Monday, July 4, 2011

Л. Түдэв: “Би аймгийнхандаа хэлдэг. Бид Увсынхан шиг нэг клуб болж явах ёстой шүү гэж. Тэгвэл хүчирхэгжинэ”.




Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Лодонгийн Түдэвтэй Алтай нутгийн тухай товчхон хөөрөлдсөн ярилцлагыг нутгийнхандаа толилуулж байна.
-"Алтан титэмт Алтай"-гаараа тэргүүн байрын эзэн болсонд тань баяр хүргэе. Үнэхээр Алтайн нуруу бол алтан титэмтэй мэт харагддаг шүү дээ?

-Олон өнгөтэй, чансаатай бүтээл уралдаанд ирсэн байна лээ. Миний эссэ түрүүлнэ гэж бодсонгүй. Намайг хүндэлсэн юм болов уу. "Алтан титэмт Алтай" гэдэг өргөмжлөлийг товчилбоос "АТА" гэдэг үг болно.
 -Энэ үг ямар утга учрыг агуулдаг хэрэг вэ?
-Тэр бол өвөг Монгол хэлнээ "Аав" гэсэн утгатай байж. Одоо ч монгол гаралтай олон хэлэнд тэр хэвээрээ үлджээ. "Атайл" гэж улсын эцэг хэмээн өргөмжлөгдсөн Хүн улсын нэгэн монгол хаан өрнөдөд алдаршиж, үлгэр домог, дуу хуур, түүх шаштирын мартагдашгүй нэгэн баатар нь болон мөнхөрсөн юм.
-Ромын эзэнт гүрнийг мөхөөхөд хүргэсэн Хүннүгийн  хаан Атиллаг хэлж байна уу?

-Тийм. XXI зууныхны удирдлагын ухааны өвөрмөц үлгэр дууриал болж байна. Тэр арга билиг нь барууны өндөр хөгжилтэй орнуудын ажил хэрэгч хүмүүсийн ширээний ном болсон. Уэсс Робертсын "Хүннүгийн хаан Аттилла-удирдахуй ухааны нууц" гэж ном бий. Атиль буюу улсын эцэг хэмээн өргөмжлөгдсөн тэр хүннү дайчин Алтайн уулсаар нутаглаж баруун зүгийн орнуудыг эзэгнэх түүхэн аян дайнд анх мордсон юм.
Тэр цагтаа төмөр хайлуулж, хатан болд илд хийдэг байсныг нь өрнөдийнхөн "акинаки" гэж нэрлэсэн. Богиновтор, бага зэрэг махигар тэрхүү сэлэм нь тухайн үедээ сонгодог зэвсэг байжээ.
-Алтайн төмрөөр хийсэн зэвсэг барууны ертөнцийг сөхрөөсөн байх нь ээ?

-Алтайн төмрөөр ширээж, давтаж хийсэн тэр илд их хаттай тул барууныхны төмөр жадыг тас хяргачихдаг байж. Харин японууд өнөө хүртэл тэр нууцыг хадгалан авч, нэрийг нь ч бас "катана" гээд самурайн илд хийсээр ирсэн. Атиллийн үеийн өвөг дээдэс маань барууншилснаас хойш Алтайн төмрийн дархны ажил аажмаар орхигдож, уурхайнууд нь нууцлагдан хаягдсан байж мэдэх юм. Бас монгол газарт "ширмэн тогооноос өөр төмөрлөг зүйл оруулахыг хорьсон" харийн бодлого ч нө-лөөлсөн байх шалтгаан ч бий.
-Алтайн уулсаа монголчууд яг таг мэддэггүй нь таны ярианаас харагдлаа?
-Алтайн уулс бас төмөр илднээс гадна алтан дуулгыг Монголчуудад хайрласан. Аптай гэдэг үг өөрөө ч "Алттай" хэмээх нэр болохыг дээр үед нэг орос эрдэмтэн нотолсон байдаг.
-Тэр нь юу гэж?

