг гэдэг. Гэвч таны үнэн байсныг, үзэл санаа тань зөв саруул байсныг өчнөөн олон жилийн дараа батлахад танд гомдох сэтгэл төрж байв уу?
-Хугацаа алдсанд нь би харамсдаг. Карл Марксаас нэгэн сурвалжлагч “Дэлхий дээр хамгийн үнэ цэнэтэй зүйл юу вэ” гэж асуухад “Цаг” хэмээн ганцхан үгээр хариулж байсан. “Алт үнэтэй биш үү, та яагаад цаг гэв” гэхэд “Цаг алтыг бүтээдэг болохоос биш алт цагийг бүтээдэггүй юм аа” гэж хэлсэн гэдэг. Ирээдүйтэй зүйлийг цаг алдалгүй бүтээх нь хамгийн чухал. Бид харин үнэний эсрэг тэмцэж цаг их алдлаа. Ардчиллын 10 жилд хийчих зүйлд 20 жилийг золив. Нийгмийн хөгжлийг хойшлуулж байгаа нь л хамгийн хохиролтой юм даа.
-Таныг эсэргүү хэмээсэн зарласныг анх мэдэхэд юу бодогдож байв?
- 1964 оны бүгд хурлын үеэр би Ю.Цэдэнбал тэргүүтэй МАХН-ын явуулж буй бодлогыг хатуу шүүмжилсэн. Гэвч тэд миний хэлснийг ойлгоё гэж бодохын оронд намайг жигших, буруутгах, дайснаа болгохыг урьтал болгож, албан тушаалыг маань хурааж, нэгдлийн туслах хоньчноор цөлсөн. Тухайн үед надад эвгүй санагдсан боловч би бууж өгөөгүй ээ. Би ойд төрөөгүй, малчин хүний гэрт мэндэлж, хонь хариулж өссөн болохоор тэр малыг нь сайн маллана гэж бодсон. Үнэхээр ч би муугүй малласан.
-Хэрэв тэр бүгд хурал дээр Ю.Цэдэнбал тэргүүтэй намын удирдлагууд таны шүүмжийг хүлээж аваад, тэр чигт залсан бол ямар үр дүнд хүрнэ гэж та тооцож байсан бэ?
-Хэрвээ Улс төрийн товчоо миний саналыг хүлээн авч, ардчиллын зам руу хэлбийсэн бол өдийд Сингапур, Хонконг, Тайвань мэт Азийн бар болох, тэднээс ч илүү хөгжилд хүрч болох байсан. Тэдэнд түүхий эд хомс, бидэнд тэр нь элбэг байсан ч тэр цагийг алдсан. Бидний шүүмжлэлийг хүлээж аваагүйгээрээ МАХН устаж, өөрчлөгдөхөд хүрсэн.
-ЗХУ-ын нөлөө хүчтэй байсан тэр үед үнэхээр бидэнд Азийн бар болчих боломж байсан уу. Хүмүүсийн сэтгэл зүй бэлэн байв уу?
-Хүмүүсийн сэтгэл зүй арай ч бэлэн болоогүй байв. Бодитоор авч үзвэл цөөнгүй зүйлийг бидэнд зөвшөөрөх байсан. Хөнгөн үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүнээ өөрөө хийхийг зөвшөөрнө. Их гүрнүүд колони орондоо хүнд үйлдвэр, металлургийн завод, машин механизм, цахилгаан эрчим хүч биеэ дааж үйлдвэрлэхийг зөвшөөрдөггүй юм. Гэвч энэ бүхнийг биш юм аа гэхэд өмсөх хувцас, идэх хоолоо биеэ дааж хийгээд, дотоодын хэрэглээгээ хангаад зогсохгүй ЗХУ руу гаргах боломж байсан. Ялангуяа, боловсруулсан мах, сүү цагаан идээ, улаанбуудай, шар будаа экспортлоход тэд дургүйцэхгүй, харин ч дэмжих байв. Гэвч удирдлагууд үүнийг олж хараагүй. Тийм учраас Ц.Лоохуузын хувьд хар өдрүүд эхэлсэн юм. Хүчирхэг гүрний гар хөл болж, “Та нар юу ч битгий үйлдвэрлэ. Малаа л маллаад бай. Бид хэрэгтэй бүхнийг чинь өгөмц” хэмээн тунхаглаж байсанд итгэхэд бэрх. Гэвч улс гүрний удирдлагууд, цаашлаад ард иргэд цөмөөрөө энэ үгэнд итгэсэн нь даанч эмгэнэлтэй. “Би удахгүй 90 хүрнэ. Эргээд харахад энэ насны минь талаас илүү хувь нь цөллөг, шоронд, үзэл санааны дарангуйлал дунд өнгөрчээ. Гэхдээ би үүнд харамсдаггүй. Тэр харгис тогтолцоог би харанхуй дунд нь сөрсөн. Гэгээ орсон хойно нь биш бүрэнхийд нь тэмцэж, хожим гэгээ орох байх гэсэн итгэлээр өөрийгөө тэжээж байлаа. Үүндээ би бахархдаг” хэмээн Ц.Лоохууз гуай хэлсэн. Тэр цааш нь “Амьдралын үнэ цэнэ бол үнэний төлөөх тэмцэл. Бодож явсан, санаж сэдсэн маань эцэстээ ялалтаар, үнэний ялалтаар дуусаж байна. Энэ бол ялалтын дээд юм” гэлээ.
Түүнтэй уулзахаар явах замдаа Сүхбаатарын талбайн хажуугаар өнгөрөв. Дүнсгэр байшингууд мөнөөх л хэвэндээ, заримыг нь гантигаар бүрж, зарим нь шилэн барилгуудын цаана “нуугджээ”. Түүгээр өнгөрөх хүмүүс энэ дунд юу ч болж байгаагүй юм шиг, энэ байшингууд мөнхөд л ийм гял цял байсан мэт дуугүйхэн зөрнө. Мартахыг хүсэвч үл чадна. Ардын зүйр үгэнд “Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ургана” гэх хатуухан санаа бий. Ц.Лоохууз гуайн амьдрал надад ийм л хатуу бөгөөд хүчирхэг санагддаг. Үнэхээр ч түүний чацуутан, тэр үед сайд дарга хийж, бэлэн юм “идэж” байсан хүмүүсийн эрүү голцуу “хувхайрчээ”. Харин 1965 оноос цөлөгдөж, хөдөө мал дээр гарсан хүмүүс ихэнх нь амьд байна. Энэ бол Ц.Лоохуузын хэлсэнчлэн тэмцлийн хүч, үнэний ялалт биз ээ. Үнэхээр ч тэд үнэнийг ялж дийлээгүй юм. Ц.Лоохууз тэргүүтэй хүмүүсийг цөлснөөр тэд ямар үр дүн хүлээж байсан бол? Миний ажигласнаар тэр харин ч бууж өгөлгүй, хүчирхэг хэвээр байж, төлөвлөгөөг нь нураасан байх шүү. Энэ тухай тэр ийн ярьсан юм.
-Би малаа маллаж, хоолоо өөрсдөө хийж, хувцсаа оёж өмсдөг эгэл ардын хүү. Тэдэн шиг хоршооноос бэлэн хоол авалгүй, хотон доторх хонио өсгөөд, махыг нь идэж, арьсыг нь элдэж өмсөөд л амьдарсан. Нэгдлийн туслах малчин болж цөлөгдөхдөө бүтэн сар хонь хариулж байж 17 төгрөг, 50 мөнгөний цалин авдаг байв. Түүнийг нь би сарын дотор 800 төгрөг болгон өсгөж байлаа. Хоршооноос юм худалдан авах мөнгө надад өгөөгүй ч, хөдөлмөрийнхөө хүчээр би хүссэн бүхнээ авч чадсан. Тэгэхээр тэдний төлөвлөгөө нурахгүй хаачихав.
-Таны гэргий Ж.Бүрэнжаргал гуай жаргаж, зовох бүхий л үед тань хамт байсан. Гэвч эр хүн ханьдаа зовлон үүрүүлэх дургүй, бардам амьтад байдаг. Тухайн үед таныг хаяад явчихалгүй хамт цөлөгдөхөөр шийдэхэд нь танд юу бодогдож байв?
-Юу ч болсон бай нэгэн биений минь хэсэг болсон гэргий минь л бодогддог. Хамгийн түрүүнд харамлах сэтгэл л төрдөг юм билээ. Намайг явахаар хүний гарт орчих вий, намайг хаяад явчих вий гэж айж л байсан. Гэвч тэгээгүй. Москвад байхдаа “Мужчины и женщины” гэх номноос эр хүний хайр дурлалын 90 гаруй хувь нь гадаад төрхтэй холбоотой байдаг гэж уншсэн. Говь-Алтай аймгийн Наран суманд хонины бэлчээр дээр түүнийгээ анх хараад зүс царайных нь гоо үзэсгэлэнд би бүх бие сэтгэлээрээ бууж өгсөн. Хэдийгээр 13 насаар дүү ч гэсэн би түүнтэй сууна л гэж шийдсэн. Насны зөрүүтэй хос өтөл насанд хэцүү тухай сонсож байсан. Гэвч би насан туршдаа гологдохгүй, үргэлж дэргэдээ байлгана гэж бодож, түүний төлөө бүхнээ зориулсан. Тэр минь намайг ямар ч үед хаяж яваагүй. Насны эцэст хоёул нэг байшингаас бурхны оронд явна гэж боддог гэв. Түүний намтраас бүтсэн “Алтайн бүргэдийн амьдрал, сургамж” номноос нэгэн сонирхолтой баримт олов.
Ц.Лоохууз гуай Х.Чойбалсан, И.Сталин хоёулангийнх нь оршуулгын ёслолд хүндэт харуулаар зогсож байсан юм билээ. “1952 онд Москвад Коммунист намын сургуульд сурч байх үед Х.Чойбалсан гуай бөөрний өвчнөөр Кремлийн эмнэлэгт нас барсан. Москвагаас гаргаж өгөхөд нь Үйлдвэрчний зөвлөлийн баганат танхимд хүндэт харуулаар зогсож, Монгол руу явах вагонд ачиж өгсөн. Удалгүй 1953 онд И.Сталин нас барахад би мөн л сурч байсан, хүндэт харуулд бас зогссон. Тэд хоёул жинхэнэ захирагч байсан. И.Сталин ХХ зууны суут хүмүүсийн нэг. Дэлхий түүнээс айн чичирч байлаа. Х.Чойбалсан ч гэсэн Монголын тухайд жинхэнэ захирагч мөн. Тэр Монголыг 10 жил бие дааж удирдсан. Энэ 10 жилд Монгол улс эрс тэс өөрчлөгдөж, бусад арван жилүүдээс хамгийн хурдацтайгаар хөгжсөн юм. 1952 онд Чойбалсанг нас барахад нүдний нулимс гаргаагүй насанд хүрсэн хүн Монголд байгаагүй. Тэгж түмэн олны итгэлийг хүлээж чадсан хүнийг би Х.Чойбалсангаас өөрийг мэдэхгүй. Би ч гэсэн уйлж байсан.
-Төмөр-Очир гуай танд “Чамайг шоронд хийнэ шүү, хууль сайн унш” гээд Декабристуудыг шүүсэн тухай хоёр ном өгсөн юм билээ. Энэ ном танд хэр их тус болж байв?
-Би тэр номыг эхнээс нь адгийг хүртэл хонины бэлчээрт уншсан. 1905 онд Хаант Оросын үед декабристуудыг нухчсан. 1965 онд болсон үйл ажиллагаа тэрний үргэлжлэл байсан учраас декабристуудыг шүүсэн Хаант Оросын түүхийг уншиж, тэр үеийн улс төрийн нүүр царайг ойлгоно гэсэн санаагаар надад тэр номуудыг өгсөн. Тухайн үед би мөн Эрүүгийн хуулийг бүх зүйл ангиар нь цээжилсэн. Үүнийг уншаад ямар ч байсан намайг шийтгэж чадахгүй гэж бодож байлаа. Гэтэл намайг 1960-аад оны Монголын эрүүгийн хуулийн заасан заалтаар биш, эх орны дайны дараа 1950-иад онд Сайд нарын Зөвлөлөөс баталсан тогтоолын “Монгол хүн монгол нутаг дээр импорт, экспортын бараагаар ямар нэгэн хэрэгцээт бараа, бүтээгдэхүүн хийж, борлуулахыг хориглоно” зүйл ангиар шийтгэсэн. Тухайн үед би үүнд үнэхээр бэлтгэлтэй байгаагүй.
-1984 онд таныг дахин цөлөхөөр болоход та их хатуу үг хэлж байсан юм билээ. “Намайг ганцааранг нь Чандмань явуулбал би явлаа, эс бөгөөс би Сүхбаатарын хөшөөнөөс энэ сураар дүүжилж үхнэ шүү” гээд...
-Тэд намайг ингэж чадахгүй гэдэгт хатуу итгэсэн учраас би ийн хэлсэн. Тэрнээс биш үнэхээр үхье гэж бодоогүй. Бүх хохирлыг өөр дээрээ үүрэх, гэр бүл, үр хүүхдээ төв суурин газар, эмнэлэг, сургуультай, аав ээж ах дүү садангийн дэргэд, түмэн олны дунд үлдээх зорилго агуулсан. Тэр ч ёсоор биелж, намайг ганцааранг явуулсан. Тухайн үед явахдаа эргэж ирнэ, гэр бүлтэйгээ уулзана л гэж бодсон. Тэнд очоод үхнэ гэж бодоогүй, амьдарна л гэж бодож очсон. Үнэхээр ч цөллөгөөс би 100 гаруй бог малтай ирсэн.
-Социалист нийгэм бүхэлдээ хар бараан, саарал байсан гэж хэлж болохгүй байх. Тэр үеийн нийгмийн хамгийн сайхан зүйл нь таныхаар юу байсан бэ?
