Monday, July 4, 2011

Л.Түдэв: “Бүтээл гаргах” насандаа “дүн авах” мөрөөдлөөр суралцдаг залуу үетэй болчихжээ


Төрийн шагналт, хөдөлмө­рийн баатар Л.Түдэв гуайн сонинд өгсөн ярилцлагыг хүргэе. 


-Таныг Монгол Ул­сын Ерөн­хийлөгчийн анх­ны сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан тэр үйл явц одоо ч сонир­хол татдаг.

Тухайн үед та олон түмний итгэлийг хү­лээж Ерөнхий­лөг­чөөр сонгогдох магадлал маш өндөр бай­сан. Таны бодлоор ялагд­лын гол шалтгаан юу бай­сан бэ. Сурталчил­гааны үеийн тактикийн алдаа байв уу, эсвэл намын нэр хүндээс болсон уу?

-Улсын Ерөнхийлөгч болохсон гэж огтхон ч мөрөөдөж байсангүй. Учир нь тэр бол мөрөөдөл биш харин ноцтой хүнд алба. Гэвч шинэ Үндсэн хууль, бусад хуулиар сонгуульд намаас нэр дэвшүүлэх шинэ журам тогтсоныг баримтлан МАХН-аас хэд хэдэн хү­ний нэр дэвшүүлсэн до­тор миний нэр орсон юм. Тэрхүү Бүгд хурал дээр хүмүүс нэрээ татсаар бай­гаад миний нэр үлдсэнд намын хамт олны итгэ­лийг бодож нэрээ үлдээ­хийг зөвшөөрсөн. Тэгээд л компа­нит ажил өрнөж ид дундаа орох үед ажиг­лаж мэдсэн зүйл дээрээ тулгуурлан нэрээ татаж авахыг намын удирд­лагад хүссэн чинь зөв­шөөрөөгүй. Хуулийн да­гуу би "Үнэн" сонины ерөн­хий эрхлэг­чээсээ чө­лөөлөгдөж сул нэр дэв­шигч болоод ажиллаж байсан. Миний өрсөл­дөгч бөгөөд өчигдөр нь МАХН-ын гишүүн асан хүн Ардчилсан намд орж нэрээ дэв­шүү­лээд тухайн үед хашиж байсан албаа хашсаар л байсан. Уул нь чөлөөлөгдөөд орлогчдоо юм уу Бага хурлын даргад орлуулах байсан. Хууль ч тийм заалттай. Гэвч тэгээ­гүй. Иргэд бол хэргэм зэргийг дээдлэх зуршил­тайгаа хэвээр бай­сан. Тэгээд л ойлгомжтой шүү дээ.

-Залуучуудын Эвлэлийг олон жил удирдаж байсан уч­раас таныг улс төрийн зүтгэлтэн гэж боддог. Гэхдээ Ерөнхий­лөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргахдаа та чухам ямар байр сууринаас хандсан бэ. Улс орноо өөрчилье гэсэн байр сууринаас хандсан уу, эсвэл өөр шалтгаан байсан уу?

-Залуучуудын Эвлэл бол олон нийтийн байгууллага юм. Тэгэхээр миний ажил олон нийтийн ханд­лагатай байсан. Харин намын бодлогыг дэмжих үүрэгтэй, дайчин туслагч, залуу халаа нь байх тан­гарагтай байгууллага л даа. Гэхдээ төрд нэг их хамааралтай бус. Ерөн­хийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэрийг би биш нам маань гаргасан тул би хүлээн зөвшөөр­сөн. Харин сонгуульд оролцох хөтөлбөрөө би өөрөө боловсруу­лан дэвшүүлсэн юм. "Монголоо Монголын ард түмэн аварна" гэдэг үзлийг л баримталж байсан. Тэр үед Монголыг хэн аврах вэ гэдэгт хүмүүс санаа зовж, "Монголыг газар л аварна"(С.Энхбаяр), "Мон­го­лыг пантейзм л аварна" (С.Эр­дэнэ), "Монголыг монгол ухаан аварна"(С.Баттогтох), "Монголыг хүүхэд л аварна" (П.Батнай­рам­дал), "Монголыг библи судар л аварна"(Р.Баттөмөр), "Монголыг куран судар л аварна"(Рахмет Шынай) гэх мэтээр гол төлөв "Ил товчоо" сонинд бичицгээж байсан цаг билээ.

Миний баримтлал бол "Монго­лоо Монголын ард түмэн л аварна" гэсэн санаа бөгөөд түүнээ хэрэг­жүүлэхэд "өрх бүр үйлдвэр", "хүн бүр үйлдвэрлэгч" болох ёстой л гэсэн төсөөллөөс өөр зүйл бай­гаагүй. Тэгэхдээ "дэвшил гаргахын тулд дэглэм хэрэгтэй" гэж үзээд "ДД" хөтөлбөр хэрэгжүүлнэ гэчихсэн чинь "диктатур тогтоох юм гэнэ" гэж цуурхуулаад миний эсрэг "муна" болгон ашиглацгаасан. Өөр ч бас олон төрлийн явуулга байсан. Тэр тухайд нуршихаа түр түдгэлзэхгүй бол их цаг авчих байх аа. 

-Одоогийн Үндсэн хууль танд хэр санагддаг вэ?

-Одоогийн Үндсэн хууль уг нь ардчиллын шалгуур үзүүлэлтэд олон талаар тэнцэхүйц сайн хууль болсон. Түүнийг "түүхий" байхаас нь эхлээд МАХН-ын Удирдах зөв­лөлийн гишүүний хувьд бүтээлчээр оролцохыг эрмэлзэж "Их цааз" нэртэй эхлэлтээс нь аваад "Үндсэн хууль" гэдэг нэрээр батлалцах хүртэл санаа бодол, үг найруулгын хувь нэмэр оруулж, уг хууль батлах их хуралдаан дээр хэдэнтээ үг хэлж байсан хүний хувьд шинэ Үндсэн хуулийг нэлээд нарийн мэдэх билээ. Харин 2000 онд УИХ-ын хэсэг гишүүдийн санаачилгаар Үндсэн хуульд үгсэн халдаж, "дор­дохын долоон" засвар оруулсны балаг арав дахь жилдээ үргэлжилж байна.