-"Алт манасан тас" (золото стригущий гриф) номдоо өгүүлсэнтэй нь би одоо ч санал нэг яваа. Алтайн алт нь цас мөсөөр хучигдсан их оргилуудад биш, түүнээс дооших ханхар цээж, өргөн хормойд нь хадгалаастай байгаа хэрэг. Манай түүхийн будан гүдэнд тэр бүхэн бүдгэрсээр одоо Алтайн алтыг мэдэх хүнгүй мэт. "Алтан титимт Алтай" бюу АТА гэдэг аав-уулсын хамгийн үнэт, хамгийн мөнх, хамгийн дуусашгүй баялаг бол түүний элэг цээжинд наалдаж, хормойд нь хөлбөрч, өсөн үржиж, өөдлөн солигдсоор ирсэн монгол хүн юм шүү дээ.
-Яг одоо аав Алтай уулаа түшин нутаглах Говь-Алтайнхан аймгийнхаа 70 жилийн ойг тэмдэглэх гэж буй нь сайхан хэрэг ээ?

-Баяртай байна. Алтайнхан маань өмнө нь ч засаг захиргааны нэгж байгуулж байсан. Монгол овогтны сүүлийн гурван том гүрний хамгийн дүүмэд нь болох Чингисийн эзэнт гүрний түүхээс гэрч аваад үзье. Их гүрнийг байгуулахад тулгуур болсон зургаан том овогтны нэг Жалайрын Мухулай жанжинд Чингис хаан "Улсын ван" цол олгож өмнөд хязгаарын захирагчаар томилж байв. Өөр хэнд ч "ван" цолыг их хаан өгөөгүй. Ван гэхээр л хятад үг гэж бодож болохгүй. Тэр нь өвөг монгол хэлний "ноён" гэсэн утгатай үг. Одоо ч Польш зэрэг улсын хэлнээ "пан" гэж хэрэглэгдсээр байна. Гоо ван Мухулайн жалайрууд Чингисийн эзэнт гүрний баруун зүгийн байлдааны гол хүч болж Алтайн чинадад илгээгдэн их гүрнийг тэлсэн. Өнөөг хүртэл Дундад Азид Жалайрууд хүн амын цөөнгүй хэсэг болон үлдсэн юм. Харин Алтайн уулсын өмнөд цэг Төмөр Хавын үзүүрээс хойших хил хязгаарыг сахин суулгасан есөн овгийн зонхилох хэсэг нь мөн л жалайрууд байсан нь өнөөгийн Говь-Аптай аймгийн хүн амд томоохон байр суурьтай байгаа шүү.
-Түүхийн учгийг атган, хөөн шүүрдэж үзвэл сонин баримт гарч ирдэг юм байна лээ?

-Тэр ч байтугай мөнхүү хязгаар нутгийн захирагчаар Чингис хаан бага насныхаа үнэнч нөхөр, хүлэг баатар Боорчийг томилсон нь үнэн хэрэгтээ Монгол нутаг дахь анхны засаг захиргааны нэгж байсан гэлтэй. Боорчи баатрын эзэмшиж асан нутагт одоо ч Боорчийн хоолой, тайлгат Тайгам нуур, хаадын нойрссон Хантайширын нуруу гэж байсаар байна. Боорчийн хоолойн хөвгүүн яруу найрагч Х. Чилаажав энэ уралдааныг зохион явуулсанд баярлаж байна. Энэ жилийн наадмаар мөн л тэр нутгийн адуу түрүүллээ. Сайхан байна шүү. Сүмогийн их арслан Ж.Бямбадорж гадаадад одтой барилдаж байна. Ямар ч нутгийн хамгийн том баялаг нь хүмүүс байдаг. Манай аймагт Монголдоо тэргүүлэх зохиолч, эмч, төрийн зүтгэлтэн, генерал, дуучин, жүжигчин олон байна. Үүний илэрхийлэл бол энэхүү олны хүртээл болж байгаа "Миний Алтай" ном боллоо. Ном бол хамгийн дурсгалтай, хойч үедээ үлддэг, түгээмэл эрдэнэ, бэлэг юм. Энэ номоороо Говь-Алтай төдийгүй Монголын бүх өнцөг булан бүрт бэлэг барьчихлаа. Номоор бэлэг барьдаг аймаг олон бус. Хөшөө суварга босгодог, морь, бөх уралдуулж, барилдуулдаг нь олон л доо. Ном бүтээх, бэлэглэх л үнэтэй. Манай аймгийн зохиолч, эрдэмтний тоо нь тус бүр 200 хол давсан байдаг юм. Дуучин цөөхөн байсан бол одоо олширч байна. "Миний Алтай" номд миний шавь С. Пүрэв, С. Лочин нарын бүтээл хүндтэй байрыг эзэлсэнд бахархаж сууна. Аймгийн төвийг Есөнбулаг нэртэй байхад ганцхан дунд сургуульд нь багшилж байх цагт надаар Марк Твений романуудыг яриулж суудаг байсан шавь нар дотроос маань арваад зохиолч төрөн гарч билээ. С. Лочин, С. Пүрэв, Т. Юмсүрэн, Ж. Гал, Ш. Шажинбат, Б. Дорж, Г. Дагвадорж, Нанж.Лхагва, Д. Цахилгаан, С. Донид гэхчилэн өнөө үед нэрд гарсан зохиолчдыг сураг байхаас нь мэдэх юм. Шинэ зуунд төрийн эргэлт биш оюуны эргэлт хийх үйлсийг Говь-Алтайнхан хийж чадахаа харууллаа.
-Тухайлбал?