-Тэр нийгэм маш хатуу зохион байгуулалттай. Юм мэдэхгүй, нийгмийн түүхийг ойлгохгүй, боловсрол муутай хүмүүст бэлэн хоол, бэлэн мөнгө тарааж, улмаар нэг дуугаар, нэг захиргаан дор ажиллуулж байсан үе. Фермийн үнээ шиг хоол өгсөн газар хошууруулж, хүнийг малын зохион байгуулалтад оруулсан. Үүний сайн тал гэж байна. Ухамсар муутай хүмүүсээр юм бүтээлгэхэд амар байв. Жишээ нь, 1966 онд Улаанбаатарт их үер болоход хотыг тойруулж суваг ухах ажлыг сар хүрэхгүй хугацаанд гүйцэтгэсэн. Ю.Цэдэнбал тэргүүтэй Улс төрийн товчооны гишүүд толгойлоод хотын бүх хүмүүсийг хөдөлгөөд дор нь амжуулсан. Мөн би Говь-Алтай аймгийн намын хорооны I дарга байхдаа, 20-40 насны бүх хүнийг цуглуулаад, Завхан голын усыг арав хоногийн дотор Гуулингийн тал руу урсгаж чадаж байлаа. Одоо бол хэзээ ч ингэж хүчрэхгүй. Ухамсартай хүнийг ийм ажилд хөдөлгөж чадахгүй. Ухамсаргүй, юм мэдэхгүй хүмүүст таарсан ажил хийлгэх арга нь энэ.
-Эргээд бодоход таны амьдралын хамгийн сайхан, аз жаргалтай үе хэзээ байсан бэ?
-Би Намын Төв Хорооны лектор, суртал нэвтрүүлгийн ажил хийж байв. 1000 хүн зааланд цуглуулаад, тэднийг үүрэглүүлэхгүй ярьж, миний хэлсэн зүйлийн утга учрыг хүн ойлгож, баярласан царайг харахад надад сайхан байсан. Улаанбаатар хотын Намын хорооны суртлын хэлтсийн дарга, Говь-Алтай аймагт намын хорооны I дарга хийж, аймгийн ард түмнийг цахилгаан гэрэлтэй болгож, ногоо, тариа тариулж, байшин барилга бариулж, Монголын хамгийн анхны хөдөөгийн музейг бий болгож, Завхан голын усыг Гуулингийн тал руу урсгаж байхдаа, тэр суваг дээр цахилгаан станц барьж, гэрэл асаж байхыг харах, энэ бүгд намайг баярлуулж байсан. Сүүлд би САА-нуудыг удирдах газрын даргын ажлыг долоон жил хийсэн. Монгол Улсад атар газар эзэмших ажлыг удирдаж, улаан буудай, гурил импортлохыг болиод, харин ч бүр экспортолдог болсон. Сэлэнгэ, Говь-Алтай, Дорнод, Ховд, Баян-Өлгийд алим тарьж, шүүс нь асгарсан алим амсаж үзэхдээ хэмжээгүй баярлаж байсан. Тэр болгоныг устгасан ч, хожим ардчилал бий болж, ард түмний санаачилгаар энэ бүгд дахин сэргэж байна. Энэ мөн намайг баярлуулж байна.
-Та миний аав Ц.Жамъян-Очиртой хамт 1990-ээд оны эхээр Монголд анх удаа Нутгийн зөвлөл байгуулж байсан. Энэ дурсамжаасаа хуваалцаач?
-Бүх сумдын сэхээтнүүд сургууль дамжаад Улаанбаатарт шингэчихсэн тэр үед нутгаа эргэж очдог хүн үгүй болсон байсан. Тиймээс нутгийн сэхээтнүүдийг зохион байгуулж, үзсэн харсан, сурсан мэдсэнээ нутаг орныхоо хөгжилд зориулж, дэм болгох санаагаар Нутгийн зөвлөл гээчийг байгуулах санааг чиний аав Ц.ЖамъянОчир гаргасан. Улмаар даргаар нь би, нарийн бичгээр нь Ц.Жамъян-Очирыг томилоод, Монгол Улсын анхны Нутгийн зөвлөл ГовьАлтай аймгийн Чандмань суманд байгуулагдсан. Үнэхээр хэрэгтэй ажил байсан учраас бүх сумдаар, аймгаар тархаж, бүгд л өөрийн Нутгийн зөвлөлтэй болсон. Энэ бол нийгэмд бүтээсэн нэг чухал зүйл гэж санадаг.
Ц.Лоохууз гуай эд мөнгө, албан тушаалд биш, саруул ухаан, хөдөлмөр зүтгэлийг үнэлдэг аж. Тийм ч учраас хэлмэгдсэн түүхээ биш, хийж бүтээж, тэмцэж явсан тухайгаа ярихдаа өөрийн эрхгүй сэтгэл нь хөдөлж, нүдний нь гал асаж байхыг би харсан. Түүний тухай дуртгал ном, сэтгэгдэл хөргүүд цөөнгүй бий. Энэ бүгдийг уншиж байхдаа дараах бяцхан түүх сонирхлыг минь татав. Ёндон гэдэг хоньчныд туслах малчнаар очоод удаагүй байхад ийм явдал болжээ. “Бага охин минь хонины хоргол хараад “Мойл байна, идье” гэсэн. Тэнгэрт байгаа сарыг хараад “Алим байна, буудаад аваад аль” гэнэ. Тэр минь цөллөгт буйгаа мэдэхгүй ч алим, чихэр нь гэнэт “тасарсныг” ойлгосон хэрэг. Ийм сэтгэгдэл надад ч байв. Сарын 2000 төгрөгийн цалин авдаг байснаа гэнэт л 17 төгрөг 50 мөнгөн дээр буусан. Үүний хооронд асар их зөрөө бий шүү” гэв. Ийнхүү Ц.Лоохууз гуай охиноо зовоохгүй, өөрөө ч дутуу гуцуу амьдрахгүйн тулд хөдөлмөрлөж, удалгүй замын жолоочоор алим, мойл авчруулсан тухайгаа хуучилсан.
Үүнээс ч дутахгүй хөгжилтэй түүх бий. Ардын уран зохиолч, Т. Галсан гуай мөн адил тэмээчин болж цөлөгдөхдөө анд Ц.Лоохуузад ийм захидал бичиж байжээ.
Ачтай нь дэндсэн намынхаа, ухаантай илгээлтээр...
Баян нэгдлийн хоньчин болж суга дэвшсэн,
Бавгар сахалт сайн байна уу?..
. ...Буянтай сүргийг адгуулж өсгөнө гэж
Буур хургалуулж, хуц ботголуулна гэж
Надад, бас танд итгэл хүлээлгэсэн
Нам төрдөө талархаад талархаад баршгүй яа.
                                                                                                                                                1965.04.13
                                                                       Баянхонгор, Жинст сумын ердийн хөсгийн баазын тэмээчин Т.Галсан.
Тэд ийм ёгт утгатай захиагаар хоорондоо харилцаж байжээ. “Тухайн үед энэ захианы хариуг явуулж би чадаагүй. Тэмээн дээрээ гутралгүй байж бай, эрх чөлөө олдох цагт уулзъя гэж захидаг байсан. Бид сэхээтэн, сэтгэдэг хүмүүс байсан. Т.Галсангийнхаа сэтгэх чадвар, бичих авъяасаар бахархаж, баярлаж, шүтэж байсан, би” гэв.
-Таны дуртгалд өгүүлсэнчлэн “Огт гэмгүй мөртлөө 76 хоног шоронд хоригдох, хожим Их Хурлын сэнтийд заларч, Үндсэн хууль батлалцсан 76 хоног”-ийн хооронд хэр том зааг бий бол?
-Зөрүү нь асар их байсан. Үнэний төлөө өнгөрүүлсэн хоног бүр хожим үрээ өглөө. Түмний итгэлийг хүлээсэн тэр он жилүүд би буруу биш, зөв юмны төлөө тэмцэж байжээ гэдгийг надад ухааруулж, цааш явах урам зоригийг өгсөн. -Та хожмоо бүр Монгол Улсын анхны Ерөнхийлөгчид нэр дэвшсэн. Энэ түүхийг сэтгүүлч Б.Нацагдоржийн “БНМАУ-ын сүүлчийн өдрүүд” номоос уншаад сэтгэл хөдөлж байсан шүү. Гэхдээ та тэр индрээс нэрээ татаж буйгаа хэлсэн юм билээ.
-Албан тушаалын төлөө яваагүй ээ, би. Өрх гэрийн амьдралаа өөд татъя л гэж шийдсэн. Би тэр явдлын дараа Засгийн баазаас ГАЗ-24 машин аваад, зургаан жил халтуур хийсэн. Тэгэхэд миний машинд суусан хүмүүс “Яагаад ерөнхийлөгчийн албан тушаалаас татгалзав” гэж намайг зэмлэдэг байсан. Харин сүүлийн 20 жилийн засаг төрийн байж байгааг хараад тэр үед ер нь буруу юм хийжээ гэдгээ ухаарч байна. Би намын хороо төдийгүй нэг яамыг ч тэргүүний болгож чадаж байсан. Төрд очиход надад итгэх хүн ч цөөнгүй байхаар байв. Тэр итгэлийг хүлээж аваагүйдээ одоо жаахан харамсдаг.
-Өнөөгийн улс төр халуунаар амьсгалж байна. Нэгэн цагт тогоонд нь байсан, өдгөө ажиглагчийн байрнаас харахад танд юу бодогддог вэ?
-Заримдаа улс төр биш шиг санагддаг. Улс төр гэж юу байдгийг ойлгодоггүй хүмүүсийн тоглоом болсон юм уу даа. Энэ бүхнийг интернэтээр харж байгаа гаднын хүмүүсээс ичих юм. Зарим нэртэй улстөрчдийн авир яг л жаахан хүүхдийнх мэт харагдах юм. Улстөрч хүн хэзээ ч хиймгүй тийм л эрхэлсэн, нялхарсан авир бууж байна гэв.
Ж.Бүрэнжаргал: УУЧЛАХААС ӨӨР СОНГОЛТ НАДАД БАЙГААГҮЙ
Хүчирхэг эр хүн бүрийн ард хүч, чадлыг нь мэдрүүлдэг, түүнд нь эргэлзээгүй итгэдэг түшиг-бүсгүй байдаг гэх. Магадгүй Ц.Лоохуузын ард гэргий Ж.Бүрэнжаргал нь байсан тул юунд ч бууж өгөөгүй, хувь заяатай тэрсэж, тэмцэлдсэн эр зоригийн нэгэн түүх бүтсэн биз.
Энэ түүх 1964 оны арванхоёрдугаар сарын 29-нд эхэлсэн юм. МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлыг зорин ирсэн олны нэгнийх нь амьдрал үндсээрээ өөрчлөгджээ. Тухайн үед ЗХУ-д аспирантурт сурч байсан Сангийн аж ахуйнуудыг удирдах газрын дарга Ц.Лоохууз тус хуралд үг хэлэхээр өмнөх өдөр нь эх орондоо ирээд байв. Тэрбээр эхнэрээрээ кофе бэлтгүүлж, шөнөжин суун хэлэх үгээ бичсэн аж. “Өвгөн маань бичсэн зүйлээ өглөө нь надад уншуулсан юм. Ю.Цэдэнбал дарга ард түмнийхээ дунд орж ажилладаггүй, тэдний амьдрал дорой байхад сайн сайхан мэтээр ярьж, сурталчилдаг, байнга бэлдсэн зүйл дээр очдог, орос эхнэрийн аяыг даган байнга Орос руу явдаг, эх оронтойгоо ч танилцдаггүй зэргийг шүүмжилсэн байсан санагддаг. Миний бодлоор хэлсэн үг нь тэгтлээ хал балтай, гаж буруу байгаагүй. Гэхдээ хурал дээр Ц.Лоохууз маань бичсэн үгээ уншсан, шууд ярьсан эсэхийг нь би мэдээгүй. Бодож байгаа бүхнээ шууд л хэлчихдэг хүн байгаа юм. Тэр өдрөөс л бүх зүйл эхэлсэн дээ.
Би 18.00 цагт ажлаа тараад гэртээ иртэл тэр ирээгүй байсан. Үдшийн 23.00 болоход ч чимээ алга л байв. Тухайн үед хурлын үйл ажиллагааг радиогоор шууд дамжуулдаг байсан ч тэр өдрийнхийг эхний хэсгээс нь л тасалчихсан. Тэгэхэд манай гэрт миний ач дүү, өвгөний зээ дүү хоёр хамт амьдардаг байлаа. Бид гурав өвгөнийг хүлээнгээ хурлыг радиогоор яагаад дамжуулсангүй вэ гэх мэтийн ойр зуурын зүйл ярилцахын зэрэгцээ санаа зовж, түгшиж эхэлсэн” хэмээн Ж.Бүрэнжаргал хэлээд хэсэг чимээгүй болов. Айсуй өдрүүдийн бараан сүүдэр түүнийг ийн нөмрөн авсан биз. Зурагт, интернэт, гар утасны аль нь ч байхгүй тэр үед зөвхөн зөн совин, мэдрэмж хүмүүсийг хөтөлж байсан гэдэг. Тэгвэл Ж.Бүрэнжаргал гуайн совин мууг зөгнөж байсан тухай ярьсан юм.
