Тосон бор царайтай, сэргэлэн нүдтэй, дөрвөлжин биетэй, гялалзсан хархүү Улсын наадмын талбай дээр есөн хүнтэй барилдан унагаад түрүүлэв. Эрийн гурван наадмын нэгд нь эр чадлаа тодруулан гаргаж, олны өмнө анхаарлыг татсан одоо хүртэл олонд нэр гараагүй энэ шинэ залуу бөх бол Завхан аймгийн Жаргалан сумын 3-р багийн, одоо Дотоод явдлын яамны Хязгаарын цэргийн одон тэмдэгт морин хорооны салааны дарга 25 настай Шаравын Батсуурь гэдэг байжээ. Газар дороос гараад ирсэн юм шиг залуучуудын дотроос тодорсон алдар цолгүй энэ шинэ бөх бол олны таньдаг алдарт хүчит бөхчүүд Цэвээнравдан арслан, Цоодол заан, Моломжамц заан, Балбар заан нарыг дийлэв. Батсуурь анх 18 настайгаасаа эхэлж барилдахдаа сумын наадамд 3 дахин түрүүлээд аймгийн наадамд 5 давж, улсын наадамд 1944 онд 4, 1946 онд 3 давсан юм байна. Батсуурь барилдахдаа олон янзын арга хэрэглэдэг боловч онцолж хэрэглэдэг арга нь суйлах, хий гуядах,гүйх, эвийг нь тааруулж байгаад цохих аргууд юм гэнэ. Yзүүрт үлдсэн Цоодол зааныг суйлж аваад, эс болохоор нь урагш нь түлхэж дараад газар хэвтүүлжээ. Цэвээнравдан арсланг суйлаад тонгорох гэхээр нь дагуулж аваачаад цааш нь түлхэж даржээ. Батсуурь арга мэх, хүч чадлыг хослуулж байгаад 1-ийн даваанд цэргийн Раднаа, 2-ын даваанд цэргийн Авдай, 3-ын даваанд цэргийн Цэдэндорж, 4-ийн даваанд Готов, 5-ын даваанд Хязгаарын газрын Бадамсэрээжид, 6-гийн даваанд цэргийн Балбар заан, 7-гийн даваанд Булганы Моломжамц заан, 8-ын даваанд цэргийн Цэвээнравдан арслан, 9-ийн даваанд Цоодол заан нарыг дийлжээ. Батсуурь Улсын наадамд барилдах гэж онц их бэлтгэл хийсэнгүй харин долоо хоног амарч, айраг ууж байсан байна. Биеийн тамирыг хийх явдал бол чадал тамирыг нэмэхэд их тустай байна. 1942 оноос эхлээд өглөө бүр гимнастикийг алгасалгүй хийж байжээ. Биеийн тамирын анхны мэдэгдүүхүүнийг сайн мэддэг болов уу гэж ярьж байна. Батсуурь бол манай залуучуудын дотроос тодорч байгаа шинэ залуу тамирчдын нэг мөн юм. Батсуурийн ярих нь, манай нам, засгийн удирдагч, манай Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Бумцэнд, Намын төв хорооны нарийн бичгийн дарга Сүрэнжав нар, надад олон арга мэхийг шинээр сурч, улам сайн барилд гэж сургав. Би биеийн тамирыг тасалдахгүй хийж байна. Архи уухыг цээрлэнэ. Дараа жилд сайн бэлтгэл хийж байгаад нам, засгийнхаа удирдагчдын сургаснаар олон шинэ арга мэхийг сурч барилдана гэж ярив. Манай хувьсгалын 26 жилийн ойн баярын бөхийн наадамд Батсуурийг түрүүлэхтэй хамт түүнийг Дотоод явдын яамны сайд, хошууч генерал нөхөр Цэдэв өөрийн бугуйн цагаар шагнав. Ш.Батсуурийг түрүүлдэг энэ наадамд 1946 оны 1024 бөхийн түрүү, үзүүр дархан аварга Б.Түвдэндорж, аварга Ц.