Шинэ Үндсэн хуулийн хамгийн бүрхэг бүдэг хэсэг нь тавдугаар бүлэг буюу "Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц", мөн дөрөвдүгээр бүлгийн 62 дугаар хэсэг буюу "Нутгийн өөрөө удирдах байгуул­лагын тухай" зүйл юм гэж би үздэг. "Цэц" гэдэг нэр зохиогүйгээс "цэц­лэх" төдий газар буй болсон. Уул нь "Үндсэн хуулийн шүүх" гэж байх олон улсын жишигтэй юм. Бас "Орон нутгийн өөрөө удирдах байгууллага" хэмээх нь нэр төдий заалтаар бүрхэгдэн үлдсэн юм. Үндсэн хуулийн нэлээд заалт 18 жилийн турш хэрэгжээгүй учир "мөрөөдлийн хууль" гэмээр болсон гэх үндэстэй юм.

-Улс орныхоо амьдралд болж буй сүүлийн үеийн үйл явдлууд болон улс төр, эдийн засаг хоёр нийлэг байдлаар яваад байгаад та хэрхэн хандаж байна. Мөн олигархийн тухайд?

-Сүүлийн үеийн үйл явдал гэхээр маш олон хэрэг явдал, тэр тусмаа одоогоор тэмтрэгдэх төдий байгаа ч гэсэн мөдхөн тэнгэр ниргэхэд хүрэхээр үзэгдэл олон байна. Заримыг нь дүгнэж хэлэхэд эртдэхээр, зарим нь хэлээд хэлээд нэмэргүй болчихсон хэрэг явдлууд ч цөөнгүй. Ямарваа үйл явдалд хүнээс өөр эзэн байдаггүй. Хүн л гол хөдөлгүүр нь бас гол гэмтэн нь байдаг. Тэр тусмаа олон түмнээс тэднийг төлөөлөн ажиллах эрх мэдэлд сонгуулиар хүрсэн цөөн­хийн үйл ажиллагаа, хэрэг явдал бол "муугийн хор олонд, могойн цус тэнгэрт" гэдэг монгол ардын мэргэн үгийг байнга баримталж явах ёстой, тийм үүрэгтэй. Гэтэл тэдний удаа дараагаар "боловс­руулан баталсан" хуулиуд хийдэл­тэй (цоорхойтой), давхардалтай, өөр хоорондоо зөрчилтэй байсны балгийг тэд өөрсдөө биш өнөөх л тэднийг "сонгосон" олон түмэн үүрсээр ирлээ. Тары нь таниад төлөөллөөс нь татгалзуулъя, эргүү­лэн татъя гэхээр тэр эрхийг нь мөн л хуульд саармагжуулаад хаячих­сан байдаг тул халаглахаас өөр хүртээл сонгогчдод байхгүй нөх­цөлд бид аж төрж байна л даа. Сонгуулийн хууль, тэр ч байтугай Үндсэн хуулийг өөрчлөн сайж­руулах цаг нь аль хэдийнэ болжээ.   

-Зохиолчийнхоо хувьд "Нүү­дэл суудал" романдаа та нийг­мийн шилжилт хүмүүсийн сэтгэ­хүйг хэрхэн өөрчилж байгаа тухай бичсэн. Харин сүүлийн хорин жилийн шилжилт хүмүү­сийн сэтгэхүйд ямар өөрчлөлт авчирсан тухай зохиол бичив үү. Үүнд таны уран бүтээлчийн хандлага ямархуу байгаа вэ?

-Сүүлийн хорин жилийн нийг­мийн шилжилтийн сэдвээр "Төл" гэдэг роман зөгнөлт товчоо бичсэ­нийг 2000 онд "Адмон" хэвлэлийн газар тусгай ном болгон хэвлэн гаргасан. Энэ номын эхний бүлгүүд нь Монголын нийгмийн шилжих сэдлийн эхлэлийн тухай, дараахь бүлгүүд нь юунд хүрч мэдэхийг зөгнөн өгүүлсэн бичлэгтэй юм. Харамсалтай нь уншигчийн ой тойнд бүрэн бууж, бясалгалд хүрэхэд хол байгаа бололтой. 

"Шилжилт" гэдэг үг бол зээлд­мэл ойлголт. Өнгөрдөг зууны эхээр монголчууд хөрөнгөт нийгмийг алгасан эв хамтын буюу социалист нийгэмд шилжих зорилтыг өөрс­нөө ч, өрөөл бусдын шивнээгээр ч сонгож авсан. Түүнд хүрэхэд үнэ­хээр "шилжилтийн үе" хэрэгтэй байсан. Учир нь мөрөөдлийн тэр­хүү нийгмийг байгуулж байгаа гээд ихэд сурталдаж байсан Зөвлөлт Холбоот Улсад тэр нийгэм бүрэл­дэн төлөвшөөгүй яваа тул "хуулах" загвар бараг байгаагүй. Зөвлөлт Орос улс өөрөө ч шилжилтийн гэхээсээ "туршилтын" шатандаа байсан. Түүний баримт нь "хамт­рал", "коммуны" хөдөлгөөн. Мон­голд тэр нь халдаж гучаад оны үед малчдыг яаж хүчээр нэгэн дээвэр дор оруулах гэж оролдож, хичнээн их хохирол үзсэнийг "Нүүдэл суудал" романы маань ахмад насны баатрууд мартаагүй явааг ч цухас дурдаж билээ.