Харамсалтай нь түүний мэдрэмж үнэн байлаа. Цагийн зүү 06.00-г зааж, шугамын радиогоор шинэ өдөр эхэлснийг сануулах мэт төрийн дуулал эгшиглэхтэй зэрэгцэн Ц.Лоохууз гэртээ орж ирлээ. “Байхгүй ээ, байхгүй. Бүх юм байхгүй” хэмээн үглэх түүнийг хүлээж асан гурав тал талаас нь тэврэн, уйлахаас өөрийг хийсэнгүй. “Араас тагнаж яваа байх. Болгоомжтой байгаарай” хэмээн тэрбээр хэлэв. Хэдэн өдрийн дараа Ц.Лоохуузыг гэр бүлээр нь цөлөх шийдвэр гарлаа. Том хүүгийнх нь төрсөн өдөр, шинэ жилийн баяр ч үүнтэй давхацсан аж.
-Хөдөө цөлөгдөх шийдвэр танд хүнд туссан уу?
-Мэдээж хэцүү байлгүй яах вэ. Гэвч цөлөгдөх нь нэгэнт тодорхой болсон тул хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх нэрийдлээр сайд, дарга нарын захиалгаар авч руулдаг байсан Румын мебель тавилгаа зарж, ах дүү, хамаатан садан, найз нөхдөө цуглуулж, бяцхан найр хийсэн. Хүү маань нэгдүгээр сарын 1-нд төрсөн юм. Хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, уртын дуучин С.Цоодол тэргүүтэй хүмүүс ирж, шөнөжин хөгжимдөж, дуулж хоносон. Хожим сонсохнээ тэр орой манайд цугларсан хүмүүсийг дуудаж, байцааж зовоосон л юм билээ. Маргаашаас нь биднийг байнга хөөж, амар заяа үзүүлэхийг ч больсон тул нэгдүгээр сарын 16-нд Өвөрхангайн Сант суманд малчнаар хуваарилагдан явсан. Хөдөө, аж ахуйн яамнаас ачааны машин гаргаж, хотын бидэнд хөдөө зохицсон хувцас байгаагүй учраас ах дүү нар хөвөнтэй дээл оёж, эсгий гутал тэргүүтэн авчирч өгцгөөв. Холбооны яаманд ажиллаж байгаад нас барсан төрсөн ахын маань эхнэр өөрийнхөө гэрийг өгч, хэдэн сав суулга, хувцас сэлтээ аваад явсан. Тэгэхэд том хүү маань найм, охин хоёр настай байлаа.
Яамны н.Чулуун гэдэг дарга бага балчир хүүхэдтэй хүмүүсийг яаж ачааны машинд явуулах вэ гээд УАЗ- 469 гаргаж өгч билээ. Ингээд л хотоос явсан даа. Эрүүлийг хамгаалах яамнаас суманд очиж эмийн санд ажиллах томилолт надад өгсөн байсан юм. Өвөрхангай аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргатай уулзахад сумын төвд эмийн санд ажиллах томилолт бас хийж өглөө. Харин өвгөн угаасаа малчнаар хөөгдсөн байв. Сумын төвд очтол гэрээ барих, буух газар олддоггүй ээ. “Зочид буудал” нэртэй жижигхэн байшинд гурав хонох зуур өвгөн зээ дүүтэйгээ буух газар хайгаад л байлаа. Цөлөгдсөн биднээс хүмүүс жийрхэхийг ч хэлэх үү. Тэгж явсаар урд зах руу, борчуудын хороололорхуу газар н.Шоовдор гэдэг эмэгтэйн хашаанд буусан. 2-3 хоногийн дараа өвгөн хуваарилагдсан ёсоороо Ёндон хэмээх малчныд очиж, би хоёр хүүхэдтэйгээ сумын төвд үлдсэн. Хүүгээ тэнд сургуульд оруулж, охиноо гэртээ харж байлаа.
Ц.Лоохууз, Ж.Бүрэнжаргал нар үр хүүхэд, ач зээ нарын хамт
Нэг өдөр намайг захиргаан дээр дуудахаар нь очтол аймгийн захиргааны дарга н.ЭрдэнэОчир ирсэн байв. “Хөдөө гарч, мал маллахгүй юу хийгээд байгаа юм бэ” гэв. “Хүүхэд энд сургуульд сурч байгаа. Тэгээд ч би сумын төвд ажиллах томилолттой ирсэн шүү дээ” гэхэд өөдөөс үг, сүггүй загнаж гарлаа. “Үгүй ээ, би эндээ мэргэжлээрээ ажиллана. Мал дээр гарах ёстой хүн нь гарчихсан. Хүү маань орос цэцэрлэг, сургуулиар хүмүүжсэн учраас хэл, ус муу, Би хажууд нь байна” гэхэд тэр хүн “Юу яриад байгаа юм. Тэр хүүхдээ сургуулиас гарга. Хөдөөнийхөн угаасаа хүүхдээ дөрөвдүгээр ангиас нь гаргадаг байхад чи яахаараа болдоггүй юм. Чамд өгөх ажил ч байхгүй. Хөдөө рүү явахгүй бол хариуцлага тооцно” гэдэг байгаа. Тэр орой өвгөн биднийг эргэхээр ирэхэд нь болсон явдлыг ярилцаад, хүүдээ дуулгатал “Та хоёр яв, яв. Би дотуур байранд сууж байя” гэнэ. Тийм жаахан амьтан ингэж ярьж байсныг бодоход тун хэрсүүжсэн байгаа биз. Тэгээд л охиноо дагуулаад мал руу очсон доо.
-Намын өндөр албан тушаалтны гэргий цөллөгт явж, жирийн малчин болоход юу бодогдож байсан бэ?
-Хэдийгээр эвгүй байсан ч бид хоёр сэтгэлийн дарамт, гутралд ер ороогүй шүү. Буруу юм хэлээгүй, муу зүйл хийгээгүй гэдэгтээ бид итгэдэг байсан юм. Малчин болох юу нь тэгтлээ муу байх вэ. Угаас монголчууд нүүдэлчин, эцэг эх, өвөг дээдэс маань ч малчин байсан гэх бодол давамгайлж байв. Хувь заяандаа харамсаж, сэтгэлээр унасан тохиолдол бараг үгүй дээ. Тушаал, даалгавартай улсыг эс тооцвол хөдөөнийхөн сайхан сэтгэлтэй, тусч хүмүүс. Хүн болгон л манай гэрийнхэнд туслахыг бодно. Түмпэн, түмпэнгээр хөлдөөсөн сүү, хонины хаа гуя авчирч өгөхөөс эхлээд өвгөнд морь, хүүд дааганаасаа барьж өгөх нь ч олон. Бидэнтэй хамаагүй ойртож болохгүй учраас тэд эмээж, голдуу шөнө, оройн цагаар ирдэг байсан даа, хөөрхий. Нэгдлээс бидэнд хонио хариул гэж нэг орилоо тэмээ анх өгсөн юм. Муухай дуутай ч гэж юүхэв. Өвгөн минь гар цүнхэндээ ойр зуурын ном сонин, жижиг халуун саванд аяга кофе найруулж аваад л тэмээгээ орилуулаад яваад өгнө. Нэгэн шөнө нутгийн Дашзэвэг гэдэг хүн ирж, “Шинэ ирсэн хүмүүст бүх юм ховор байгаа” гээд богцноосоо хонины хаа, гуя гаргаж өгөөд “Гадаа нэг хонины морь уясан байгаа. Унаандаа хэрэглээрэй” гэлээ. Гараад хартал сайхан хээр морь байж билээ. Тэгж өвгөн минь өнөө орилоо тэмээнээсээ салсан юм.
Тэрбээр цааш нь 48-ын чихэр, үзэм гурван хайрцаг, “Барбарис”, “Театральный” тэргүүтэн чихэр хэд, хэдэн хайрцаг, хуурай өндөг, тэмээтэй шүдэнз зэргийг нөөцөлж явсан тухайгаа ярьсан юм. Сумын төвд анх очихтой цагаан сар давхцаж, тэндхийн нохойноос бусад нь тэднийд орж ирсэн гэнэ. Хотоос цөлөгдөж ирсэн хүмүүс сонирхлыг нь татсан биз. Орж ирсэн болгонд чихэрнээсээ өгсөөр дууссан аж.
Ж.Бүрэнжаргал гуай өнгөрснийг нэхэн санах мэт хэсэг бодлогширсноо “Тэнэг байж дээ” гэв. Биднийг ярилцах үед тэрбээр цөөнгүй удаа ийн хэлсэн. Өөрийгөө голонгуй ярих тэрбээр бүх ачааг үүрч гарсан ухаантай, хүчтэй хүн болохыг цаг хугацаа хэдийнэ харуулсан. Энэ тухай түүний хань “Хэлмэгдсэн нэр нь над дээр байсан ч үнэндээ хамаг л хүндийг Бүрнээ минь үүрсэн дээ” хэмээн “Ойр гишгэж, хол харж явъя” номдоо бичсэн нь бий.
-Зовлон хүнийг хатуужуулдаг юм болов уу. Эсвэл хүн бүрийн дотор нуугдаж байдаг тэсвэр хатуужил, бэрхшээлийг даван туулах чадварыг зовлон сэрээдэг үү?
-Аль аль нь нөлөөлдөг байх. Тэсвэр, хатуужилтай, хүлээцтэй байх чанар бол аав, ээжээс өвлөсөн хамгийн чухал зүйл болов уу. Аавыг маань нутгийн хүмүүс Жамба гэдэг нэрээр нь огт дууддаггүй, залуучууд “Хэцүү ах”, хөгшчүүл “Хэцүү хүү” хэмээдэг байв. Яагаад ийн нэрлэдэг байсныг мэдэхгүй ч аав бусдын хүндлэлийг хүлээсэн гэдгийг харуулж буй. Ээж минь ч ажилсаг, шударгуу, хичээнгүйгээрээ нутаг усандаа үнэлэгдсэн, нэр хүндтэй хүн байлаа. Тэр бүх сайхан чанар надад өвлөгдсөн гэж хэлэхгүй ч өөрийгөө болон гэр бүлээ асрах, авч явахад минь нөлөө үзүүлсэн нь зүйн хэрэг. Өвгөнийг маань хэлмэгдүүлсэн тэр он жилүүдэд хөдөө амьдрах үед мал маллах ажлаа би хариуцдаг байв. Тухайн үед анзаараагүй хэдий ч эргээд бодоход цөллөгийн хүнд жилүүд, шөнө дөлөөр унтаж, үүрийн гэгээтэй уралдан сэрж ажилладаг байсан нь зүүд мэт. Тэр бүгдийг би яаж давж гарсан юм бол хэмээн өөрөөсөө асуух ч үе бий. Харин хариулт нь аав, ээжийн минь өвлүүлсэн ажилсаг, хатуужилтай байх зан чанар юм.
Ж.Бүрэнжаргал гуай залуудаа тун ч сайхан бүсгүй байсны дээр үеийнхэн нь “Бага Цогзолмаа” хэмээн нэрлэдэг байж. Яг одоо өмнө минь түүний 1950-иад оны сүүлчээр авахуулсан гэрэл зураг байна. Тухайн үеийн моодоор засуулсан тайрмал үс, яралзсан цагаан шүд, сэтгэл татам сайхан инээмсэглэл. Нүдэнд дулаахан энэ төрх нь одоо ч хэвээр. Тэр хоёр анх хөдөө очоод малчны цалин гэж 17 төгрөг 50 мөнгө авч байжээ. Хоёр хөгшин, хоёр хүүхэдтэй нийлээд зургаан ам бүлийг тэр жаахан мөнгөөр яаж тэжээж хүрэлцэх билээ. Тэгээд л наймаагаа эхэлсэн аж. Анх тэд жолооч нарт дотоодын булигаар захиж, гөлөм оёдог байв. Ц.Лоохууз нутгийн хүмүүсээр гөлөм оёхыг заалгаж, угалз ч тавьж сурсан аж. Анхны гөлөм хийх оролдлого бүтэлгүйтсэн бол дараа, дараагийнх сайжирсаар, сүүлдээ “нанжин гахай” гөлөм ч хийдэг боллоо.
Дараа нь Ц.Лоохууз аймгийн төвийн алт мөнгөний дархныг гэртээ аваачиж, нэг сар эмээл хийхийг заалгасан гэнэ. Дараа нь жолооч нарт эмээлийн мод захиж, эмээл хийдэг болжээ. Тэдний эмээл нутагтаа алдартай болсон гэдэг. Хүмүүс тийм бүүрэгтэй, ийм гөлөмтэй гээд захиалж хийлгэнэ. Өвөрхангайн Сантад байхад наймаа хийлээ гэж хэл ам бараг гараагүй тухай Ж.Бүрэнжаргал гуай ярив. Тэрбээр 1971 онд гурав дахь хүүхдээ төрүүлэх гээд хотод иржээ. Хадам эгч нь тусалж байгаад бие нь муудаж, аймгийн төвийн эмнэлэгт өнгөрч, цөлөгдөхөд хоёр настай байсан охин нэгдүгээр ангид элсэж, том хүү дунд сургуульд орох насанд хүржээ. Гэтэл Сант суманд дөрвөн жилийн сургууль л байлаа. Хавар хүүхдээ төрүүлээд ирэхэд өвгөн дунд сургуультай газар бараадья хэмээн Төв Хороонд хэлж, хөөцөлдөж байж арайхийн Хархорины сангийн аж ахуй руу явах эрхтэй болсон” гэж Ж.Бүрэнжаргал гуай ярив.
-Танайхны нүүдлийн дараагийн зогсоол Хархорин байжээ. Тэнд байхдаа “наймаачин” хэмээн цоллуулж, өвгөнийг тань хорьсон гэхээр сайхан дурсамж ховор байх. Энэ бүхэн яг хаанаас эхэлсэн юм бэ?