Чимэд-Очир барилдсангүй. Тэд Чехословак улсын Прага хотноо болсон Дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадамд төлөөлөгчөөр оролцоод эзгүй байлаа. Ш.Батсуурь шинээр арслан цол хүртээд Улсын наадмын дараа болсон Архангай аймгийн наадамд барилдаж одоогийн Батцэнгэл сумын харьяат, аймгийн арслан С.Шаравт унаж үзүүрлэлээ. Улсад торолгүй түрүүлсэн хүчтэн аймагт баралгүй үзүүрлэсэн нь хаашаа юм болж байна. Бөх хүн бүдүүн өвсөнд гэгч болов уу? Энэ наадмын талаар Архангай аймгийн арслан О.Должинсүрэн, -Манай аймгийнхан хавчиж байгаад түрүүлгээгүй юм. Нэгийн даваанаас эхлээд Ш.Батсуурьтай бяртай учраа тааруулж, аль болох зуурч уяж барилдахыг зааж “тэртээ тэргүй унах хойно мэх хийгээд хэрэггүй, жаахан ч болов тэсч тамирыг нь барахыг бод” гэж зөвлөж байлаа. Орон нутгийн наадам гэж хэлээд ганцхан гурвын даваанд ам авахуулаад дээших даваанд нь дандаа хүчтэй хүмүүстэй тулгаж барилдуулсан. Ш.Батсуурь уддаггүй маш шуурхай сайхан барилддаг бөх шүү дээ. Тоос манан татуулаад учраагаа халаад суйлаад, хар тавхайгаар гүйж хамаад зогсоо зайгүй хөдөлгөж барилдаж дунгуй хадуулан давж байлаа. Гэхдээ л бяртай олон хүнээр дараалан зууруулчихаар сүүлдээ өөрийн эрхгүй цуцаж сарвайсан. Үзүүр түрүүнд яаж ч чадалгүй Баян-Уул сумын С.Шаравт унасан юм. Манай Архангайнхан наадмаа алдсангүй, тэгэхдээ бүр улсын түрүү бөхөд, шинэ арсланд шүү гээд мөн ч их баяр хөөр болсонсон. Гэвч тэрээр аварга болсныхоо дараа улсын наадмын дэвжээн дээр, ингэж гадуурхсаны хариуг бидэнд барьсан даа. Ш.Батсуурь аварга “Би ч энэ жил Архангайнхантай наадах ёстой хүн дээ” гэж гутлынхаа түрийг алгадаж ам авахаар босч байна гэж сонсогдоно. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр манай аймгийн нэг бөхийг амлаж хаях гэж байгаа хэрэг. Миний л мэдэхээс тавхай Д.Лувсанг заан, Д.Найданг начин болж шөвгийн наймд үлдэхэд амлан хаяж байв. О.Лувсандондовыг зургаад нэг авч унагасан. Өлзийт сумын З.Мялыг дөрөв давахад нь, Ч.Адъяа зааныг улсын цолонд хүрээгүй байхад нь начны тавын даваанд аваад хаячихаж билээ хэмээн тээр жил хуучилж байв. ХОЁР АВАРГА ШАЛГАЛТ АВСАН НААДАМ Дэлхийн залуучууд оюутны анхдугаар их наадамд наадамдаад явсан Б.Түвдэндорж, Ц.Чимэд-Очир аваргуудын эзгүйд түрүүлсэн Ш.Батсуурь арслан, Г.Цоодол заан хоёрын шалгалт өгсөн Улсын баяр наадам 1948 онд боллоо. Энэ наадамд хоёр дахиа үзүүрлэж улсын арслан болсон Г.Цоодол “Бөхийн хорхойтнууд, ноднин түрүүлэх хоёр бөх эзгүй байлаа, маадгар явдаг хоёр ч одоо хулчийж байгаа биз гэх зэргээр түмэн янзаар ярьж Батсуурь бид хоёрын хор шарыг хөдөлгөнө.Тэгэхээс тэгэх гэсэн аятай долоогийн даваанд Түвдэндорж аварга Батсуурийг, Чимэд-Очир аварга намайг амлалаа.