Хамтралжуулах хөдөлгөөн Орост өрнөж их зохиолч Шоло­ховын "Атрыг хагалсан" романд хүртэл тусгалаа олсон. Гэвч дэл­хийн дайн "социализм байгуулах" үйлст нь олон жилээр саад тотгор учруулсан. Дэлхийн дайны дараа цахилгаанжуулалт, атар эзэмшилт гэхчилэн нэлээд салбарт ахиц гарч, нэг хүнийг тахин шүтэх сэтгэлгээ хямарснаас гадна сансар эзэмших үйлст ихэд дэвшил гарч, дэлхийн дайнд ялсан Зөвлөлт Холбоот Улсын нэр хүнд ихээхэн өссөн. Дайны өмнөх жилүүдэд олсон амжилтандаа сэтгэл хөөрөх хандлага коммунистуудын дунд дэгдэхэд "комчваство" (комбар­дамнал) хэмээн шүүмжлэн дарж авсан нь дайны дараахь жилүүдэд өөр түвшинд өөр өндөрлөгт ахин гаарч "өнөөгийн Зөвлөлтийн хү­мүүс коммунизмд амьдрах болно" гэж Зөвлөлтийн удирдагч зарлаад хамгийн түрүүнд талхыг үнэгүй болгосон.

Талх бол манайдаа махтай адил амь зогоох гол тэжээл тул баярласан орос иргэд ам мэдэн зооглосоор тун удалгүй Орос улсын талх тарианы нөөц дуусч, талхаа дахин үнэлсэн билээ. "Ком­мунист сайрхал" нь бодот ахуйгаас дээш хол тасарсан хий үзэгдэл байсан болохоор Зөвлөлт Холбоот Улс гэнэт "коммунизмд шилжих" бодлоосоо зуун хувь эргэж зүгээ өөрчлөхөд хүрэхэд манайхан ч дуурайж мориныхоо жолоог эр­гүүлсэн.

Гэхдээ хүн ард хөрөнгөжөөгүй, үр хүүхэддээ өвлүүлэх өв хөрөнгө гэх юмгүй, наймаа панзанд гавиа­гүй, бэлэнчлэх муу зан сурсан хүмүүс гэв гэнэт америкийн ав­хаалж, японы овсгоо, хятадын ажилсаг чанарт шууд шилжихэд амаргүйн дээр урьд цагт "социа­лизм" гэж байгуулагдаагүй яваа юманд "шилжих" гэж бараг хагас зуун жил зарцуулсан болохоор одоо нэгэнт байгуулагдаад бараг хоёр зуун жил болсон хөрөнгөт нийгэмд шилжих нь уул нь амархан мэт боловч хөрөнгөгүй, овсгоогүй, санаачилгагүй хүмүүс хэлсэн төдий хийчихдэг ажил биш юмсанжээ. "Шилжилт" тэгээд монгол маягаар хорин жил үргэлжилсээр л...

"Шилжилтийн" гээд авгайлаад буй энэ жилүүдийн бэрхшээл, тул­гамдсан асуудлуудаар олон тооны эссе бичиж "Дал" болон бусад сонинуудад нийтэлсээр ирсэн маань "Бүтээлийн чуулган" 33 ботийн минь 17, 18, 19, 26, 31, 32, 33 дугаар ботиудад орсон билээ. Хүн амын цөөнх биш дийлэнх олонхийг хөрөнгөжүүлэхийн тулд жижиг, дунд үйлдвэрүүдийг газар сайгүй дэмжиж, "өрх бүр үйлдвэр", "хүн бүр үйлдвэрлэгч" гэсэн уриаг хэрэгжүүлэхэд төр засаг идэвхтэй ажил хэрэгчээр туслах юм бол зах зээл ойрхон байнаа.        

-Улс төр, эдийн засаг, нийг­мийн өнөөгийн амьдралыг та хэрхэн харж байна вэ?

-Өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралыг дүгнэх гэдэг бол хэтэрхий мэдэмхийрсэн хэрэг болно. Тэр тусмаа ганц нэг хүн амны зоргоор хэлчихдэг зүйл биш. Нүүж байгаа айлыг гэрээ бариагүй яваа үед нь сайлаад ч, муулаад ч хэрэг байхгүй. Харин ачаа нь хазайж, чирэгдэж байгаа бол хэлэх л учиртай. Болж бүтэж байгаа юм их бий. Ганган тэрэг уначихсан, гар утас барьчихсан, гадаад улсаар хэсүүчилчихсэн, газрын наймаа эрхэлчихсэн, гарын бэлтэй болчих­сон монголчууд урд цагт хэзээ л ийм олон байлаа. Хог новш ухчих­сан, хонгил нүхэнд хоноглочихсон, хоолны шавхруу тамшаалчихсан, хоёр гараа тосчихсон монголчууд урд цагт хэзээ л ийм олон байлаа. Архинд донтчихсон, авгай хүүхдээ­сээ салчихсан, ажил хөдөлмөрөөс төсөөрчихсөн, аваар осолд өртчих­сөн, аллага зодоонд гаршчихсан, аав ээжийгээ гөвшчихсөн, авлигад амташчихсан монголчууд хэзээ л ийм олон байлаа. Ингээд бодоод, яриад байвал "түргэн тусламж" дуудахад хүрч мэдэх буйзаа.

Ажилгүйг нь ажилтай, авиргүйг нь журамтай, арчаагүйгий нь ас­рамжтай, авлигачдыг нь хазаартай болгоход төр, засаг хүчин мөхөс­дөж байна уу гэдгийг л тунгаан бодох хэрэгтэй юмсан даа.

-Таны уран бүтээлийн тухай ярина гэвэл маш өргөн хүрээнд ярих болно. Гэхдээ энэ удаа "Хорвоотой танилцсан түүх" тууж, "Оройгүй сүм" "Нүүдэл суудал" романы тухайд ярилц­маар байна?