-XXI зууны мэдээлэл хангамжийн шинэ хувьсгалыг Алтайн залуус хошуучилсан. Хөгжил дэвшлийг гүйцэхээр хойноос нь хөөх бус харин тосч угтан эзэмшихийн гайхамшигтай ач тусыг эх орон нэгтэндээ "Мобиком" анхлан нээж өгсөн. Санаачлан гүйцэтгэгчид нь дэлхийн II дайны үед аймгийн "Түмтийн штабын дарга" явсан Цэрэнпунцаг гуайн хүүхдүүд юм.
-Аавын олон сайхан үрстэй танай аймаг түүхт 70 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэхийн эхлэлийг "Миний Алтай" ном тавьсан болов уу?

-Тэгж байна. Хаадын нойрссон Хантайширын нурууны наад бэлд одоогийн Алтай хот далан жилийн тэртээ ханаа шийрлэж, тулгаа тулсан юм. Монгол орныг аймагласан засаг захиргааны анхдагч Боорчи баатрын уламжлал хэдэн зууны дараа жалайр хунтайж Гэрсэнзийн үед шинэ журамд орсон. Халх дөрвөн аймгийн анхдагч нь Засагт хан нэртэйгээр Гэрсэнзийн удирдлагаар байгуулагдаж тэр үлгэрээр Сайн ноён хан, Түшээт хан, Сэцэн хан аймгууд байгуулагдсан хэрэг. Түүний дараахь нэгэн зуун арваад жил буюу 1911 онд Монгол үндэстнээ аврах Үндэсний хувьсгалыг хийхэд Засагт хан аймгийн Засагтханы хошуунаас аймгийн хан Содномравдан Их хүрээнд ирж нууц хуралдаанд оролцобайв. Оросын хаанд захидал бичихэд гарын үсэг зурж илгээсэн бөгөөд харамсалтай нь харийн тагнуулын явуулгад өртөж амь насаа алдсан юм.
-Алтайнхан бахархан дууриах төр, цэргийн зүтгэлтэн олонтой гэж сонссон?
-Гоо ван Мухулай, хүлэг баатар Боорчийн уламжлалыг Алтайнхан шинэ зуунд өндөрт өргөсөөн. Үндэсний хувьсгал, ардын хувьсгал, Халх голын дайнд гавьяа байгуулсаар ирсэн. Монгол ардын цэргийн яамыг тэргуүлэн олон жил ажилласан Ж. Авхиа, Ш. Жадамбаа, Дотоод яамны сайд Д. Цэдэв, Ж. Баатар, цагдаагийн байгууллагыг шинэчилсэн Б.Пүрэв зэрэг генералыг нэрлэхэд л ойлгомжтой.
-Төр, нийгмийн зүтгэлтнүүдийг тоочоод ч баршгүй биз дээ?
-Төрийн сайдаас эхлээд Ерөнхий сайдыгхүртэл өндөр албыг нэр төртэй хашигчдын дотор эсэргүү гэгдсэн Мэнд сайдаас эхлээд Ц. Лоохууз, С. Аварзэд, Гадаад яамны болон Хөдөө аж ахуйн сайд Л.Ринчен, Гадаад худалдааны сайд Очир, Боловсрол соёлын сайд А. Цанжид, Соёлын дэд сайд Ч. Лодойдамба, нийслэл хотын мээр Цэдэв, Т. Билэгт гээд нэрлээд байвал урт жагсаалт болно. Тэр бүхнээс цойлон гарсан Ерөнхий сайд П.Жасрайг бүр ч мартаж боломгүй.
-Эрдэмтэн, соёл урлагийн зүтгэлтнүүдээр ч, эмч, багш, хөдөлмөрийн баатар, нэгдлийн алдарт дарга нараараа ч нүүр бардам явах учиртайяа?