Тэд биднийг хаяад хаяад өгье гэж хэл амаа нийлүүлсэн болж таарлаа. Аваргууд амлахад болохгүй гэх газаргүй, улсын начин Ж.Төмөртогтох, улсын арслан Д.Самбуу нар байсан. Цаана нь хужаа Ө.Чүлтэмсүрэн арслан, Ж.Цэвээнравдан нар бас зургаа даваад байсныг бодохоор үнэнч байж болмоор юм шиг. Амлаж авсан цуутай аваргыг бид хоёр ширүүн л хаясан даа. Ш.Батсуурь Түвдэн аваргыг хаяж байгаа нь кинонд гардаг юм билээ. Би ч түүнээс дутуугүй шуурхай барилдаж Ц.Чимэд-Очир аваргыг дор нь унагасан. Бүр гурав, дөрвийн даваанд биднийг амлаад хаячих гэж хатгагсад байна гэж нэр устайгаа дуулдаж байсан шүү, базарваань” гэж хуучилжээ. Ш.Батсуурь хоёр дахь удаагаа түрүүлж улсын аварга цол хүртсэн энэ наадмын тухай сонины сурвалжлагч “6-гийн даваанд Батсуурь, Самданжигмэд, энэ хоёр арслангийн барилдахыг наадамчин нар онцлон сонирхож байсан бөгөөд гэтэл Батсуурь нь Самданжигмэдийг тун бахдалтай сайхан хаяв. Тэгээд 7-гийн даваанд үлдсэн 8 бөхөөс Улсын даяар дуурсагдах дархан аварга Түвдэндорж Батсуурь арсланг, Чимэд-Очир аварга Цоодол зааныг амлан авч барилдав. Түвдэндорж, Чимэд-Очир нар тус тусын амлан авсан залуу бөхчүүдтэй хүч чадлаа үнэхээр гаргаж барилдсан боловч яаж ч чадсангүй тус тусынхаа аманд айхтар сүрхий хаяулав. 8-ын даваанд Батсуурь, Цэвээнравдан, Чүлтэмсүрэн арслан, Цоодол заан нар үлдээд Чүлтэмсүрэн арслан Цоодол зааныг амлан авч барилдаад түүнд унав. Тунаж үлдсэн Батсуурь, Цэвээнравдан хоёр барилдаад Батсуурь нь давав. Энэ учраа өнгөрсөн жилийн 26 жилийн ойн баяр наадмын үзүүрийн 2-т үлдсэн Батсуурь арслан, Цоодол заан хоёр 8 давж энэ жил үзүүрийн хоёр бөхөд дахин үлдээд Батсуурь арслан Цоодолыгоо унагаж, Улсын 27 жилийн ойн их баяр наадамд дахиан түрүүлэв. Маршал Чойбалсан түрүүлсэн бөх Батсуурьт баяр хүргэж цаашид улам сайн барилдаж байхыг хүсч бугуйн секундомер цагаар шагнав” гэж бичжээ. ХУУЧНААР ЗАВХАН АЙМГИЙН ЖАРГАЛАН СУМЫН ХАРЬЯАТ Дархан аварга Ш.Батсуурь нь харьсан хойноо, 42-тойдоо 1964 онд 6-гийн даваанд Архангай аймгийн Өлзийт сумын харьяат, өөрөөсөө 13 дүү бяр ноцолдогоо нь ид жигдэрсэн 29 насандаа яваа, улсын арслан Ж.Чойжилсүрэнг амлаж орхин шөвгийн наймд шалгарчээ. Хязгаарын цэргийн газрын бөх хэмээн хамтдаа дуудуулан, наадмын зүлэг ногоон дэвжээнээ нэгэн цаг үеийг эзэлж явсан даян аварга Ц.Чимэд-Очир энэ давааны дараа түүнтэй харгүй сайхан яриа өрнүүлэхэд Суурь аварга, 1946 онд улсад барилдахдаа танай Хашаат сумын сөлөнгөө Л.Ёндон заанд нэг ойчоод, дараа нь улсад түрүүлсэн жилээ аймагт чинь очиж С.Шаравт нэг ойчоод Архангайнханд унах тоогоо гүйцээсэн хүн дээ гээд инээж байсан гэдэг. Орон даяар өөлдийн гурван арслангийн нэг алдаршсан Ж.