-Нэрлэгдэж буй гурван зохиол гурвуулаа баримтат уран сайхны аргаар бичигдсэн юм. "Хорвоотой танилцсан түүх" гэдэг тууж уул нь гурван дэвтэр юм. Гэвч эхний дэвтрийг нь л хүмүүс илүү яриад байдаг. Тэр дэвтэрт Хантайширын нуруу, Овоо нуруу, Ар, Өвөр голд өнгөрүүлсэн бага насандаа то­хиолд­сон үнэн явдлуудыг л тэр хэвээр нь ой ухаанаасаа цаасан дээр буулгаад л хуулан биччихсэн юм. Өнгөрсөн зууны гучаад оны үед хөдөөгийн малчны хүүхдүүд гол, горхины усанд элэгдэж мөлий­сөн өнгө өнгийн чулуугаар л "гэр барьж" тоглодог байлаа. Өөр тог­лоом олддоггүй байсан цаг юм. Тэрнээс болоод чулуунд дуртай болж улмаар эх орондоо эх нутаг­таа хайртай болдог юм билээ. Дэлхийн дайны жилүүдэд бага сургуульд сурагч байсан үед үзэг, бэх, цаас олддоггүй байсан цаг. Аав маань бэхний шилэн савыг дуурайлгаж, хаягдал бурхны эр­хий хуруугаар зэсэн сав хийж өгсөн юм. Тэр зэс саванд хармагны жим­сийг хандалж хар ногоон бэх "үйлд­вэрлэн", сонины захыг хайчлан авч үдсэн нарийхан "дэвтэр" дээр бичдэг байлаа. Дайны үеийн хүнд жилүүд хүүхэд биднийг багаасаа хэрсүүжиж, юмаар юм хийхэд сур­гаж, ариг гамтай, даруу энгийн амьдрахад бас нөлөөлсөн юм. Тэр тухайд болсон явдлыг уул туужид өгүүлсэн. Гэхдээ аль болох хөг­жөөнтэй талаас нь харуулахыг зорьж билээ. Тэр нь зохиолч нөх­дөд маань таалагдсан юм уу, П.Лув­санцэрэн "Борзооны явдал", Ш.Гаадамба "Багын явдал", Ц.Дам­динсүрэн гуай "Жомбоо хүүгийн намтар" гээд л бага насаа дурсац­гаасан цуврал ар араасаа хөв­рүүлж билээ.  

Харин "Оройгүй сүм" романыг маань хэн ч даган давтсангүй шиг санагддаг юм. Уул нь Хантайши­рын нурууны ар, өвөр хоёрт бай­сан хоёр хүрээ хийдийн Өврийн хүрээ буюу Буян Залбирахын хий­дийг барьж байгуулаад оройг нь сайн гүйцээж чадалгүй орхисон түүхэн үйл явдлын тухай өгүүлсэн юм. Тэр үйл явдлыг намайг бага байхад манайд айлчилж хонон өнжин явдаг ахмадууд өөр хоорон­доо ярьцгааж нэг бус удаа дурсан хүүрнэж байсныг би нэгд нэгэнгүй тогтоон цээжилж авснаа хожим роман болгон бичсэн билээ. Гарч буй үйл явдал, хүмүүс нь цөмөөрөө байсан, болсон хэрэг, гагцхүү цааснаа найруулан буулгах ажлыг нь л би хийсэн боловч тэр бүхнийг нүдээр үзэж, биеэр оролцож явсан этгээд юм уу гэж намайг сэжиглэхэд хүргэсэн бололтой.
-"Нүүдэл суудал" романы баатрууд бодит хүмүүс гэдэг байх аа? 

- "Нүүдэл суудал" романы ту­хайд бол намайг хөдөө нутагт багшилж байх үед болсон үйл явдлыг  заримд нь оролцож байж бичсэн. Гурван гол баатар Доо­хүү (Лодойхүү), Сүрэн (Цээсүрэн), Маг­най (Дүгэр) нар бол одоо ч байгаа, бодот, нэр цуутай хүмүүс юм. Тэр үед аймгийн орлогч дарга байсан Гомбын Лодойхүү гуай өөрөө сана­лаа өгч нэгдэл байгуулахаар хөдөө гарч Халиун сумын суурийг тавьж "Коммунизмын төлөө" нэгдэл ("Эв хамтын төлөө" гэж романд гардаг) байгуулан ажиллаж олон санаа­чилга гаргаж улмаар Хөдөлмөрийн баатар болсон юм. Нөгөөх Сүрэн дарга буюу Цээсүрэн гуай бол тус нэгдлийн тулгын гурван чулууны нэг байж, намын байгууллагыг удирдан удаа дараа гавьяа бай­гуулж, одон тэмдгүүдээр шагнаг­даж явсан хүн. Тэр хүн одоо айм­гийнхаа ахмадын байгууллагыг удирдаж байна. Гурав дахь баатар буюу сум-нэгдлийн Эвлэлийн үүрийн дарга Магнай нэрээр зо­хиолд гардаг хүн бол одоогийн ардын багш Ж.Дүгэр бөгөөд түмний үр хүүхдийг асран өсгөх гавьяат үйлсийг насан турш хийсээр яваа.

Сум нэгдэл байгуулагдсанд баяр хүргэж бичгийн машин, "Мал­чин" гэдэг бяцхан хүлээн авагчаа миний бие илгээхэд Эвлэлийн үүрийн дарга Дүгэр хүлээн авч ганзагалаад Хүн чулууны давааг давж одсон билээ. Тэр бичгийн машины "Ө", "Ү" үсгийг монгол дархан гараар хийсэн бас "Харбин дахь Оросын консулын машин" гэсэн алтадмал үсэгтэй, өнөөгийн бичгийн машинаас их өөр, үсэг нь дээрээсээ доош бууж цаасан дээр гардаг сонин зүйл байж билээ.