-Зохиолч, эрдэмтдийн тоо нь тус бүр 200 гараад явчихсан аймаг. Олонд нэрд гарсан цуутай эмч Б. Рагчаагаас эхлээд зүрхний бурхан Ц. Бундан, гавьяат эмч /миний шавь/ З. Сарайдамбыг хүртэл хэдэн зуун шилдэг эмч нар, Элчин сайд Д. Цахилгаан, Осорын Эрдэнээ, Х. Даваадаш нараас эхлээд гадаад харилцааны нэртзүтгэлтнүүд, гавьяат багш Б. Чимэд, Н. Бадарч, Б. Гомбоос эхлээд ардын багш Ж. Дүгэр, Хөдөлмөрийн баатар тэмээчин Үрчгэрээс эхлээд Т. Дүйнхэр, Н. Дугуйцагаан, нэгдлийн дарга Г. Лодойхүү, Чулуун, Ядамхүү, Цээсүрэн хүртэл ажилсаг, санаачилгаараа алдаршсан хүмүүсийг тоочивч баршгүй нь ээ.
-Та дуучид ч сүүлийн үед төрж эхэллээ гэж дээр дурссан?
-Гавьяат дуучин З. Дашбалбар, Ц. Оюунцэцэг, Г. Болормаа, Н. Рина, Ч. Бат-Эрдэнээс эхлээд Н. Энхбатыг хүртэл ардын домогт дуучин Г. Повронгийн уламжлалыг шинэ төвшинд гаргах авьяастнууд төрж гарсаар нэрт жүжигчин Б. Лоовойн араас тайз, дэлгэцийн одод тодрон түгж эхэлсэн. "Монголын нэг өдөр" гэдэг хошин бөгөөд олон баатар, өргөн өгүүлэмж бүхий зурган "роман" анхлан бүтээж, монгол зургийн урлагт хувьсгал, шинэчлэл хоёрыг зэрэг хийсэн Засагтханы алдарт Марзан Шаравын уран бийрийг түүний төрсөн нутгийн хөвгүүн зураач Д. Мөнх газар унагалгүй өргөн барьж гавьяат зураачийн зэрэгт хүрсэн. Алтайн ахмад зураач Б. Чогсом Монгол, Францын Ардын зураач цолоор шагнуулсан цорын ганц монгол зураач юм. Сонгодог уран зураг оргилдоо хүрч хөгжсөн Франц улсаас ийм өндөр үнэлгээ авна гэдэг ганц Говь-Алтайн бус Монголын бахархал юм аа.
-Таны дээр өгүүлсэн дэлхийн хөгжлийг тосч түрүүлнэ гэдэг үг сайхан санагдлаа?

-Тийм ээ. Манай аймгийнхан юм бүхнийг санаачилдаг адтай. Одоо яриад байгаа нанотехнологийг ч санаачилж байсан баримт бий шүү. Ерөөс Говь-Алтайг төрөөс тусгаарлагдсан сав болгон үлдээсэн юм. Улсын чанартай үйлдвэр, барилга, зам харгуй байхгүй л байсан. Одоо ч хэвээр. Энэ "тусгаарлагдсан сав"-ны тухай миний бичсэн зүйл бий. Хожим Говь-Алтай л эх орныг маань аврах том талх байж магадгүй. Баялаг их бий л дээ. Хулан, бөхөн, аргаль, угалзыг нь харийнхан буудаж дууслаа. Та нар хар л даа. Богд уулыг өмлөж цөмлөж эхэлсэн. Урагшаа нь хятадууд, хойшоо нь оросууд эзэмшиж байна. Эх орон минь удахгүй ухсан нүх л болж үлдэх нь. Үүнийг би сануулж бичиж байсан.
-Жишээ татах уу?