- Өвгөн сангийн аж ахуйн туслах бригад буюу туулай, гахай, тахиа зэрэг амьтны аж ахуйд тоо бүртгэгч болж, би мэргэжлээрээ ажиллах болсон. Хархоринд таван жил ажиллаж байгаад отгон охиноо гаргахаар хотод ирж, Зурагтад зээ дүүгийнхээ хашаанд ирж суусан. Намайг төрсний дараахан өвгөн маань нэг л удаа эргэж ирсэн. Тэгэхэд манайх машинтай болсон байсан юм. Эмнэлэгт төрчихөөд байхдаа өвгөнийгөө зурагтын хашаанд машинтайгаа ноцолдож байгаа байх л гэж бодсон. Тав хонож, эмнэлгээс гарах цаг болоход намайг хэн ч ирж аваагүй. Орой болохын алдад зээ дүү минь хувцас аваад ирчихэж. Авчирсан хувцсыг нь хартал өм цөм, нэг л биш. Уг нь би эмнэлгээс намайг гаргахдаа аваачих хувцсыг захиж үлдээсэн юм. Нөхөр маань ч байхгүй, түргэний машин гуйж авчирсан байв.
Гэртээ очиход хашааны гадна хүүхдүүд минь зогсож байсан ч Ц.Лоохууз үзэгдсэнгүй. Зээ дүү намайг Андиа гэж дууддаг байв. Хоол хийж зогсонгоо “Андиа танд хэлэх зүйл байна” гэлээ. Би ч палхийгээд л явчихсан. “Ахыг уржигдар бариад явчихсан” гэнэ. Байшингаас гарч машиндаа очтол хоёр хаалгыг нь лацадчихаж. Гэртээ ортол чемодан, авдрыг хүртэл лацдаад явсан байв. Хэсэг уйлж тайвширсны дараа дүү маань “Андиа, юу ч болсон тайван байгаарай” гэлээ. Анх цөллөгөөр явахад гэрээ өгч байсан бэр эгчийн амьдарч байсан Анагаахын дунд сургуулийн багш, ажилчдын дотуур байр газарт орж, очих газаргүй болжээ. Тэр эгч минь охинтойгоо зээ дүүгийнд хэсэг амьдарч байв. Удалгүй хүргэн дүү ирээд “Андиа минь та бидэнтэй хамт бай” гэж байна. Том хүү маань цэрэгт явчихсан байлаа. Гурвын гурван хүүхэдтэйгээ айлд яаж дараа болж байх билээ. Юутай ч гэртээ орж галаа түлье гэж бодоод ортол нөгөөдүүл маань сандралдаад араас ирж байна. Би гэртээ орно хэмээн зүтгэж, тэд ч хаяа манаж, ор дэр засаж өглөө. Өвгөн маань хэрэг хийгээгүй тул байцааж, шалгаж байгаад явуулчих байх хэмээн найдаж, хүлээсээр байв.
Цайгаа чаначихаад, машины чимээ гарангуут харуулдана. Нэг өдөр Ганцхудаг руу авч явсан сураг дуулдсан. Сарын дараа хувцсыг нь солиулна хэмээн дуудсан. Би зээ дүү, бусад гурван хүнтэй хувцас, жаахан хүнс бэлдээд очлоо. Эргэлтийн өрөөнд өвгөнөө харангуутаа л би уйлчихсан. Үсийг нь хусаад, нөгөө муухай алаг хувцас өмссөнийг нь хараад ганц ч үг хэлж чадалгүй, уйлаад л байлаа. Ганцхудагт очсон хүмүүс бөөстдөг гэж дуулаад гэртээ ирэнгүүтээ хувцсыг нь гадаа хонууллаа. Маргааш нь харахад бүх хувцас нь цэвэрхэн байсанд тун гайхаж билээ. Дараа нь сонсохнээ, өвгөн цэвэрлэгээ хийдэг хоригдлуудаас ус гуйж аваад байнга хувцсаа угаадаг байсан гэсэн. Тийм л цэвэрч, нямбай хүн.
-Хэрэг хийгээгүй байхад нь бариад явсан гэж та хэлсэн. Яагаад хорьсны учрыг мэдсэн үү?
-Хархорины сангийн аж ахуйн дарга Гомбосүрэн гэдэг хүн дээрээс даалгавар авсан биз, өвгөнийг хот руу явсны дараа хурал зохион байгуулж, Ц.Лоохууз бол намын эсэргүү, гэмт хэрэгтэн, суусан газраасаа шороо атгадаг ховдог, шунахай хүн гэж хүмүүст ухуулжээ. Хувийн үйлдвэрлэл эрхэлж, дамын наймаа эрхэлсэн хэмээн тэд дээш мэдээлж, өвгөнд зургаан жил хорих, гурван жил нутаг заах ял оноосон доо. Би нялх хүүхэдтэй. Хоёр бага хүүхэдтэйгээ Хархоринд очиж, гэрээ хот руу нүүлгэсэн. Хавар нь Эрүүл мэндийн яаман дээр очиж, ажлаа хийх хүсэлт гаргахад Гандангийн хүүхдийн эмнэлгийн эмийн санд хуваарилсан юм. Ялын зургаан жил өнгөрч, Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд нутаг заагдсан гурван жил нь ч дуусаж, өвгөн ирлээ. Тэр үед цаг үе арай өөр болж, Ж.Батмөнх гуай төрийн тэргүүн болсон тул дээш өргөдөл бичиж үзлээ. Гэтэл бүр дэмий юм болж, бид хоёрыг хоёр өөр газар луу хөөчихдөг юм байна. Өвгөн дахин хөөцөлдөж, хотын захиргаа руу очиж, боож үхнэ гэж байж ганцаараа нутаг руугаа явах болсон.
Энэ үед хүүхдүүдээ бодож, тэд гэрлэлтээ цуцлуулахаар шийджээ. Гэсэн ч гэрлэлтээ цуцлуулсан нь бүхнийг өөрчилсөнгүй. Ж.Бүрэнжаргал хамт ажилладаг бүсгүйчүүдийн тусламжтайгаар охиныхоо төрсний гэрчилгээний овгийг солиулж, гадаад паспорт авахуулан Орос руу сургуульд явуулсан аж. 1980-аад оны дундуур түүнийг үе, үе хөдөө рүү хөөдөг болов. Нэгэн өдөр районы намын хорооны байранд түүнийг дуудаж, хотын захиргаанаас ирсэн дарга нар нь загнаж гарч. Гомдсон, цөхөрсөн тэрбээр “Би 50 гарсан, ядарсан эмэгтэй. Ямар ч хэрэг хийгээгүй. Хэрвээ намайг авч явна гэж байгаа бол яг одоо буудаж үз. Тэгээд хүүрийг минь ачаад явахгүй юу. Тэр өвгөн дээр очлоо ч хэдэн хүүхдээ яаж тэжээх юм. Сумын төвд бидэнд ажил ч олддоггүй. Бид гуйлга гуйх уу? Та нар Монгол улс гуйлгачинтай гэж хэлүүлэхээсээ ичихгүй юү? Ямар ч байсан намайг заавал хөдөө явуулна гэвэл хүүрийг минь ачиж яваарай” хэмээн хэлчихсэн гэнэ. Үхлээрээ ийн айлгасан нь түүнд өөр ямар ч арга байгаагүйг харуулах биз. “Ажил дээрээ очтол эмийн сангийн эрхлэгч миний тухай хүнтэй утсаар ярьж байна.
Сонсвол “Манайх тэргүүний ажилтнаа тийм амар халж чадахгүй” гэж байна. Дарга надтай уулзаж, “Бүрнээ минь, ийм юм боллоо. Гэхдээ би чамайг халахгүй” гэв. Тэдэнд чирэгдэл болоод яах вэ гэж бодсон тул ажлаас гарч, түр гэртээ суухаар шийдсэнээ хэллээ. Тэр ч бүү хэл хоёр бага хүүхдийг минь сургуулиас гаргахаар болж гэнэ. Тэгэхэд Зурагтын 46-р сургуульд бага маань гурав, нөгөө нь долдугаар ангид байсан юм. Гэтэл захирал нь “Хүүхдүүдийг сургуулиас гаргахгүй. Ангийн багш, хичээлийн эрхлэгчтэй нь ярья. Чи хүүхдүүдээ сургуулиас гаргасан гээд л хэлчих” гэхээр нь баярлаад дахиад уйлчихсан. Хэдэн өдөр өнгөрсний дараа Төрхурахын аман дахь Хонхор өртөөний Айргийн эмнэлгийн эмийн сангийн эрхлэгч тэтгэвэрт гарах гэж байгаа тул шинэ хүн хэрэгтэй болсон тухай хамт ажилладаг бүсгүй дуулгав. Ингээд би найз бүсгүйтэйгээ Айргийн эмнэлэгт очиж, эмнэлгийн даргын орлогчтой нь уулзаж, учир байдлаа хэлэхэд уриалгахан хүлээж авлаа.
Гурав хоногийн дараа даргатай нь уулзтал, намайг Ц.Лоохуузын гэр бүлийн хүн гэдгийг мэдсэн ч ажилд авсан юм. Тухайн үед эмийн сангийн эрхлэгч тэтгэвэрт гарах хараахан болоогүй байсан ч надад эмийн сувилагч гэдэг орон тоо гаргасан даа. Ингээд маргааш өглөөнөөс нь ажилдаа орсон. Сарын дараа эмийн сангийн эрхлэгч болж, гурван жил ажилласан. Тэнд нэр хүндтэй сайхан ажиллаад, 1989 онд ардчилалын уур амьсгал орж, паспортоо ч авч тэтгэвэртээ гарсан. Намар нь өвгөн нутгаасаа ирж, бид Дамбад хашаа байшин барьж амьдарсан юм. Өвгөнийг ирээгүй байхад л Энхтүвшин, Бат-Үүл, Баабар нарын залуус зөвлөгөө авахаар ирдэг байлаа. Тэгж л нэг халуун ам бүлээрээ цугласан даа. 1990 оны хоёрдугаар сард өглөө эрт радиогоор өвгөнийг цагаатгасан тогтоол уншсаны дараагаас баяр хүргэсэн олны цуваа тасрахаа больсон доо.
-Танай гэр бүл нийт 25 жил хэлмэгдэж явжээ. Энэ хугацаанд та Ц.Лоохууз гуайг 1964 оны хуралд оролцоогүй байсан болоосой гэж харамсаж байсан уу?
-Үнэнийг хэлэхэд, би хэзээ ч тэгж бодож байгаагүй. Бичсэнийг нь уншиж байхад гаж буруу гэх бодол огт төрөөгүй. Тиймээс ч өвгөнийгөө буруу зүйл хэллээ гэж бодож, харамсаагүй шүү.
-Цаг хатуу байсан ч сайн хүн нь муугаасаа олон байжээ дээ?
-Хэдийгээр бид эсэргүү хэмээн гадуурхагдаж, цөлөгдөж явсан ч тусалж, дэмжиж байсан хүн маш олон бий. Тэр дундаа хөдөөний ард түмэн үнэхээр сайхан сэтгэлтэй. Яах вэ, өмнө нь таньж мэддэг байсан ч нүүр буруулсан хүн цөөнгүй. Гэхдээ тэд эсэргүүний хамсаатан хэмээн цоллуулж, хоолноосоо салахаасаа айсан биз, хөөрхий. Үүнээс гадна огт таньдаггүй ч наашаа гэх, туслах хүн олон байсан юм шүү. Тэгэхээр хорвоод сайн нь муугаасаа олон байдаг юм. Харин миний хамгийн харамсдаг зүйл бол хүүхдүүдийн маань төлөвшил. Тэд маань ухаантай хүүхдүүд хэдий ч хар багаасаа хэлмэгдсэн учраас юу бодсон, санаснаа чөлөөтэй хэлж чаддаггүй, дотроо айдастай байдаг мэт санагддаг юм. Ялангуяа том хүү минь хэлмэгдүүлэлтэд бүтэн өртсөн. Орос цэцэрлэг, сургуулиар хүмүүжсэн хүүхэд гэнэт сумын төвийн сургуульд орж, аав ээжээсээ хол дотуур байранд амьдрах сэтгэл зүйн хувьд ямар байх билээ. Нэг талаар хүүхдүүд минь хэрсүү болж төлөвшсөн ч нөгөө талаар багаасаа гадуурхагдаж, дарамтанд өртсөн дөө.
-Өөртөө үнэнч үлдэх, шударга байх гэдэг таны хувьд юуг илэрхийлдэг вэ?
-Зовлон, бэрхшээл хүнийг хурцалж, хатуужуулдаг юм. Тухайн үед хүнд байсан ч “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг үгийн бодит биелэл, жишээ нь бидний амьдрал болов уу. Ардчилал хэмээх сайхан зүйлтэй учирч, өнөөдөр үр ачаа тойруулаад сайхан амьдарч байна. Энэ бол яах аргагүй шударга үнэний ач гавьяа. Юутай ч цаг хугацаа бүхнийг харуулдаг юм билээ.
Ю.Цэдэнбал агсан тэдний хамаатан байсан тухай би уншсан юм. Мах цусаараа холбогдсон хүмүүсээ олон жилийн цөллөг, гянданд хорьсон түүнийг Бүрнээ эгч уучилсан болов уу? Гэхдээ түүнээс ийн асууж зүрхэлсэнгүй. Харин “Гэр бүлийг хэлмэгдүүлсэн хүмүүсийг та уучилсан уу, эсвэл үйлийн үрээ амсана гэж боддог уу?” хэмээн асуухад тэрбээр:
-“Уучлахаас өөр сонголт надад байхгүй ээ. Учир нь тэр бол цаг үеийн асуудал. Социализм, коммунизмын нэг араншин нь бидэнд буусан биз. Харин одоо би тэднийг уучилсан” гэв. Биднийг гарах үед тэрбээр өнөөх л сэтгэлд дулаахан инээмсэглэлээрээ үдсэн бөгөөд ач, зээ нар нь эмээгээ тойрон, тоглосоор үлдлээ.
 Б.ЭГШИГЛЭН, Ж.ТЭГШЖАРГАЛ         http://mongolnews.mn/w/32030