Ийнхүү "Нүүдэл суудал" рома­ны бусад баатрууд зоотехникч Чавчиг (уг нэр нь Чавчигбазар) болон бусад бараг бүх хүний дүр нь цаанаа эзэнтэй, тэр ч байтугай Ардын их хурлын дарга Ж.Самбуу гуайд өргөсөн заргын бичиг хүртэл байдаг их зөрчилтэй  үеийг харуул­сан тул зарим баатар нь агсам тавьж байсан ч удаатай. Түүхэн романуудыгаа ч гэсэн яг л бодот баримт, болсон явдлыг харуулахыг би эрмэлзсээр ирлээ. 

-"Оройгүй сүм" романыг буд­дын гүн ухааны хамгийн нарийн ёс жаягаас авахуулаад гүн ухаа­ных нь дотоод мөн чанарыг гаргаж бичсэн зохиол гэж хүлээж авах хэсэг уншигч байхад нөгөө хэсэг нь шашныг хий хоосон, хэрэггүй зүйл гэж харуулахыг зорьсон зохиол гэцгээдэг. Тухайн үед та буддизмыг тийм гүнзгий судалсан байсан уу? 

-Буддагийн сургаал бол энэ дэлхийн зонхилох гурван том шаш­ны ах буюу анхдагч нь юм. Гэхдээ монголчууд үүнээс бүүр өмнө өөрийн гэсэн шүтлэгтэй бай­сан. Бас өөрийн гэсэн шүтээн бурхантай түүнээ тэнгэр гэж нэрлэ­дэг нь өнөө хүртэл хэвээрээ байгаа болохоор өмсдөг дээл хувцас­наасаа эхлээд л бурхны буюу хожмын нэрээр ламын шашин нь мөн л "өргөмөл" үзэгдэл гэдгээ өөрөө хэлээд байгаагаар барахгүй номлол нь бүрэн монголчлогдоо­гүй, бас монголоор уншлага үйлдэхгүй шахам явсаар шинэ зууны босго алхжээ.

Ойлгохгүй байгаа юмандаа хүн хоёр янзаар ханддаг. Нэг бол үл тоомсорлодог, нэг бол шүтэн би­шир­дэг. Аль алин нь буруутгах аргагүй үзэгдэл. "Бүх юм хоосон" гэсэн номлолыг бурхны шашин барьдгаас "хоосон чанарын ном­лол" гэгдсэн байдаг. Эцсийн дүн­гээр яривал үнэн үг. Ойрын дүнгээр яривал үнэн бус үг юм. "Эрдэмд оройгүй" гэдэг санааг л "Оройгүй сүм" романаар хэлэхийг зорьсноос өөр бодол агуулаагүй бичсэн тэр номыг уншигч бүр өөрийнхөөрөө цэгнэдэг бололтой юм.

-"Хорвоотой танилцсан түүх"-ийг гадаадын олон хэл дээр орчуулсан. Гадаад уншигчдын талаар танд ямар мэдрэмж, сэтгэгдэл төрсөн бэ?

-Хорвоотой танилцах үйл явц нь хүн болгоныг насан туршид нь дагалддаг. Учир нь хорвоо гэдэг бүрэн танихуйяа хэцүү, асар өргөн ойлголтын нэр. Гэхдээ бага насанд анх танилцсан "хорвоо" шиг мартагддаггүй юм байдаггүй. Хүн өндөр насандаа туулсан замаа эргэн дурсахад бага залуу насных нь явдал маш тод хурц бас гэрэл гэгээтэй үлдсэн байдаг атлаа сүү­лийн үеийнх нь бүдэгхэн санагддаг ажээ. Миний номнуудын дотроос бараг хориод гадаад хэлээр ор­чуулагдан гарсан зохиол юм боло­хоор гадныханд сонирхогддог биз ээ л гэж бодох юм.

-Романыг та анх хорин гурав­тайдаа бичиж эхэлсэн байх юм. Хорин гуравтай залууд ро­ман бичих ямар байсан бэ. Тухайн үеийн сэтгэгдэл болон одоо тэр үеэ эргэн бодоход ямар бодол төрдөг вэ?

-Хорин гурван нас гэдэг бол нэг их залуу нас биш. Өрнөдийн том эрдэмтэд хорь гаруй насандаа л том том нээлтээ хийсэн байдаг. Хөгжмийн зохиолчид бол түүнээс ч эрт нэрд гардаг. Манай нөхцөлд бол хүүхдийг цэцэрлэг, сургууль, их дээд сургууль гэж бага балчраас нь эхлээд ширээний цаана багшийн өмнө "номхон" суулгаж, багшийн заасныг давтан хэлүүлж муу, дунд, сайн, онц гэсэн дүн өгсөөр байгаад 25 жилийг нь яг л ийм суугаа бас багшийн үгээр "тотьчилсон" ярьдаг хүн болгочихдог тогтолцоо хагас зуун жил ноёрхсон тул "нээлт хийх", "бүтээл гаргах" насандаа "дүн авах" мөрөөдлөөр суралцдаг залуу үетэй болчихсон.

Одоо бүр чамлаад "12" жилийн сургалт буй болгожээ. Тэрнээс өмнөх үед бага, дунд, багшийн сургууль төгсөж 12 жил хожсондоо л олзуурхаж явдаг даа. Тэгээгүй бол юун роман  бичих. Цээж бичигт дарамтлуулаад өнгөрөх байсан хугацаа шүү дээ.

-Таны удирдаж байсан "Хаа­дын сан" цуврал одоо юу болж байгаа вэ. Тэр хөтөлбөр хэрэг­жээд дуусчихсан уу?

