Харийн хүн та шүлгийг минь сонс
Хатуу байж мэднэ шүү
Монголчууд гэдэг чинь намхан нуруутай, номхон зантай улс, гэвч
Монгол гэдэг чинь
Нар дурлаж өдөржин саатдаг эх орон
Сар дуншиж шөнөжин мэлмэрдэг ээж орон
Манай нутагт та зочлохдоо даарч мэднэ
Малын арьсаар хийсэн хувцасыг нь авч өмсөөрэй
Илчтэй дулаахан байдаг гам
Магадгүй бас халууцаж мэднэ
Магнаг өндөр уулсынх нь оргил юунд гараарай
Сэрүүхэн байдаг юм
Монгол гэрийн босго өндөр өө өндөр
Бөхийж ороорой
Монгол төрийн цааз хатуу хатуу
Бүтэн сонсоорой
Эрдэнэ нуумал нутагт минь эвтэйхэн гишгээрэй
Эцэг дээдсийн минь онгонд ёс төртэй мөргөөрэй
Тэгвэл тэнгэр өршөөнө
Тивийн цаадах гүрэнд Монгол баярлана
Бие гоо бүсгүйчүүдээр минь нүдээ л хужирлаж яваарай
Би чамд хайртай гэж битгий худлаа яриарай
Аминдаа бол хүн та
Амрагаасаа ч илүү хайртай шүү дээ
Монголчууд гэдэг чинь бор газар, цэнхэр тэнгэрийн ноён хүмүүс
Босоо цагаан сүлдэн хийморьтой хаан хүмүүс
Унасан газар харсан тэнгэртэй уян хүмүүс
Уух дарс, суух нөхөдтэй учрал хүмүүс
Дэлхийг эзэлсэн түүхтэй улс
Дэрлээд унтах чулуутай хүмүүс
Дэргэд минь уярах ханьтай улс
Дээлийг минь өмсөх удамтай хүмүүс
Унасан газартай улс
Харсан тэнгэртэй хүмүүс
Харийн хүн та
Манай нутагт зочилж байгаарай
Харин бид нар чинь
Эх орондоо таныг урих эзэн байя
Эх хэлээр минь хазгай битгий яриарай
Эх орон дээр минь хатуу битгий гишгээрэй
Харийн хүн та шулгийг минь сонсов уу
Хатуу байна уу
Эх орны минь босго өндер өө өндөр
Бөхийж ороорой
Эх монголын минь цааз хатуу хатуу
Бүтэн сонсоорой.