Ноён шовх сарьдаг нь буурал аавыг нь орлосон
Номхон дөлгөөн хүмүүс нь ачит ээжийг нь санагдуулсан
Мөнгөн оройт Алтайгаа мөрлөн дэвж төрсөн
Монгол бөхийн босоо хийморь заан Давааням сайн бөх!
Хурга ишигний бэлчээрт дээлийн суга урж
Хуй салхитай өдөр ч адуун дэл дээр дарцагласан
Улаан хамбан зодгондоо хүч бяраа цогцлоосон
Улсын заан Давааням-Алтай нутгийн хүчтэн!
Энх цагийн манаанд нүд цавчаагүй хурандаа
Эргэх хорвоогийн орчилд хөл алдаагүй эр
Өврийн гурван хүүдээ зодог өмсгөсөн аав
Өөрт заяасан ханьдаа насан туршын багана!
Монгол бөхийн түүхэнд нэрээрээ мөнхрөх алдартан
Монгол бөхийн өргөөнд нэр дуурсагдах гавъяатан
Онгод найргийн тэнгэрт шүлэг тэрлэсэн найрагч
Ойртож нөхөрлөсөн хэнд ч болов хүний цагаан хайлан!
Алтайн Давааням зартай бөх
Алсдаа харин гавъяат хуульч
Мэдлэг, боловсрол, бөх гурваараа мэргэн шагай
Мэрийж хийсэн мэх нь заан бөхийн зангарга
“Зулай цагаан Алтай” дууны бадаг мөрийн эзэн
Зуун дамжсан монголын бөх аймгийн голомт
Арвай хээрийн хошуунаас авгай авсан азтан
Алиа хошин зангаараа тодорч гарсан хурандаа
Төв цэнгэлдэхийг Даваанямгүйгээр төсөөлж болохгүй
Төрийн наадмыг заангүйгээр үзэж барахгүй
Өндөр Алтайг Даваанямгүйгээр давж чадахгүй
Өрсөн шүлгээ заангүйгээр уншиж дөнгөхгүй ээ!
Монгол бөхийн тоосонд нэр бүтэн заан
Морьтон монголын хийморь зодог өмссөн таньдаа
Өнөд мөнх наадмын дэвжээ дүүрэн бөхтэй
Өөдлөх саруул амьдралын сүр чимэг болж явахыг
Өчүүхэн цэргийн начин би ерөөж шүлэг тэрлэв ээ!
Энэ шүлгийг 2004 онд бичсэн юм.
Цэргийн начин А.ТЭГШЭЭ эх сурвалж: http://hiimori.mn/
hi nzaa blog saikhan bolj bn ulam nice bolgooroi amjilt
ReplyDelete