Monday, July 4, 2011

Л.Түдэв: “Бүтээл гаргах” насандаа “дүн авах” мөрөөдлөөр суралцдаг залуу үетэй болчихжээ


Төрийн шагналт, хөдөлмө­рийн баатар Л.Түдэв гуайн сонинд өгсөн ярилцлагыг хүргэе. 


-Таныг Монгол Ул­сын Ерөн­хийлөгчийн анх­ны сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан тэр үйл явц одоо ч сонир­хол татдаг.

Тухайн үед та олон түмний итгэлийг хү­лээж Ерөнхий­лөг­чөөр сонгогдох магадлал маш өндөр бай­сан. Таны бодлоор ялагд­лын гол шалтгаан юу бай­сан бэ. Сурталчил­гааны үеийн тактикийн алдаа байв уу, эсвэл намын нэр хүндээс болсон уу?

-Улсын Ерөнхийлөгч болохсон гэж огтхон ч мөрөөдөж байсангүй. Учир нь тэр бол мөрөөдөл биш харин ноцтой хүнд алба. Гэвч шинэ Үндсэн хууль, бусад хуулиар сонгуульд намаас нэр дэвшүүлэх шинэ журам тогтсоныг баримтлан МАХН-аас хэд хэдэн хү­ний нэр дэвшүүлсэн до­тор миний нэр орсон юм. Тэрхүү Бүгд хурал дээр хүмүүс нэрээ татсаар бай­гаад миний нэр үлдсэнд намын хамт олны итгэ­лийг бодож нэрээ үлдээ­хийг зөвшөөрсөн. Тэгээд л компа­нит ажил өрнөж ид дундаа орох үед ажиг­лаж мэдсэн зүйл дээрээ тулгуурлан нэрээ татаж авахыг намын удирд­лагад хүссэн чинь зөв­шөөрөөгүй. Хуулийн да­гуу би "Үнэн" сонины ерөн­хий эрхлэг­чээсээ чө­лөөлөгдөж сул нэр дэв­шигч болоод ажиллаж байсан. Миний өрсөл­дөгч бөгөөд өчигдөр нь МАХН-ын гишүүн асан хүн Ардчилсан намд орж нэрээ дэв­шүү­лээд тухайн үед хашиж байсан албаа хашсаар л байсан. Уул нь чөлөөлөгдөөд орлогчдоо юм уу Бага хурлын даргад орлуулах байсан. Хууль ч тийм заалттай. Гэвч тэгээ­гүй. Иргэд бол хэргэм зэргийг дээдлэх зуршил­тайгаа хэвээр бай­сан. Тэгээд л ойлгомжтой шүү дээ.

-Залуучуудын Эвлэлийг олон жил удирдаж байсан уч­раас таныг улс төрийн зүтгэлтэн гэж боддог. Гэхдээ Ерөнхий­лөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргахдаа та чухам ямар байр сууринаас хандсан бэ. Улс орноо өөрчилье гэсэн байр сууринаас хандсан уу, эсвэл өөр шалтгаан байсан уу?

-Залуучуудын Эвлэл бол олон нийтийн байгууллага юм. Тэгэхээр миний ажил олон нийтийн ханд­лагатай байсан. Харин намын бодлогыг дэмжих үүрэгтэй, дайчин туслагч, залуу халаа нь байх тан­гарагтай байгууллага л даа. Гэхдээ төрд нэг их хамааралтай бус. Ерөн­хийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэрийг би биш нам маань гаргасан тул би хүлээн зөвшөөр­сөн. Харин сонгуульд оролцох хөтөлбөрөө би өөрөө боловсруу­лан дэвшүүлсэн юм. "Монголоо Монголын ард түмэн аварна" гэдэг үзлийг л баримталж байсан. Тэр үед Монголыг хэн аврах вэ гэдэгт хүмүүс санаа зовж, "Монголыг газар л аварна"(С.Энхбаяр), "Мон­го­лыг пантейзм л аварна" (С.Эр­дэнэ), "Монголыг монгол ухаан аварна"(С.Баттогтох), "Монголыг хүүхэд л аварна" (П.Батнай­рам­дал), "Монголыг библи судар л аварна"(Р.Баттөмөр), "Монголыг куран судар л аварна"(Рахмет Шынай) гэх мэтээр гол төлөв "Ил товчоо" сонинд бичицгээж байсан цаг билээ.

Миний баримтлал бол "Монго­лоо Монголын ард түмэн л аварна" гэсэн санаа бөгөөд түүнээ хэрэг­жүүлэхэд "өрх бүр үйлдвэр", "хүн бүр үйлдвэрлэгч" болох ёстой л гэсэн төсөөллөөс өөр зүйл бай­гаагүй. Тэгэхдээ "дэвшил гаргахын тулд дэглэм хэрэгтэй" гэж үзээд "ДД" хөтөлбөр хэрэгжүүлнэ гэчихсэн чинь "диктатур тогтоох юм гэнэ" гэж цуурхуулаад миний эсрэг "муна" болгон ашиглацгаасан. Өөр ч бас олон төрлийн явуулга байсан. Тэр тухайд нуршихаа түр түдгэлзэхгүй бол их цаг авчих байх аа. 

-Одоогийн Үндсэн хууль танд хэр санагддаг вэ?

-Одоогийн Үндсэн хууль уг нь ардчиллын шалгуур үзүүлэлтэд олон талаар тэнцэхүйц сайн хууль болсон. Түүнийг "түүхий" байхаас нь эхлээд МАХН-ын Удирдах зөв­лөлийн гишүүний хувьд бүтээлчээр оролцохыг эрмэлзэж "Их цааз" нэртэй эхлэлтээс нь аваад "Үндсэн хууль" гэдэг нэрээр батлалцах хүртэл санаа бодол, үг найруулгын хувь нэмэр оруулж, уг хууль батлах их хуралдаан дээр хэдэнтээ үг хэлж байсан хүний хувьд шинэ Үндсэн хуулийг нэлээд нарийн мэдэх билээ. Харин 2000 онд УИХ-ын хэсэг гишүүдийн санаачилгаар Үндсэн хуульд үгсэн халдаж, "дор­дохын долоон" засвар оруулсны балаг арав дахь жилдээ үргэлжилж байна.

Шинэ Үндсэн хуулийн хамгийн бүрхэг бүдэг хэсэг нь тавдугаар бүлэг буюу "Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц", мөн дөрөвдүгээр бүлгийн 62 дугаар хэсэг буюу "Нутгийн өөрөө удирдах байгуул­лагын тухай" зүйл юм гэж би үздэг. "Цэц" гэдэг нэр зохиогүйгээс "цэц­лэх" төдий газар буй болсон. Уул нь "Үндсэн хуулийн шүүх" гэж байх олон улсын жишигтэй юм. Бас "Орон нутгийн өөрөө удирдах байгууллага" хэмээх нь нэр төдий заалтаар бүрхэгдэн үлдсэн юм. Үндсэн хуулийн нэлээд заалт 18 жилийн турш хэрэгжээгүй учир "мөрөөдлийн хууль" гэмээр болсон гэх үндэстэй юм.

-Улс орныхоо амьдралд болж буй сүүлийн үеийн үйл явдлууд болон улс төр, эдийн засаг хоёр нийлэг байдлаар яваад байгаад та хэрхэн хандаж байна. Мөн олигархийн тухайд?

-Сүүлийн үеийн үйл явдал гэхээр маш олон хэрэг явдал, тэр тусмаа одоогоор тэмтрэгдэх төдий байгаа ч гэсэн мөдхөн тэнгэр ниргэхэд хүрэхээр үзэгдэл олон байна. Заримыг нь дүгнэж хэлэхэд эртдэхээр, зарим нь хэлээд хэлээд нэмэргүй болчихсон хэрэг явдлууд ч цөөнгүй. Ямарваа үйл явдалд хүнээс өөр эзэн байдаггүй. Хүн л гол хөдөлгүүр нь бас гол гэмтэн нь байдаг. Тэр тусмаа олон түмнээс тэднийг төлөөлөн ажиллах эрх мэдэлд сонгуулиар хүрсэн цөөн­хийн үйл ажиллагаа, хэрэг явдал бол "муугийн хор олонд, могойн цус тэнгэрт" гэдэг монгол ардын мэргэн үгийг байнга баримталж явах ёстой, тийм үүрэгтэй. Гэтэл тэдний удаа дараагаар "боловс­руулан баталсан" хуулиуд хийдэл­тэй (цоорхойтой), давхардалтай, өөр хоорондоо зөрчилтэй байсны балгийг тэд өөрсдөө биш өнөөх л тэднийг "сонгосон" олон түмэн үүрсээр ирлээ. Тары нь таниад төлөөллөөс нь татгалзуулъя, эргүү­лэн татъя гэхээр тэр эрхийг нь мөн л хуульд саармагжуулаад хаячих­сан байдаг тул халаглахаас өөр хүртээл сонгогчдод байхгүй нөх­цөлд бид аж төрж байна л даа. Сонгуулийн хууль, тэр ч байтугай Үндсэн хуулийг өөрчлөн сайж­руулах цаг нь аль хэдийнэ болжээ.   