-"Хаадын сан" гэдэг олон нийтийн санаачилгын нэгэн хэлбэр үүссэнээс хойш 14 дэх жилийнхээ нүүр үзэж байна. Энэ бол ашгийн бус ер нь соён гэгээрүүлэх чиглэ­лийн төрийн бус үүсгэл санаачилга юм. Монголчуудын өнөө үеийнхэн ганцхан Чингис хаанаа(тэрийгээ ч нарийн сайн мэддэггүй) өмнөө барин бардамнах дуртай болсон боловч зөвхөн Хүннү гэгдсэн Хүн улсын их эзэнт төр байгуулагдаад даруй 2220 жилийн ой болох гэж байхад энэ хооронд төр барьсан хаадаа сайндаа л нэрнээс цааш мэдэхгүй байна. Үүнд хариу өгөхөөр "Хаадын сан" Монголын 100 хаан, найман богдын товч намтар цуврал гаргахаар санаа шулуудаж одоо найман богд, тавиад хаадын товч намтрыг нэрт эрдэмтдээр бичүүлэн гоёлын чу­луун шигтгээ, гэргээ чимэгтэйгээр хэвлүүлэн гаргаад байна.

Нэг ном гаргаад түүний орло­гоор дараахь номоо хэвлүүлж "хойт хормойгоороо урд хормойгоо нөхөж" явна. Төр засаг үүнд бараг анхаардаггүй гэхэд хилсдэхгүй. Харин уул сангийн гүйцэтгэх захи­рал соёлын гавьяат зүтгэлтэн Дугарсүрэн гэдэг ганц "зүтгүүртэй" гапий улаан мөнгөгүй айл. Бүтээ­лийн зөвлөлийн Ерөнхий эрхлэгч нь би юм л даа. Одоо цаана нь тавиад хааны намтар дутуу байгаа юм.   

-Таныг цагаа маш нарийн хуваарилж ажилладаг байсан тухай цөөнгүй сонсч байсан. Тэр тухайгаа ярьж өгөхгүй юу. Одоо өөрчлөгдсөн үү?

-Өдөр, шөнө, өглөө, үдэш ээл­жил­сээр байх тул цагийн хуваа­рийг өөрчлөх аргагүй. Гэхдээ өд­рийн найман цаг ажиллах хөдөл­мөрийн хуультай. Гэвч одоо би сул иргэн тул элдэв хурал, цуглаан, шоу зэрэг цаг идэгчийн эрхшээлээс гарсан. Одоо миний цагийг "улс төр биш уран бүтээл" эрхшээж байгаа. Харин "Дал" сонин л цагаас минь уншигчдын эрхшээлээр нэлээн авдаг. Миний цагийн хуваарь өмнө нь улсаас тогтоосон хөдөлмөрийн цагт л захирагддаг байсан. Ажил­даа цагтаа ирж, цагтаа явах хуу­лийг биелүүлдгээс өөр онцгой юм байхгүй асан. Одоо бол анд нөхөд, таних танихгүй хүмүүс л цагаас маань үе үе хумсалчих гээд байдаг. Нөгөөтэйгүүр, нас ахих тусам цаг үнэтэй бас бага болоод байгааг тоохгүй явж  болохгүй биз дээ.

-Хүмүүсийн харж байгаагаар та маш нарийн дэг, хуваарийн дагуу амьдарч ирлээ. Энэ нь танд уйтгартай биш байх л даа. Ийм дэглэмд та хэрхэн суралц­сан бэ?

-Цаг хугацаа гэдэг бол энэ хор­воо­гийн цорын ганц дарангуйлагч бас хэмжээгүй эрхт засаглал юм. Чулууг хүртэл цаг хугацаа хөгш­рүүлж өгөршүүлдэг юм. Хүнд бол энэ нас ганцхан удаа л заяах тул тэр хөрөнгөө зөв, ариг гамтай зарцуулах ёстой. Нүүдэлчин ов­гийн өв уламжлалаар амьдарч ирсэн өнөөгийн бидэнд цагийн тухай ойлголт их өөр байсан.

Цаг хожих ганцхан л арга байдаг. Тэр нь "богино хугацаанд их юм хийх" арга. Суурин соёл иргэншлийнхэн бол "автоматжуу­лах" аргаар бага цагт их юм хийдэг болсон. Монголчууд бидэнд бол "автоматжуулах" арга саяхнаас л харагдах болсон.

Тэгэхээр бага цагт их юм хийх миний бодож олсон арга бол дав­хар мэргэжил эзэмших асуудал байв. Тэгээд би нэгд, багш, хоёрт, зохиолч, гуравт, сэтгүүлч, дөрөвт, олон нийтийн зүтгэлтэн гэсэн давхар ажилд зүтгэж эхэлсэн. "Цөөхөн монголчууд бид нэг хүн гурван хүний ажил хиймээр байна" гэдэг саналыг дээр үед дэвшүүл­сэн. Гэхдээ тэрнээ өөрөө нотлохыг зорьсон. Одоо бол би зохиолч, сэтгүүлч, судлаач гэсэн гурван "чөдөртэй" байгаа. Тэр маань дэмий тэнүүлдэггүй юм. Бүтээлийн маань чуулган тус бүр нь 400-500 хуудастай 33 боть болон хэвлэгд­лээ. Саяхан сүүлчийн боть "Цагийн царай" нэртэй 574 хуудас ном гарлаа. Харин багшлах, улс төрд зүтгэх, олон нийтийн зүтгэлтний албаа насны эрхээр орхиж байна даа. Хоёр гартай мөртлөө гурван төрлийн ажил хийхээр ер нь уйдах байтугай сул зогсох зав гардаггүй юм билээ.     

-Сэтгүүлзүйд оруулсан таны хувь нэмрийн талаар яриад яах вэ. Харин сэтгүүлзүйн өнөөгийн амьдралыг та хэрхэн харж байгаа вэ?

-Тавин жилийн тэртээд сэтгүүл­чийн сүрэгт нэгдэн орсон цагаас хойш энэ ажилд зүтгэж явна. Өнөө­гийн сэтгүүлзүйн тухайд бол Үндсэн хуулиар олгогдсон "олон ургальч үзлийн" шилжилтийн үеийг сэтгүүлзүй, сэтгүүлчид үзэж байх шиг вэ дээ. "Олон санаат оргож чаддаггүй" гэж дээр үеийн мэргэн үгийг санууштай. 