-Цэнхэрмандал, Чоноголын уурхай, Зүүнбаянгийн ордыг ашиглах үед. Дараа нь Оросууд хоосон нүх л хаяад явсан. Үүнийг олон жил сануулсан даа. Алтайн эрдэнэсийг чингэхээс өмнө Шиньжаан-Уйгараар дамжин Энэтхэг, Узбек зэргийг мөлжих баялаг болгохсон. Гарц байна. Ер нь эх орны маань нэг хэсэг болсон Говь-Алтайнхны тархины багтаамж өндөр шүү. Үүнийг би судлаад тогтоочихсон.
-Яаж вэ?

-Дараа өгүүлэмз. Улаанбаатарынхны тархи үнэндээ бол "өтөлчихсөн".
-Яагаад?

-Хар багаас нь мэдээлэл, элдэв хэрэггүй зүйлээр бөмбөгдсөөр байгаад тэр дээ. Чухамдаа бол Монголын хүн амын эрүүл хэсэг нь хөдөөний малчид шүү. Хотынхон цонхноос өөр зүйл шагайхгүй. Шувуудын гайхамшигт ганганаан, таана хөмүүлийн үнэрийг мэдрэхгүй. Нөгөө утаа, элдэв самхай үнэр... Тийм учраас даяар монголын ариун голомтыг яаж сахихаа одооноос яаралтай төлөвлөх ёстой. Хятадууд жилд гурван мянган даргаа авилгын хэргээр цаазалж байна. Тэд тоогоор олон болохоор хэдэн арван саяар нь цөөлсөн ч ерөөс мэдэгдэхгүй. Бид бусдын хүний далайд живэхгүйн төлөө амьдрах цаг үе ирчихээд байна. Ингэхэд саяын "Алтаргана" наадам ёстой л загатнасан газрыг минь маажлаа.
-Тэглээ. Хилийн гадна, дотно буй Монголчууд ойртож нягтрах агаар үнэртлээ?

-Даяар Монголчуудын холбооны гэрээг байгуулъя гэж би олон жил бичсэн. Тоогоогүй. Одоо байгуулъя л даа. Европууд сандрахдаа 20-иод орон нэгдэж нэг хэл, мөнгөн тэмдэгтэй болохоор тогтов. Дэлхийд 15 сая орчим Монголчууд бий. Америкийн хүн амын 15 хувь нь монгол гаралтай.
-Индиануудыг хэлж байна уу?
-Индиан, тэлэнгидүүд 20 мянган жилийн өмнө Америкт нүүж очсон. Тэлэнгидүүд одоо Увсад ч бий. Зангадыг би Перугийн нэгэн дуучин бүсгүйтэй адил мундаг хоолойтой гэдэг байлаа. Перугийн 15 хувь нь Монгол юм. Тэд манай битүү хоол шиг үндэсний хоолтой. Оросыг ухвал татаар гарч ирнэ гэдэг. Монголчуудын удам их. Яагаад бид Оростой сэтгэлгээ адилхан байдаг вэ гэдгийн хариу болно. Нөгөө хувьчлал яагаад давтагдав.Гайдарын явдлыг хар л даа. Бид Оросуудыг 300 жил ноёрхсоны үр дүн шүү. Дундад Азид 15 сая хүнийг Чингисийн гентэй гэдэг. Угтаа бол нөгөө жалайрууд шүү дээ. Энэ бүхэнтэй Алтайнхан түүхийн сэжмээр холбогдоно. Тайширын усан цахилгаан станцыг ямар ч нарийн төлөвлөгөөгүй барьснаас Завхан гол үгүй боллоо. Ухаантай л амьдарцгаая. Би аймгийнхандаа хэлдэг. Бид Увсынхан шиг нэг клуб болж явах ёстой шүү гэж. Тэгвэл хүчирхэгжинэ.
-Яагаад?

-Хүч нэгдэнэ гэдэг нэг л зүйлийн төлөө зорихыг хэлнэ. Оюуны хувьд ч, биеийн хувьд ч хүчирхэгжлийг олж авах нь хөгжлийн үндэс шүү дээ.

Ярилцсан Б. ЦОГНЭМЭХ
эх сурвалж : vip76

No comments:

Post a Comment