-Зохиолчийнхоо хувьд "Нүү­дэл суудал" романдаа та нийг­мийн шилжилт хүмүүсийн сэтгэ­хүйг хэрхэн өөрчилж байгаа тухай бичсэн. Харин сүүлийн хорин жилийн шилжилт хүмүү­сийн сэтгэхүйд ямар өөрчлөлт авчирсан тухай зохиол бичив үү. Үүнд таны уран бүтээлчийн хандлага ямархуу байгаа вэ?

-Сүүлийн хорин жилийн нийг­мийн шилжилтийн сэдвээр "Төл" гэдэг роман зөгнөлт товчоо бичсэ­нийг 2000 онд "Адмон" хэвлэлийн газар тусгай ном болгон хэвлэн гаргасан. Энэ номын эхний бүлгүүд нь Монголын нийгмийн шилжих сэдлийн эхлэлийн тухай, дараахь бүлгүүд нь юунд хүрч мэдэхийг зөгнөн өгүүлсэн бичлэгтэй юм. Харамсалтай нь уншигчийн ой тойнд бүрэн бууж, бясалгалд хүрэхэд хол байгаа бололтой. 

"Шилжилт" гэдэг үг бол зээлд­мэл ойлголт. Өнгөрдөг зууны эхээр монголчууд хөрөнгөт нийгмийг алгасан эв хамтын буюу социалист нийгэмд шилжих зорилтыг өөрс­нөө ч, өрөөл бусдын шивнээгээр ч сонгож авсан. Түүнд хүрэхэд үнэ­хээр "шилжилтийн үе" хэрэгтэй байсан. Учир нь мөрөөдлийн тэр­хүү нийгмийг байгуулж байгаа гээд ихэд сурталдаж байсан Зөвлөлт Холбоот Улсад тэр нийгэм бүрэл­дэн төлөвшөөгүй яваа тул "хуулах" загвар бараг байгаагүй. Зөвлөлт Орос улс өөрөө ч шилжилтийн гэхээсээ "туршилтын" шатандаа байсан. Түүний баримт нь "хамт­рал", "коммуны" хөдөлгөөн. Мон­голд тэр нь халдаж гучаад оны үед малчдыг яаж хүчээр нэгэн дээвэр дор оруулах гэж оролдож, хичнээн их хохирол үзсэнийг "Нүүдэл суудал" романы маань ахмад насны баатрууд мартаагүй явааг ч цухас дурдаж билээ.

Хамтралжуулах хөдөлгөөн Орост өрнөж их зохиолч Шоло­ховын "Атрыг хагалсан" романд хүртэл тусгалаа олсон. Гэвч дэл­хийн дайн "социализм байгуулах" үйлст нь олон жилээр саад тотгор учруулсан. Дэлхийн дайны дараа цахилгаанжуулалт, атар эзэмшилт гэхчилэн нэлээд салбарт ахиц гарч, нэг хүнийг тахин шүтэх сэтгэлгээ хямарснаас гадна сансар эзэмших үйлст ихэд дэвшил гарч, дэлхийн дайнд ялсан Зөвлөлт Холбоот Улсын нэр хүнд ихээхэн өссөн. Дайны өмнөх жилүүдэд олсон амжилтандаа сэтгэл хөөрөх хандлага коммунистуудын дунд дэгдэхэд "комчваство" (комбар­дамнал) хэмээн шүүмжлэн дарж авсан нь дайны дараахь жилүүдэд өөр түвшинд өөр өндөрлөгт ахин гаарч "өнөөгийн Зөвлөлтийн хү­мүүс коммунизмд амьдрах болно" гэж Зөвлөлтийн удирдагч зарлаад хамгийн түрүүнд талхыг үнэгүй болгосон.

Талх бол манайдаа махтай адил амь зогоох гол тэжээл тул баярласан орос иргэд ам мэдэн зооглосоор тун удалгүй Орос улсын талх тарианы нөөц дуусч, талхаа дахин үнэлсэн билээ. "Ком­мунист сайрхал" нь бодот ахуйгаас дээш хол тасарсан хий үзэгдэл байсан болохоор Зөвлөлт Холбоот Улс гэнэт "коммунизмд шилжих" бодлоосоо зуун хувь эргэж зүгээ өөрчлөхөд хүрэхэд манайхан ч дуурайж мориныхоо жолоог эр­гүүлсэн.

Гэхдээ хүн ард хөрөнгөжөөгүй, үр хүүхэддээ өвлүүлэх өв хөрөнгө гэх юмгүй, наймаа панзанд гавиа­гүй, бэлэнчлэх муу зан сурсан хүмүүс гэв гэнэт америкийн ав­хаалж, японы овсгоо, хятадын ажилсаг чанарт шууд шилжихэд амаргүйн дээр урьд цагт "социа­лизм" гэж байгуулагдаагүй яваа юманд "шилжих" гэж бараг хагас зуун жил зарцуулсан болохоор одоо нэгэнт байгуулагдаад бараг хоёр зуун жил болсон хөрөнгөт нийгэмд шилжих нь уул нь амархан мэт боловч хөрөнгөгүй, овсгоогүй, санаачилгагүй хүмүүс хэлсэн төдий хийчихдэг ажил биш юмсанжээ. "Шилжилт" тэгээд монгол маягаар хорин жил үргэлжилсээр л...

"Шилжилтийн" гээд авгайлаад буй энэ жилүүдийн бэрхшээл, тул­гамдсан асуудлуудаар олон тооны эссе бичиж "Дал" болон бусад сонинуудад нийтэлсээр ирсэн маань "Бүтээлийн чуулган" 33 ботийн минь 17, 18, 19, 26, 31, 32, 33 дугаар ботиудад орсон билээ. Хүн амын цөөнх биш дийлэнх олонхийг хөрөнгөжүүлэхийн тулд жижиг, дунд үйлдвэрүүдийг газар сайгүй дэмжиж, "өрх бүр үйлдвэр", "хүн бүр үйлдвэрлэгч" гэсэн уриаг хэрэгжүүлэхэд төр засаг идэвхтэй ажил хэрэгчээр туслах юм бол зах зээл ойрхон байнаа.        

-Улс төр, эдийн засаг, нийг­мийн өнөөгийн амьдралыг та хэрхэн харж байна вэ?

-Өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралыг дүгнэх гэдэг бол хэтэрхий мэдэмхийрсэн хэрэг болно. Тэр тусмаа ганц нэг хүн амны зоргоор хэлчихдэг зүйл биш. Нүүж байгаа айлыг гэрээ бариагүй яваа үед нь сайлаад ч, муулаад ч хэрэг байхгүй. Харин ачаа нь хазайж, чирэгдэж байгаа бол хэлэх л учиртай. Болж бүтэж байгаа юм их бий. Ганган тэрэг уначихсан, гар утас барьчихсан, гадаад улсаар хэсүүчилчихсэн, газрын наймаа эрхэлчихсэн, гарын бэлтэй болчих­сон монголчууд урд цагт хэзээ л ийм олон байлаа. Хог новш ухчих­сан, хонгил нүхэнд хоноглочихсон, хоолны шавхруу тамшаалчихсан, хоёр гараа тосчихсон монголчууд урд цагт хэзээ л ийм олон байлаа. Архинд донтчихсон, авгай хүүхдээ­сээ салчихсан, ажил хөдөлмөрөөс төсөөрчихсөн, аваар осолд өртчих­сөн, аллага зодоонд гаршчихсан, аав ээжийгээ гөвшчихсөн, авлигад амташчихсан монголчууд хэзээ л ийм олон байлаа. Ингээд бодоод, яриад байвал "түргэн тусламж" дуудахад хүрч мэдэх буйзаа.

Ажилгүйг нь ажилтай, авиргүйг нь журамтай, арчаагүйгий нь ас­рамжтай, авлигачдыг нь хазаартай болгоход төр, засаг хүчин мөхөс­дөж байна уу гэдгийг л тунгаан бодох хэрэгтэй юмсан даа.

-Таны уран бүтээлийн тухай ярина гэвэл маш өргөн хүрээнд ярих болно. Гэхдээ энэ удаа "Хорвоотой танилцсан түүх" тууж, "Оройгүй сүм" "Нүүдэл суудал" романы тухайд ярилц­маар байна?

-Нэрлэгдэж буй гурван зохиол гурвуулаа баримтат уран сайхны аргаар бичигдсэн юм. "Хорвоотой танилцсан түүх" гэдэг тууж уул нь гурван дэвтэр юм. Гэвч эхний дэвтрийг нь л хүмүүс илүү яриад байдаг. Тэр дэвтэрт Хантайширын нуруу, Овоо нуруу, Ар, Өвөр голд өнгөрүүлсэн бага насандаа то­хиолд­сон үнэн явдлуудыг л тэр хэвээр нь ой ухаанаасаа цаасан дээр буулгаад л хуулан биччихсэн юм. Өнгөрсөн зууны гучаад оны үед хөдөөгийн малчны хүүхдүүд гол, горхины усанд элэгдэж мөлий­сөн өнгө өнгийн чулуугаар л "гэр барьж" тоглодог байлаа. Өөр тог­лоом олддоггүй байсан цаг юм. Тэрнээс болоод чулуунд дуртай болж улмаар эх орондоо эх нутаг­таа хайртай болдог юм билээ. Дэлхийн дайны жилүүдэд бага сургуульд сурагч байсан үед үзэг, бэх, цаас олддоггүй байсан цаг. Аав маань бэхний шилэн савыг дуурайлгаж, хаягдал бурхны эр­хий хуруугаар зэсэн сав хийж өгсөн юм. Тэр зэс саванд хармагны жим­сийг хандалж хар ногоон бэх "үйлд­вэрлэн", сонины захыг хайчлан авч үдсэн нарийхан "дэвтэр" дээр бичдэг байлаа. Дайны үеийн хүнд жилүүд хүүхэд биднийг багаасаа хэрсүүжиж, юмаар юм хийхэд сур­гаж, ариг гамтай, даруу энгийн амьдрахад бас нөлөөлсөн юм. Тэр тухайд болсон явдлыг уул туужид өгүүлсэн. Гэхдээ аль болох хөг­жөөнтэй талаас нь харуулахыг зорьж билээ. Тэр нь зохиолч нөх­дөд маань таалагдсан юм уу, П.Лув­санцэрэн "Борзооны явдал", Ш.Гаадамба "Багын явдал", Ц.Дам­динсүрэн гуай "Жомбоо хүүгийн намтар" гээд л бага насаа дурсац­гаасан цуврал ар араасаа хөв­рүүлж билээ.  

Харин "Оройгүй сүм" романыг маань хэн ч даган давтсангүй шиг санагддаг юм. Уул нь Хантайши­рын нурууны ар, өвөр хоёрт бай­сан хоёр хүрээ хийдийн Өврийн хүрээ буюу Буян Залбирахын хий­дийг барьж байгуулаад оройг нь сайн гүйцээж чадалгүй орхисон түүхэн үйл явдлын тухай өгүүлсэн юм. Тэр үйл явдлыг намайг бага байхад манайд айлчилж хонон өнжин явдаг ахмадууд өөр хоорон­доо ярьцгааж нэг бус удаа дурсан хүүрнэж байсныг би нэгд нэгэнгүй тогтоон цээжилж авснаа хожим роман болгон бичсэн билээ. Гарч буй үйл явдал, хүмүүс нь цөмөөрөө байсан, болсон хэрэг, гагцхүү цааснаа найруулан буулгах ажлыг нь л би хийсэн боловч тэр бүхнийг нүдээр үзэж, биеэр оролцож явсан этгээд юм уу гэж намайг сэжиглэхэд хүргэсэн бололтой.
-"Нүүдэл суудал" романы баатрууд бодит хүмүүс гэдэг байх аа? 

- "Нүүдэл суудал" романы ту­хайд бол намайг хөдөө нутагт багшилж байх үед болсон үйл явдлыг  заримд нь оролцож байж бичсэн. Гурван гол баатар Доо­хүү (Лодойхүү), Сүрэн (Цээсүрэн), Маг­най (Дүгэр) нар бол одоо ч байгаа, бодот, нэр цуутай хүмүүс юм. Тэр үед аймгийн орлогч дарга байсан Гомбын Лодойхүү гуай өөрөө сана­лаа өгч нэгдэл байгуулахаар хөдөө гарч Халиун сумын суурийг тавьж "Коммунизмын төлөө" нэгдэл ("Эв хамтын төлөө" гэж романд гардаг) байгуулан ажиллаж олон санаа­чилга гаргаж улмаар Хөдөлмөрийн баатар болсон юм. Нөгөөх Сүрэн дарга буюу Цээсүрэн гуай бол тус нэгдлийн тулгын гурван чулууны нэг байж, намын байгууллагыг удирдан удаа дараа гавьяа бай­гуулж, одон тэмдгүүдээр шагнаг­даж явсан хүн. Тэр хүн одоо айм­гийнхаа ахмадын байгууллагыг удирдаж байна. Гурав дахь баатар буюу сум-нэгдлийн Эвлэлийн үүрийн дарга Магнай нэрээр зо­хиолд гардаг хүн бол одоогийн ардын багш Ж.Дүгэр бөгөөд түмний үр хүүхдийг асран өсгөх гавьяат үйлсийг насан турш хийсээр яваа.

Сум нэгдэл байгуулагдсанд баяр хүргэж бичгийн машин, "Мал­чин" гэдэг бяцхан хүлээн авагчаа миний бие илгээхэд Эвлэлийн үүрийн дарга Дүгэр хүлээн авч ганзагалаад Хүн чулууны давааг давж одсон билээ. Тэр бичгийн машины "Ө", "Ү" үсгийг монгол дархан гараар хийсэн бас "Харбин дахь Оросын консулын машин" гэсэн алтадмал үсэгтэй, өнөөгийн бичгийн машинаас их өөр, үсэг нь дээрээсээ доош бууж цаасан дээр гардаг сонин зүйл байж билээ.

Ийнхүү "Нүүдэл суудал" рома­ны бусад баатрууд зоотехникч Чавчиг (уг нэр нь Чавчигбазар) болон бусад бараг бүх хүний дүр нь цаанаа эзэнтэй, тэр ч байтугай Ардын их хурлын дарга Ж.Самбуу гуайд өргөсөн заргын бичиг хүртэл байдаг их зөрчилтэй  үеийг харуул­сан тул зарим баатар нь агсам тавьж байсан ч удаатай. Түүхэн романуудыгаа ч гэсэн яг л бодот баримт, болсон явдлыг харуулахыг би эрмэлзсээр ирлээ. 

-"Оройгүй сүм" романыг буд­дын гүн ухааны хамгийн нарийн ёс жаягаас авахуулаад гүн ухаа­ных нь дотоод мөн чанарыг гаргаж бичсэн зохиол гэж хүлээж авах хэсэг уншигч байхад нөгөө хэсэг нь шашныг хий хоосон, хэрэггүй зүйл гэж харуулахыг зорьсон зохиол гэцгээдэг. Тухайн үед та буддизмыг тийм гүнзгий судалсан байсан уу? 

-Буддагийн сургаал бол энэ дэлхийн зонхилох гурван том шаш­ны ах буюу анхдагч нь юм. Гэхдээ монголчууд үүнээс бүүр өмнө өөрийн гэсэн шүтлэгтэй бай­сан. Бас өөрийн гэсэн шүтээн бурхантай түүнээ тэнгэр гэж нэрлэ­дэг нь өнөө хүртэл хэвээрээ байгаа болохоор өмсдөг дээл хувцас­наасаа эхлээд л бурхны буюу хожмын нэрээр ламын шашин нь мөн л "өргөмөл" үзэгдэл гэдгээ өөрөө хэлээд байгаагаар барахгүй номлол нь бүрэн монголчлогдоо­гүй, бас монголоор уншлага үйлдэхгүй шахам явсаар шинэ зууны босго алхжээ.

Ойлгохгүй байгаа юмандаа хүн хоёр янзаар ханддаг. Нэг бол үл тоомсорлодог, нэг бол шүтэн би­шир­дэг. Аль алин нь буруутгах аргагүй үзэгдэл. "Бүх юм хоосон" гэсэн номлолыг бурхны шашин барьдгаас "хоосон чанарын ном­лол" гэгдсэн байдаг. Эцсийн дүн­гээр яривал үнэн үг. Ойрын дүнгээр яривал үнэн бус үг юм. "Эрдэмд оройгүй" гэдэг санааг л "Оройгүй сүм" романаар хэлэхийг зорьсноос өөр бодол агуулаагүй бичсэн тэр номыг уншигч бүр өөрийнхөөрөө цэгнэдэг бололтой юм.

-"Хорвоотой танилцсан түүх"-ийг гадаадын олон хэл дээр орчуулсан. Гадаад уншигчдын талаар танд ямар мэдрэмж, сэтгэгдэл төрсөн бэ?

-Хорвоотой танилцах үйл явц нь хүн болгоныг насан туршид нь дагалддаг. Учир нь хорвоо гэдэг бүрэн танихуйяа хэцүү, асар өргөн ойлголтын нэр. Гэхдээ бага насанд анх танилцсан "хорвоо" шиг мартагддаггүй юм байдаггүй. Хүн өндөр насандаа туулсан замаа эргэн дурсахад бага залуу насных нь явдал маш тод хурц бас гэрэл гэгээтэй үлдсэн байдаг атлаа сүү­лийн үеийнх нь бүдэгхэн санагддаг ажээ. Миний номнуудын дотроос бараг хориод гадаад хэлээр ор­чуулагдан гарсан зохиол юм боло­хоор гадныханд сонирхогддог биз ээ л гэж бодох юм.

-Романыг та анх хорин гурав­тайдаа бичиж эхэлсэн байх юм. Хорин гуравтай залууд ро­ман бичих ямар байсан бэ. Тухайн үеийн сэтгэгдэл болон одоо тэр үеэ эргэн бодоход ямар бодол төрдөг вэ?

-Хорин гурван нас гэдэг бол нэг их залуу нас биш. Өрнөдийн том эрдэмтэд хорь гаруй насандаа л том том нээлтээ хийсэн байдаг. Хөгжмийн зохиолчид бол түүнээс ч эрт нэрд гардаг. Манай нөхцөлд бол хүүхдийг цэцэрлэг, сургууль, их дээд сургууль гэж бага балчраас нь эхлээд ширээний цаана багшийн өмнө "номхон" суулгаж, багшийн заасныг давтан хэлүүлж муу, дунд, сайн, онц гэсэн дүн өгсөөр байгаад 25 жилийг нь яг л ийм суугаа бас багшийн үгээр "тотьчилсон" ярьдаг хүн болгочихдог тогтолцоо хагас зуун жил ноёрхсон тул "нээлт хийх", "бүтээл гаргах" насандаа "дүн авах" мөрөөдлөөр суралцдаг залуу үетэй болчихсон.

Одоо бүр чамлаад "12" жилийн сургалт буй болгожээ. Тэрнээс өмнөх үед бага, дунд, багшийн сургууль төгсөж 12 жил хожсондоо л олзуурхаж явдаг даа. Тэгээгүй бол юун роман  бичих. Цээж бичигт дарамтлуулаад өнгөрөх байсан хугацаа шүү дээ.

-Таны удирдаж байсан "Хаа­дын сан" цуврал одоо юу болж байгаа вэ. Тэр хөтөлбөр хэрэг­жээд дуусчихсан уу?

-"Хаадын сан" гэдэг олон нийтийн санаачилгын нэгэн хэлбэр үүссэнээс хойш 14 дэх жилийнхээ нүүр үзэж байна. Энэ бол ашгийн бус ер нь соён гэгээрүүлэх чиглэ­лийн төрийн бус үүсгэл санаачилга юм. Монголчуудын өнөө үеийнхэн ганцхан Чингис хаанаа(тэрийгээ ч нарийн сайн мэддэггүй) өмнөө барин бардамнах дуртай болсон боловч зөвхөн Хүннү гэгдсэн Хүн улсын их эзэнт төр байгуулагдаад даруй 2220 жилийн ой болох гэж байхад энэ хооронд төр барьсан хаадаа сайндаа л нэрнээс цааш мэдэхгүй байна. Үүнд хариу өгөхөөр "Хаадын сан" Монголын 100 хаан, найман богдын товч намтар цуврал гаргахаар санаа шулуудаж одоо найман богд, тавиад хаадын товч намтрыг нэрт эрдэмтдээр бичүүлэн гоёлын чу­луун шигтгээ, гэргээ чимэгтэйгээр хэвлүүлэн гаргаад байна.

Нэг ном гаргаад түүний орло­гоор дараахь номоо хэвлүүлж "хойт хормойгоороо урд хормойгоо нөхөж" явна. Төр засаг үүнд бараг анхаардаггүй гэхэд хилсдэхгүй. Харин уул сангийн гүйцэтгэх захи­рал соёлын гавьяат зүтгэлтэн Дугарсүрэн гэдэг ганц "зүтгүүртэй" гапий улаан мөнгөгүй айл. Бүтээ­лийн зөвлөлийн Ерөнхий эрхлэгч нь би юм л даа. Одоо цаана нь тавиад хааны намтар дутуу байгаа юм.   

-Таныг цагаа маш нарийн хуваарилж ажилладаг байсан тухай цөөнгүй сонсч байсан. Тэр тухайгаа ярьж өгөхгүй юу. Одоо өөрчлөгдсөн үү?

-Өдөр, шөнө, өглөө, үдэш ээл­жил­сээр байх тул цагийн хуваа­рийг өөрчлөх аргагүй. Гэхдээ өд­рийн найман цаг ажиллах хөдөл­мөрийн хуультай. Гэвч одоо би сул иргэн тул элдэв хурал, цуглаан, шоу зэрэг цаг идэгчийн эрхшээлээс гарсан. Одоо миний цагийг "улс төр биш уран бүтээл" эрхшээж байгаа. Харин "Дал" сонин л цагаас минь уншигчдын эрхшээлээр нэлээн авдаг. Миний цагийн хуваарь өмнө нь улсаас тогтоосон хөдөлмөрийн цагт л захирагддаг байсан. Ажил­даа цагтаа ирж, цагтаа явах хуу­лийг биелүүлдгээс өөр онцгой юм байхгүй асан. Одоо бол анд нөхөд, таних танихгүй хүмүүс л цагаас маань үе үе хумсалчих гээд байдаг. Нөгөөтэйгүүр, нас ахих тусам цаг үнэтэй бас бага болоод байгааг тоохгүй явж  болохгүй биз дээ.

-Хүмүүсийн харж байгаагаар та маш нарийн дэг, хуваарийн дагуу амьдарч ирлээ. Энэ нь танд уйтгартай биш байх л даа. Ийм дэглэмд та хэрхэн суралц­сан бэ?

-Цаг хугацаа гэдэг бол энэ хор­воо­гийн цорын ганц дарангуйлагч бас хэмжээгүй эрхт засаглал юм. Чулууг хүртэл цаг хугацаа хөгш­рүүлж өгөршүүлдэг юм. Хүнд бол энэ нас ганцхан удаа л заяах тул тэр хөрөнгөө зөв, ариг гамтай зарцуулах ёстой. Нүүдэлчин ов­гийн өв уламжлалаар амьдарч ирсэн өнөөгийн бидэнд цагийн тухай ойлголт их өөр байсан.

Цаг хожих ганцхан л арга байдаг. Тэр нь "богино хугацаанд их юм хийх" арга. Суурин соёл иргэншлийнхэн бол "автоматжуу­лах" аргаар бага цагт их юм хийдэг болсон. Монголчууд бидэнд бол "автоматжуулах" арга саяхнаас л харагдах болсон.

Тэгэхээр бага цагт их юм хийх миний бодож олсон арга бол дав­хар мэргэжил эзэмших асуудал байв. Тэгээд би нэгд, багш, хоёрт, зохиолч, гуравт, сэтгүүлч, дөрөвт, олон нийтийн зүтгэлтэн гэсэн давхар ажилд зүтгэж эхэлсэн. "Цөөхөн монголчууд бид нэг хүн гурван хүний ажил хиймээр байна" гэдэг саналыг дээр үед дэвшүүл­сэн. Гэхдээ тэрнээ өөрөө нотлохыг зорьсон. Одоо бол би зохиолч, сэтгүүлч, судлаач гэсэн гурван "чөдөртэй" байгаа. Тэр маань дэмий тэнүүлдэггүй юм. Бүтээлийн маань чуулган тус бүр нь 400-500 хуудастай 33 боть болон хэвлэгд­лээ. Саяхан сүүлчийн боть "Цагийн царай" нэртэй 574 хуудас ном гарлаа. Харин багшлах, улс төрд зүтгэх, олон нийтийн зүтгэлтний албаа насны эрхээр орхиж байна даа. Хоёр гартай мөртлөө гурван төрлийн ажил хийхээр ер нь уйдах байтугай сул зогсох зав гардаггүй юм билээ.     