-Нийгэм таныг бүхэлдээ соён гэгээрүүлэгч гэж хүлээж авдаг. Гэхдээ та нэг бол нийгмийн зүт­гэлтэн ч юм шиг, улс төрийн зүтгэлтэн ч юм шиг харагддаг. Чухам аль талаас нь өөрийгөө хардаг вэ?

-Соён гэгээрүүлэгч гэдэг үг бол уул нь зээлдмэл нэр томъёо. "Просветитель" гэдэг үгийг шууд аваад л "духан дээр" наачихсан гэсэн үг л дээ. Нийгмийн зүтгэлтэн, улс төрийн зүтгэлтэн гэсэн үгнүүд ч бас зээлдмэл шинжтэйгээс гадна урсан өнгөрөх үзэгдлийн нэр. Яагаад гэвэл нийгэм нэг байран­даа тогтчихсон цөөрөм биш. Ний­гэм гэдэг хүмүүсээс бүрддэг. Тэгэ­хээр хөгжил, хөдөлгөөнтэй үзэгдэл. Тогтонги байгаад байвал аливаа юм чанараан алдаж, өгөршиж, мууддаг. Нийгмийн зүтгэлтэн бол мөн л тийм шинжтэй бөгөөд нийг­мийн хөдөлгөөнд хэр зэрэг оролц­догоороо л ялгардаг. Гэхдээ урт настай биш. Нийгмийн зүтгэлтний урт нас бол ердөө л 12 жил байх нь олонтаа.

Ер нь ч аливаа нийгэм арван хоёр жилийн дотор шинэчлэгдэж дуусаад дараачийн шинэчлэгч юм уу, шинэчлэлийг шаарддаг. Ма­найх 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа батлан түүнийхээ дагуу шинэчлэл хийж эхлээд байтал гадны нөлөө их тусч, нийгэм үймэрч 16 жилийн дараа Үндсэн хуулиа шинэчлэхэд хүрсэн. Шинэ зүтгэлт­нүүд ч төрж гарсан. Гэтэл ахиад 12 жил өнгөрөхөд мөн л нийгмийн нөхцөл байдал өөрчлөгдөж ши­нээр сэтгэгчид гарч ирээд "сэхээт­ний төөрөгдөл" гэгдэж бас сон­гуулийн шинэчлэл хийхээс аргагүй болсон. Тэр бүхний дунд шинэ уур амьсгал нэвтэрч эхэлснээр нэг хэсэгтээ "тайвширсан" боловч гурав дахь Үндсэн хууль хэрэгтэй болсон. 1960 онд гурав дахь үнд­сэн хуулиа боловсруулан "Бүгд Най­рамдах Монгол Ард Улсын зорилго бол социализмыг төгөл­дөр бай­гуулж цаашдаа коммунист нийгэм байгуулах явдал мөн" гэж заасан юм. Гэвч энэ Үндсэн хуульд гурван жилийн дараа анхны өөрчлөлт оруулж ахиад гурван жилийн да­раа хоёр дахь, ахиад гурван жи­лийн дараа гурав дахь, дөрөв дэх, нэг жилийн дараа тав дахь, зургаа дахь, жилийн дараа долоо дахь, жилийн дараа найм дахь, жилийн дараа ес дэх, таван жилийн дараа арав дахь, хоёр жилийн дараа арван нэг дэх, жи­лийн дараа 12 дахь, хоёр жилийн дараа 13 дахь, зургаан жилийн дараа 14 дэх, жилийн дараа 15 дахь, хоёр сарын дараа 16 дахь, дөрвөн сарын дараа 17 дахь засвар, нэмэлт өөрчлөлт хийхэд 1990 оны есдү­гээр сар гарчихсан байлаа.

Ийнхүү гурав дахь Үндсэн хууль 17 удаа их бага засварт орсноороо манай улсын үндсэн хуулиудын дотроос хамгийн олон "нөхөөс" тавиулсан нь 1992 оны дөрөв дэх Үндсэн хууль шаард­лагатай болсны "түүхэн гэрчээр" үлджээ. Зайлшгүй шинэ Үндсэн хууль шаардагдсан хэрэг. Тэгээд л одоогийн мөрдөж буй дөрөв дэх Үндсэн хууль төрж, өнөөг хүртэл 18 нас наслаад байна. Гэвч найман нас хүрэв үү, үгүй юу 2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд түүнд дахин өөрчлөлт оруулж "долоон" нөхөөс тавьсан билээ. Нийгмийн зүтгэлтэн, улстөрч нар Үндсэн хуулийг даган мөрдөх ёстой учир тэд "журамлагдсан" сэтгэлгээтэй байдаг. Тэрнээс гаж­вал "тэрс үзэлтэн" цол хүртдэг нь түүхэн турш илэрхий болсон зүйл юм. Харин эрдэмтэн гэдэг бол баталгаатай зөвшөөрөх үнэний эрэлчин байх тавилантай. Дэв­шүүлсэн онолоо нотолж чадахгүй бол тэр эрдэмтэн биш. Зохиолч хүн бол эрдэмтнээс үүгээрээ өөр сэтгэл­гээтэн учир зохион бичдэг, тэгээд л зохиолч гэгддэг юм.

Гэхдээ хүн төрөлхтөн зохиомол зүйлд хууртагдахаа больж барим­тат уран өгүүлэмжийг сонирхох эрин зуунтай нэгэнт золгожээ. Тэрнээс үүдээд сэтгүүлч нарын ханш өслөө. Сэтгүүлч бол "сэтгэгч" гэдгээс гаралтай үг. Сэтгүүлч хүн бодот байдлыг яг байгаагаар нь уран сайхны хэл найруулгаар дүрслэн бичих болсноос уран зохиолыг баримтат уран зохиол шахан "жийдэг" болоод байна. Тэр тухайд өнгөрсөн XX зууны дунд үед зохиолчдын хурал уулзалтууд дээр би хэлж ярьж л байсан. Харин уран бүтээлдээ бол тэр зарчмаа барь­саар ирлээ.        

