Monday, October 31, 2011

Лодонгийн Түдэв : Хөмрөг

Говийн малчныд хангайгаас зочин иржээ. Дэлгэр цаг байсан болохоор хүн мал цөмөөрөө л тайван жаргалтай зоо тэнүүн сэтгэл өег ажээ,

Хангайн зочин говийн бүгчим халууныг гайхаж хамаг хувцсаа тайлж бараг л чармай нүцгэн суух болов
- Та нар мөн бөх голтой улс аа! Энэ дүү гэсэн халуунаар хөвөнтэй дээлнээс салдаггүй. Яаж бээчихгүй явж байнаа? гэж хангайн зочин гайхан асуув. Өвгөн тэмээчин инээмсэглэж
- Хөвөнтэй дээл ч бас нимгэдээд байна. Yстэй үзүүрсэг өмсөөд явбал халуунд сайхан таардаг юм. Сэрүүхэн гээч гэв. Хангайн зочин түүнд итгэсэнгүйгээр барахгүй өөрийгөө сөргүүлэн дооглов гэж бодоод шар нь хөдлөвч худ ураг болсон хүнтэйгээ анхны өдөр муудалцахаас болгоомжлоод дуугүй болж биеэ барив.
Тэмээчин өвгөнөөс таваг шиг хар ширээрээ та юу л хийх гээд байгаа хүн бэ? гэж Хангайн зочин тэсэлгүй асуув.
- Тэмээ тахална! гэж өвгөн тэмээчин хариулахад тэр чихэндээ итгэсэнгүй.
- Тэмээ тахлана гэв ээ?
- Тэмээ!
- За за больж үз. Хэзээ ширээр мал тахлаж байлаа. Адуу л тахтай байдаг биз дээ. Тэгэхдээ бүр төмөр тахтай явна гээч. Тэмээг юу боллоо гэж тахлана вэ? очиж очиж ширээр шүү! гэж Хангайн зочин гайхлаа. Өвгөн тэмээчин говийн хүний ёсоор үгээ зөөж
- Тэмээний тавхай элсэн дунд тэсдэггүй юм. Тах хэрэгтэй л дээ.
- Ха ха ха! Одоо элсэн дунд тэмээн тавхай элэгдэнэ гэж үү дээ? Нурсан зөөлхөн элсэнд тэмээн тавхай байтугай хүний хөл ч сайртахгүй биз. Говийнхон доогтой, бас тэгээд хангайхныг хэрдээ басамжилдаг байх нь ээ? гэж хангайн зочин бухимдлаа. Тэмээчин өвгөн
- Яалаа гэж басамжлах вэ? Говийн элсэн манхан дундуур удаан явбал юу ч тэсэхгүй! Цэвэр элс гэдэг чинь өрөвтөл хуурайтай адил. Өөх тос, хир буртаг болчихсон дээлтэйгээ элсэн дээр хэд өнхрөөд босоход л бараг шинэ, болоод орхидог юм. Ер нь тэр хот газрын хими цэвэрлэгээнээс дутахгүй л дээ. Тэмээн тавгийг ч шудраад хаячихдаг юм. Ширээр давхар тахалчихвал нэлээн тэснэ дээ гэж зугуухан ярив.
"Тэмээ тахлана гэдгийг анх л сонслоо. Тэгээд бас төмөр биш ширээр тахалдаг байх нь ээ" гэж хангайн зочин сониучлан бодсоноо
- Элс юм цэвэрлэдэг ч юу л бол? гэв.
- Yдээс хойш энэ хойт Бөөргийн элс рүү очоод л үзье л дээ. Наад бахиал чинь тос нэвчээд үзэх аргагүй болж. Бөөргийн элсэнд хэд алхаад цэвэрлэж ав л даа. Далимд нь би нөгөө муу солбиу хүрэнгээ тахлаад орхиё. Тэрхэн элсэн тушаа байгаа гэж тэмээчин санал болгов.
- Яршиг ч юм уу даа! Манай хангайд бол ч өөр шүү дээ. Хэд алхаад л тошлой, үхрийн нүд, гүзээлзгэнэ... Харин энэ говьд ч жимс байтугай булгийн цэвэр ус ч олдохуйяа бэрх юм шиг вэ дээ гэж хангайн зочин тунирхлаа. Тэмээчин өвгөн
- Бөөргийн элс хавиар хармаг ургадаг юм. Хармагны бутанд сууя. Тэр үхрийн нүд мүднээс чинь дутахгүй сайхан жимс байгаа юм. Түүж үзэхгүй юу? гэв. Жимсний сургаар хангайн зочны сэтгэл сэргэж
- Yнэн хэлж байна уу? Тэгвэл хоёулаа гарч салхилангаа тэр жимсийг чинь үзье. Ер нь хармаг зармаг гэцгээгээд байдаг юм. Ямархуу эд вэ дээ! Yзэх минь гэв.
