Үйтэн хуар дээлний товруу хээ шиг содон
Үхэж төрөх заяаны уулзах цэг шиг эмзэг
Үүл сульдааж амраасан дэлхийн чимэг уул минь
Ус өвсөнд умбасан ургаа Хар азарга билээ.
Танан улаан наран суганд нь сульдаж хүрдэг
Талын бор толгод унага шиг жоохон харагддаг
Тал саран авхайг чулуун хэлтэрхий дээр амраадаг
Тахилтай салхиар янцгаасан Хар азарга уул билээ.
Өвөг дээдсийн минь өлгий
Өөрийн минь ээж аавын минь өлгий
Энэхэн биений минь өлний
Эх үрсийн минь өлгий
Дээдэс өвгөдийг минь өлгийдсөн болохоор нь
Бурхан нуруу гэдэг юм би
Дээвэр цоорхой тэнгэрт нь ойрхон болохоор нь
Сүмбэр уул гэдэг юм би
Дээд тэнгэрийн тахилгатай болохоор нь
Чингисийн нуруу гэдэг юм би
Дэлхийд, морины нэртэй болохоор нь
Азарга нуруу гэдэг юм би
Торон жирэн зэрэглээг нь
Далай гэж андуурдаггүй болохоор
Би говийн хүү
Толгой эргэм хар азаргатаа
Дөрөөлж наадсан болохоор
Би Алтайн хүү
Тиймээ би Говь-Алтайн хүүхэд
Тэлмэн жороо гол элс хоёрын садан
Тиймээ та бид чинь хангай говийн төрлүүд
Тэнгэр эхийн доорхи хайр нэгтэй үрс
Хөвдөл хөрстийг ч хөмөрч мэдэх
Хар азарга уул гэж бий
Тахиж хэрвээ чадвал тавилан заяаг тань ивээх
Тамга уул аяа миний Хар азаргын нуруу
No comments:
Post a Comment