-Сэтгүүлзүйд оруулсан таны хувь нэмрийн талаар яриад яах вэ. Харин сэтгүүлзүйн өнөөгийн амьдралыг та хэрхэн харж байгаа вэ?

-Тавин жилийн тэртээд сэтгүүл­чийн сүрэгт нэгдэн орсон цагаас хойш энэ ажилд зүтгэж явна. Өнөө­гийн сэтгүүлзүйн тухайд бол Үндсэн хуулиар олгогдсон "олон ургальч үзлийн" шилжилтийн үеийг сэтгүүлзүй, сэтгүүлчид үзэж байх шиг вэ дээ. "Олон санаат оргож чаддаггүй" гэж дээр үеийн мэргэн үгийг санууштай. 

-Нийгэм таныг бүхэлдээ соён гэгээрүүлэгч гэж хүлээж авдаг. Гэхдээ та нэг бол нийгмийн зүт­гэлтэн ч юм шиг, улс төрийн зүтгэлтэн ч юм шиг харагддаг. Чухам аль талаас нь өөрийгөө хардаг вэ?

-Соён гэгээрүүлэгч гэдэг үг бол уул нь зээлдмэл нэр томъёо. "Просветитель" гэдэг үгийг шууд аваад л "духан дээр" наачихсан гэсэн үг л дээ. Нийгмийн зүтгэлтэн, улс төрийн зүтгэлтэн гэсэн үгнүүд ч бас зээлдмэл шинжтэйгээс гадна урсан өнгөрөх үзэгдлийн нэр. Яагаад гэвэл нийгэм нэг байран­даа тогтчихсон цөөрөм биш. Ний­гэм гэдэг хүмүүсээс бүрддэг. Тэгэ­хээр хөгжил, хөдөлгөөнтэй үзэгдэл. Тогтонги байгаад байвал аливаа юм чанараан алдаж, өгөршиж, мууддаг. Нийгмийн зүтгэлтэн бол мөн л тийм шинжтэй бөгөөд нийг­мийн хөдөлгөөнд хэр зэрэг оролц­догоороо л ялгардаг. Гэхдээ урт настай биш. Нийгмийн зүтгэлтний урт нас бол ердөө л 12 жил байх нь олонтаа.

Ер нь ч аливаа нийгэм арван хоёр жилийн дотор шинэчлэгдэж дуусаад дараачийн шинэчлэгч юм уу, шинэчлэлийг шаарддаг. Ма­найх 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлан түүнийхээ дагуу шинэчлэл хийж эхлээд байтал гадны нөлөө их тусч, нийгэм үймэрч 16 жилийн дараа Үндсэн хуулиа шинэчлэхэд хүрсэн. Шинэ зүтгэлт­нүүд ч төрж гарсан. Гэтэл ахиад 12 жил өнгөрөхөд мөн л нийгмийн нөхцөл байдал өөрчлөгдөж ши­нээр сэтгэгчид гарч ирээд "сэхээт­ний төөрөгдөл" гэгдэж бас сон­гуулийн шинэчлэл хийхээс аргагүй болсон. Тэр бүхний дунд шинэ уур амьсгал нэвтэрч эхэлснээр нэг хэсэгтээ "тайвширсан" боловч гурав дахь Үндсэн хууль хэрэгтэй болсон. 1960 онд гурав дахь үнд­сэн хуулиа боловсруулан "Бүгд Най­рамдах Монгол Ард Улсын зорилго бол социализмыг төгөл­дөр бай­гуулж цаашдаа коммунист нийгэм байгуулах явдал мөн" гэж заасан юм. Гэвч энэ Үндсэн хуульд гурван жилийн дараа анхны өөрчлөлт оруулж ахиад гурван жилийн да­раа хоёр дахь, ахиад гурван жи­лийн дараа гурав дахь, дөрөв дэх, нэг жилийн дараа тав дахь, зургаа дахь, жилийн дараа долоо дахь, жилийн дараа найм дахь, жилийн дараа ес дэх, таван жилийн дараа арав дахь, хоёр жилийн дараа арван нэг дэх, жи­лийн дараа 12 дахь, хоёр жилийн дараа 13 дахь, зургаан жилийн дараа 14 дэх, жилийн дараа 15 дахь, хоёр сарын дараа 16 дахь, дөрвөн сарын дараа 17 дахь засвар, нэмэлт өөрчлөлт хийхэд 1990 оны есдү­гээр сар гарчихсан байлаа.

Ийнхүү гурав дахь Үндсэн хууль 17 удаа их бага засварт орсноороо манай улсын үндсэн хуулиудын дотроос хамгийн олон "нөхөөс" тавиулсан нь 1992 оны дөрөв дэх Үндсэн хууль шаард­лагатай болсны "түүхэн гэрчээр" үлджээ. Зайлшгүй шинэ Үндсэн хууль шаардагдсан хэрэг. Тэгээд л одоогийн мөрдөж буй дөрөв дэх Үндсэн хууль төрж, өнөөг хүртэл 18 нас наслаад байна. Гэвч найман нас хүрэв үү, үгүй юу 2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд түүнд дахин өөрчлөлт оруулж "долоон" нөхөөс тавьсан билээ. Нийгмийн зүтгэлтэн, улстөрч нар Үндсэн хуулийг даган мөрдөх ёстой учир тэд "журамлагдсан" сэтгэлгээтэй байдаг. Тэрнээс гаж­вал "тэрс үзэлтэн" цол хүртдэг нь түүхэн турш илэрхий болсон зүйл юм. Харин эрдэмтэн гэдэг бол баталгаатай зөвшөөрөх үнэний эрэлчин байх тавилантай. Дэв­шүүлсэн онолоо нотолж чадахгүй бол тэр эрдэмтэн биш. Зохиолч хүн бол эрдэмтнээс үүгээрээ өөр сэтгэл­гээтэн учир зохион бичдэг, тэгээд л зохиолч гэгддэг юм.

Гэхдээ хүн төрөлхтөн зохиомол зүйлд хууртагдахаа больж барим­тат уран өгүүлэмжийг сонирхох эрин зуунтай нэгэнт золгожээ. Тэрнээс үүдээд сэтгүүлч нарын ханш өслөө. Сэтгүүлч бол "сэтгэгч" гэдгээс гаралтай үг. Сэтгүүлч хүн бодот байдлыг яг байгаагаар нь уран сайхны хэл найруулгаар дүрслэн бичих болсноос уран зохиолыг баримтат уран зохиол шахан "жийдэг" болоод байна. Тэр тухайд өнгөрсөн XX зууны дунд үед зохиолчдын хурал уулзалтууд дээр би хэлж ярьж л байсан. Харин уран бүтээлдээ бол тэр зарчмаа барь­саар ирлээ.        

-Аав, ээж, өөрийн өвөг дээд­сийнхээ тухай та нандин дур­самжаасаа хуваалцахгүй юу?

-Аав маань малчин, анчин, дараа нь гар үйлдвэрийн ажилчин болж мужааны мэргэжил эзэмшээд түүгээрээ бүх амьдралаа дүүргэ­сэн. Ээж маань мөн адил зам туулсан. Гэхдээ мужаан биш, ээж байсан. Харин гүн угсаатай хүн байсан юм билээ.

-Таны номын их ажилд гэр бүл, үр хүүхдүүд тань тусалдаг уу. Ямар хэлбэрээр?

-Номын ажлаас өөр өөр мэргэ­жил эзэмшсэн учраас хүүхдүүд нэг их оролцдоггүй. Харин номын санчийн хувьд авгай маань миний "менежир" болдог. Бас ном хэвлэл, мэдээлэл олоход тусалж, бүтээ­лийн чуулганыг эмхэтгэн бүрдүү­лэхэд тусалдаг. 

-Хэвлэл мэдээллийнхэн бо­лон залуу зохиолчид ч юмуу ер нь залуус тантай уулзаж ярил­цахыг хүсдэг ч та үүнд цаг гар­гадаггүй. Хүмүүстэй та яагаад уулздаггүй юм бэ?

-Залуус надтай уулзах гэж биечлэн санал тавих нь ховор. Уулзалт гэдэг бол цаг идэх болов­сон хэлбэр. Уулзсан хүний үрсэн цаг дээр уулзалтад оролцсон олон хүний зарцуулсан цагийг нэмбэл нэг уулзалт их үнэтэй. Гэтэл тэр гарзыг нөхөхөөр юм ярьж өгөхгүй бол бүүр ч хохиролтой. Бас хүний яриаг нэг чихээр сонсоод нөгөө чихээрээ гаргачихдаг хүмүүст бол цаг улам ч хайран болдог юм. 

-Та ихэнхдээ багш, дарга гэх мэт конторын ажил хийж байсан. Гэсэн хэрнээ, өргөн хүрээтэй уран бүтээлийн сан хөмрөгөө яаж бүтээгээ вэ?

-Багш байхад хүүхдүүдийн дунд цаг өнгөрөхийг мэддэггүй явлаа. Тэдэнд марк Твений зохиолуудыг ярьж өгдөг байлаа. Тэр үед мон­голч­логдоогүй байсан романуудыг бүлэг бүлгээр нь ярьж өгдөг сөн. Тэдгээр шавь нарын маань дотроос С.Лочин, С.Пүрэв, Д.Цахилгаан, Т.Юмсүрэн, Ж.Гал, Б.Дорж, Ш.Ша­жинбат, гэхчилэн арваад зохиолч хожим төрж гарсан байдаг. Залуу­чуудын байгууллагыг удирдаж байх цагт залуус, хүүхдийн дунд голдуу ажилласнаас биш конторт суух нь гол биш байсан билээ. Хүмүүс хаана ч байдаг тул тэдэнтэй уулзах нөхцөл бүрэн хангалттай. Гагцхүү хүний ярианд анхааралтай хандаж, авах гээх юмаа олох нь чухал. 

-Сүүлийн үед уран бүтээлд тань ямар өөрчлөлт хийгдэж байгаа вэ? 

-Сүүлийн үед зүсээ хувилгах хэрэгцээгүй тул хуучнаараа л өгүүл­лэг, тууж, нийтлэл бичиж байна. Харин баримтат, асуудалт нийтлэлд л гол үгээ зориулж байна даа. 

-Таныг нарийн бичгийн дар­гаараа хэзээ ч эмэгтэй хүнийг сонгож ажиллуулж байгаагүй гэж сонсч байсан. Үүнд ямар шалтгаан байсан бэ?

-"Нарийн бичгийн дарга" гэдэг нэр томъёо бас л зээлдмэл хуул­бар юм. Томоохон дарга нар энэ албанд хүүхнүүдийг голчлон ажил­луулдаг нь бүүр зуршил, бас орос өвчин юм. Би ердөө л хоёр то­хиолдолд "нарийн бичгийн дарга" гэдэг туслагчтай байлаа. Нэгд, Эвлэлийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байхад (өөрөө нэгдүгээр нарийн бичгийн дарга, үүдэнд суудаг нь бас "на­рийн бичгийн дарга" шүү), мөн "Үнэн" сонины Ерөнхий эрхлэгч байхад тус тус үүдэндээ "нарийн бичгийн даргатай" байв. Хоёулаа л залуухан хархүү байсан. Тэд үнэн хэрэгтээ "туслагч нар" юм л даа. Ер нь ч тэгээд үүдэндээ эмэгтэй хүн суулгачихаад түүнийг зарц, шивэг­чин шиг ажиллуулж байх нь ёс суртахууны нэгэн төрлийн гажиг юм. Өөр шалтгаан байхгүй л дээ. 

-Та зохиолч нөхдийнхөө тухай дурсахгүй юу. М.Цэдэндорж гуай, С.Дашдооров гуай та гурав багын найзууд бил үү?

-М.Цэдэндорж ч  С.Дашдооров ч ял­гаагүй бид бага ангийн багш бэлтгэдэг "их сургууль" болсон багш нарыг бэлтгэх сургуулийн сураг­чид байлаа. Их сургуульд багшлах чадвартай, өв тэгш хүмүү­жилтэй бага ангийн багш бэлтгэдэг үеийнх нь сүүлчийн сурагчид бид байсан гэж болно. Зураач, дуучин, тамирч­наар алдаршиж болох ч бид хэд зохиолч болохоор сонгосон юм. Тэр сонголт ч зөв байсан бололтой.
Н.ПАГМА /Өдрийн сонин/                                                                                                                        2010оны 07сарын05