-Аав, ээж, өөрийн өвөг дээд­сийнхээ тухай та нандин дур­самжаасаа хуваалцахгүй юу?

-Аав маань малчин, анчин, дараа нь гар үйлдвэрийн ажилчин болж мужааны мэргэжил эзэмшээд түүгээрээ бүх амьдралаа дүүргэ­сэн. Ээж маань мөн адил зам туулсан. Гэхдээ мужаан биш, ээж байсан. Харин гүн угсаатай хүн байсан юм билээ.

-Таны номын их ажилд гэр бүл, үр хүүхдүүд тань тусалдаг уу. Ямар хэлбэрээр?

-Номын ажлаас өөр өөр мэргэ­жил эзэмшсэн учраас хүүхдүүд нэг их оролцдоггүй. Харин номын санчийн хувьд авгай маань миний "менежир" болдог. Бас ном хэвлэл, мэдээлэл олоход тусалж, бүтээ­лийн чуулганыг эмхэтгэн бүрдүү­лэхэд тусалдаг. 

-Хэвлэл мэдээллийнхэн бо­лон залуу зохиолчид ч юмуу ер нь залуус тантай уулзаж ярил­цахыг хүсдэг ч та үүнд цаг гар­гадаггүй. Хүмүүстэй та яагаад уулздаггүй юм бэ?

-Залуус надтай уулзах гэж биечлэн санал тавих нь ховор. Уулзалт гэдэг бол цаг идэх болов­сон хэлбэр. Уулзсан хүний үрсэн цаг дээр уулзалтад оролцсон олон хүний зарцуулсан цагийг нэмбэл нэг уулзалт их үнэтэй. Гэтэл тэр гарзыг нөхөхөөр юм ярьж өгөхгүй бол бүүр ч хохиролтой. Бас хүний яриаг нэг чихээр сонсоод нөгөө чихээрээ гаргачихдаг хүмүүст бол цаг улам ч хайран болдог юм. 

-Та ихэнхдээ багш, дарга гэх мэт конторын ажил хийж байсан. Гэсэн хэрнээ, өргөн хүрээтэй уран бүтээлийн сан хөмрөгөө яаж бүтээгээ вэ?

-Багш байхад хүүхдүүдийн дунд цаг өнгөрөхийг мэддэггүй явлаа. Тэдэнд марк Твений зохиолуудыг ярьж өгдөг байлаа. Тэр үед мон­голч­логдоогүй байсан романуудыг бүлэг бүлгээр нь ярьж өгдөг сөн. Тэдгээр шавь нарын маань дотроос С.Лочин, С.Пүрэв, Д.Цахилгаан, Т.Юмсүрэн, Ж.Гал, Б.Дорж, Ш.Ша­жинбат, гэхчилэн арваад зохиолч хожим төрж гарсан байдаг. Залуу­чуудын байгууллагыг удирдаж байх цагт залуус, хүүхдийн дунд голдуу ажилласнаас биш конторт суух нь гол биш байсан билээ. Хүмүүс хаана ч байдаг тул тэдэнтэй уулзах нөхцөл бүрэн хангалттай. Гагцхүү хүний ярианд анхааралтай хандаж, авах гээх юмаа олох нь чухал. 

-Сүүлийн үед уран бүтээлд тань ямар өөрчлөлт хийгдэж байгаа вэ? 

-Сүүлийн үед зүсээ хувилгах хэрэгцээгүй тул хуучнаараа л өгүүл­лэг, тууж, нийтлэл бичиж байна. Харин баримтат, асуудалт нийтлэлд л гол үгээ зориулж байна даа. 

-Таныг нарийн бичгийн дар­гаараа хэзээ ч эмэгтэй хүнийг сонгож ажиллуулж байгаагүй гэж сонсч байсан. Үүнд ямар шалтгаан байсан бэ?

-"Нарийн бичгийн дарга" гэдэг нэр томъёо бас л зээлдмэл хуул­бар юм. Томоохон дарга нар энэ албанд хүүхнүүдийг голчлон ажил­луулдаг нь бүүр зуршил, бас орос өвчин юм. Би ердөө л хоёр то­хиолдолд "нарийн бичгийн дарга" гэдэг туслагчтай байлаа. Нэгд, Эвлэлийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байхад (өөрөө нэгдүгээр нарийн бичгийн дарга, үүдэнд суудаг нь бас "на­рийн бичгийн дарга" шүү), мөн "Үнэн" сонины Ерөнхий эрхлэгч байхад тус тус үүдэндээ "нарийн бичгийн даргатай" байв. Хоёулаа л залуухан хархүү байсан. Тэд үнэн хэрэгтээ "туслагч нар" юм л даа. Ер нь ч тэгээд үүдэндээ эмэгтэй хүн суулгачихаад түүнийг зарц, шивэг­чин шиг ажиллуулж байх нь ёс суртахууны нэгэн төрлийн гажиг юм. Өөр шалтгаан байхгүй л дээ. 

-Та зохиолч нөхдийнхөө тухай дурсахгүй юу. М.Цэдэндорж гуай, С.Дашдооров гуай та гурав багын найзууд бил үү?

-М.Цэдэндорж ч  С.Дашдооров ч ял­гаагүй бид бага ангийн багш бэлтгэдэг "их сургууль" болсон багш нарыг бэлтгэх сургуулийн сураг­чид байлаа. Их сургуульд багшлах чадвартай, өв тэгш хүмүү­жилтэй бага ангийн багш бэлтгэдэг үеийнх нь сүүлчийн сурагчид бид байсан гэж болно. Зураач, дуучин, тамирч­наар алдаршиж болох ч бид хэд зохиолч болохоор сонгосон юм. Тэр сонголт ч зөв байсан бололтой.
Н.ПАГМА /Өдрийн сонин/                                                                                                                        2010оны 07сарын05 

No comments:

Post a Comment