Мань хоёр тэгээд санал нийлж, Бөөргийн элсэнд очихоор явлаа. Тэмээчин хөвөнтэй дээлтэйгээ, хангайн зочин бараг чармай нүцгэнээрээ явжээ.
- Хангайг бодвол шумуулгүй нь харин сайхан юм гэж хангайн зочин
олзуурхлаа. Удалгүй тэд Бөөргийн элсэнд хүрлээ
- За энэ элсэн дундуур туучаад үз. Наад муу бахиал чинь цоо шинэ болоод л гараад ирнэ. Би тэр солбиу хүрэнг бариад ирье. Тэр сондуулын цаана байж байна гэж тэмээчин өвгөн хэлэв. Хангайн зочин давсарсан цас мэт нургилсан шар элсэн дундуур нааш цааш явж, гараар цацаж, нуруугаар хөлбөрч дураараа хэсэг зуур аяглав. Төдхөн солбиу хүрнээ хөтлөөд өвгөн ч ирлээ.
Хоёул хамжин тэрхүү солбиу хүрэн атыг ширээр тахлав. Тавхайн дундуур нь хэлбэсэн ширэн тахаа өмсгөж бүдүүн тэвнээр сүвэлсэн шөрмөсөөр тавхайтай нь оёж бөхөлснөөр тэмээ тахлах ажил дууслаа. Дараа нь хоёул хармаг жимс түүхээр болжээ. Элсэн дундуур туучиж, бутнаас бут дамжин явсаар байтал хангайн зочны гутлын хоншоор, зулаг нь үнэхээр зүлгэгдээд цэвэршээд иржээ.
- Элс чинь нээрээ л халгаатай эд юм байна даа гэж хангайн зочин сая л зөвшин ярив.
Хоёул хармаг түүж эхэллээ. Нар хурцаар шарж хангайн зочны нүцгэн биен дээгүүр хөлс урсан цувж, говийн тэмээчин сэтгэл өег байлаа. Тэгтэл хангайн зочин орь дуу тавьж зүүн гараа алгадан чарлав. Тэмээчин өвгөн цочин босч гүйж хүрвэл хангайн зочны зүүн гарын булчин дээр зэс өнгөтэй эрхий хуруун чинээ цох хорхой наалдсан байлаа.
- Хүүе, хүүе битгий цохиж сандраа. Наадах чинь цочоовол салдаггүй юм. Аргаар салгах учиртай гэж тэмээчин өвгөн хэлээд бүснээсээ хэт авахаар тэмтрэхэд хангайн зочин айсандаа өвгөний үгэнд орсонгүй, нөгөөх цох хорхойг гараараа авч шидэхээр зулгааж эхлэв.
- Хүүе, болохгүй. Аргаар авдаг юм хүчээр салгавал шархлаж баалаад сүйд болно! гэж өвгөн хэлээд хэтээ гарган цахих зуур хангайн зочин тэсч чадсангүй нөгөөх цохыг хүчээр угзран авч хаяв. Булчин дээрээс нь цус урсан элсэн дээр дуслав. Зэсэн улаан хөлөө арзайлгаад эрхий хуруун чинээ цох мөн л элсэн дунд ойчив. Тэгтэл мань хангайн зочин баруун гар дээр бас нэг хөмрөг шигдэн суугаад хазахыг өвгөн харав. Хангайн зочны орилон тийчлэв. Өвгөн хэт цохиж асаасан уулаа унгатгаж нэг гараар зочны баруун шууг атгаж нөгөөгөөр унгадах уулыг барьж хөмрөг цохын нуруун дээр төөнөв. Цох ч өөрөө хөсөр ойчлоо.
- Яасан аймаар хорхой вэ? Юу гэдэг юм бэ? гэж хангайн зочин гайхан шүүрс алдав.
- Хөмрөг гэдэг цох. Хазахаар нь хүч хэрэглэвэл салдаггүй, салбал баалж шархлуулдаг. Харин хүж юмуу галаар төөнөвөл аяндаа өөрөө салаад гэм халгүй өнгөрдөг юм. Одоо зүүн гар чинь баална даа. Гурилаар хөхүүлэхээс биш! гэж тэмээчин өвгөн хэлэв.
Зэсэн өнгөт хөмрөг цохыг хангайн зочин элсэнд зүлгэгдсэн гутлаараа бяц гишгэлээ.
1998 он

1 comment:

  1. Slot Machines at Harrah's | Casino - JtmHub
    Experience our Slot 경주 출장안마 machines with real dealers. Your favorite 전주 출장샵 Harrah's slot machines, made 파주 출장샵 for fun or 진주 출장샵 excitement, 포항 출장마사지 in our newly opened hotel and RV

    ReplyDelete