Чойжилсүрэн нь 1958 онд улсын цолгүй бөх байхдаа 512 бөхөөс 8 давж үзүүрлэн начин цолыг алгасан заан цолонд хүрсэн бөгөөд 1959 онд 7, 1960 онд 6 давж шөвгөрөөд, 1961 онд зохиосон Бүх ард түмний анхдугаар спартакиадад түрүүлж улсын арслан болсон байв. Учраагаа хавирчихаад унасан эсэхийг харалгүй дэвээд явчихдаг, ард нь нөгөө бөх нь ойчиж байдаг, буцаж ирээд тахимаа авдаг аатай иртэй сайн барилдаж байсан цаг үе байлаа. Ж.Чойжилсүрэн арслан 1962 онд улсад хоёр дахиа үзүүрлэн, 1963 онд 7 даван шөвгийн дөрөвт шалгарсан билээ. 1964 онд мөн л амжилттай сайн барилдаж 5 давж шөвгийн 16-д шалгараад цолныхоо эрэмбээр зургаагийн даваанд Д.Дамдин, Ш.Батсуурь, С.Цэрэн гурван аваргын дараа ам авахаар бэлдэж байтал хоёрт боссон Суурь аварга өөрийг нь амлах нь тэрээ. Аварга, арслан хоёр наадмын бэлтгэлээ Тэрэлжийн амралтад хамт хийжээ. Бэлтгэл дээр хоорондоо олонтаа барилдацгааж. Суурь аварга Чойжилсүрэнд гүйх мэх хийж түүнийг жаахан зайлахаар уначихна.Унах бүртээ, бяр харьж хөл муудах хэцүү юм даа хэмээн үглэнэ. Ингэж тувт унадаг байсан хэрнээ зургаад амлачихаж байгаа нь энэ. Ш.Батсуурь аварга бэлтгэл дээр хийгээд хаядаггүй байсан харваж суйлдаг мэхээрээ Ж.Чойжилсүрэн арсланг өвдөг шороодуулсан байна. Хожим нь “Тэр жил Чойжилсүрэн онцгой сайн байсан. Хаявал тэр биз, унасан ч сайн хүнд уная гэж бодоод амласан. Харваад дайрчихсан чинь уначихсан, түүнийг тэгж амархан ойчно гэж бодоогүй. Бэлтгэл дээр дутаж байсан нэг алхмаа гүйцэд гишгэсэн юм байлгүй” хэмээн ярьдаг байлаа. Улсад 2 түрүүлж, 3 үзүүрлэн, нийтдээ 15 удаа шөвгөрсөн дархан аварга Ш.Батсуурь нь Улсын баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ 1945-1972 онд 27 жил зодоглохдоо Архангайн бөхчүүдтэй тунаа мушгиа, оноолтоор таарч, мөн амлуулж, амлаж барилдах бүртээ сөлөнгөө Л.Ёндон заанд унасныг эс тооцвол бүгдийг нь өвдөг шороодуулж явсан сонин намтартай юм билээ. Архангай ч, Завхан ч, Говь-Алтай ч тэр зүгээр л Монгол Улсын засаг захиргааны нэгж. Тиймээс үүнд нэг их ач холбогдол өгөөд, Суурь аварга Архангай аймгийн бөхчүүдэд унадаггүй байсан нь ямар учиртай бол гээд эрдэмтэн Ч.Эрдэнийн Супер нэгдлийн онолыг ойлгохыг хичээх шиг толгойгоо гашилгаад яахав, энэ бүгд зүгээр л тохиолдол биз. Аваргын төрсөн сум-Жаргалан нь 1954 он хүртэл Завхан аймгийн харьяалалд байгаад сүүлд Говь-Алтайнх болсон. Харин сум нь Говь-Алтай аймагт шилжчихээд байхад Ш.Батсуурь аварга хуучнаар Завхан аймгийн Жаргалан сумын харьяат гэж зодог тайлах хүртлээ 18 жил цолоо дуудуулсныг мэдэх хүмүүс нь мэднэ дээ. Б.Ерэнтэй эх сурвалж: http://mongolbukh.mn |
Monday, July 4, 2011
1947, 1948 оны түрүү бөх Ш.Батсуурь
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment