Saturday, March 31, 2012

Алтайн ойн номд зориулж бичиж байсан нийтлэл

Алтай нутагт электроник, мэдээллийн технологийн мэргэжлийн сургалтын төв байгуулах боломжтой 


Алтайн хөх уулсын энгэр, алтарган шаргалтах говь талд төрөөгүй ч алтайн хөх эрчүүлийн удам залгасны хувьд алтай нутаг, эх орныхоо хөгжлийн төлөө санаа зовинон явдаг сэтгэлийн үгээ хуваалцахаар үүнийг бичвэй.

Ардчилсан хувьсгалын дараах хүнд хэцүүхэн цаг үед төр улсаа авч явсан төрийн их хүн асан Пунцагийн Жасрай амьдралынхаа сүүлийн орой МАХН-ын 25-р их хуралдааны хурлын танхимд "Шилжилтийн үе эрчимжиж, хэрэглээний эдийн засгаас мэдлэгт тулгуурласан эдийн засагт шилжих" гэсэн нэмэлт тодотголыг тогтоолын төсөлд оруулахаар санал болгож байлаа. Энэ ганц өгүүлбэр ихээхэн утга агуулдаг. Алтай нутгийн маань бахархал болсон энэ эгэлгүй эрхэм монгол улс хөгжлийн дараагийн үе шатыг товч, тодруунаар томъёолсон нь энэ бөлгөө. Тэрээр монгол улсад дэвшилтэт технологийг хөгжүүлэх нь Монголын үндэсний нийт бүтээгдэхүүн (ҮНБ)-ийг жинтэй нэмэгдүүлэх болно гэдгийг гүнээ ухамсарлан, инновацийн тогтолцоог бүрдүүлэх, дэвшилтэт технологийн олон улсад танигдсан судалгаа явуулах системийг бүрдүүлэхээр ажиллаж байлаа.   

Yнэхээр л бид хэрэглээний эдийн засгаас мэдлэгийн эдийн засагт шилжихийг зоривол шинжлэх ухааны суурь судалгаа, технологи, инженерчлэлд дорвитой хөрөнгө хаях хэрэгтэй. Ингэснээр бид технологийг хэрэглэх биш, технологийг бий болгох төдийгүй технологийг экспортлох ч болно. Технологийг дагаж үйлдвэрлэл хөгждөг нь жам ёсны зүйл. Одоогоор бид технологийг хэрэглэхэд ч хөшүүн хандаж байгаа нь үнэн. Саяхан технологийг сэм хуулбарлан хэрэглэх түвшиндээ байсан манай урд хөрш маань бий болгогч улс болон хөгжиж байна. Технологийг сайн хэрэглэж сурснаар шинэ технологийг бий болгодог.

Монгол Улсад “Мэдлэгийн эдийн засаг” руу шилжих сайхан боломж гарч ирсэн нь уул уурхайгаас олж эхлээд байгаа болон орж ирэхээр төлөвлөгдөөд буй их баялаг. Уул уурхайгаар хөөцөлдсөн улс түүнийгээ нийгмийн асуудал, хувь хvртээлтийн хэлбэрээр цацаад дуусвал сүүлд нь жинхэнэ модоо барьж, Африкийн улсуудын л араас ордог гашуун туршлага бий. Харин энэ тvр зуурын огцом орж ирэх хөрөнгийг шинжлэх ухааны суурь судалгаа, технологи, инженерчлэлийн салбар руу зөв урсгаж чадвал байгалийн баялаг шавхагдах vед ч бид, бидний хойч үе маань сэтгэл зовохгvйгээр амьдарна.

Монгол улсын засгийн газар “Монгол улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Монгол улсад үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр 2008-2015”-ийг боловсруулан гаргасан, 2008 оны сонгуулиар байгуулагдсан засгийн газрын мөрийн хөтөлбөрт үйлдвэржилтийг хөгжүүлэх дэлгэрэнгүй төлөвлөгөө орсон нь “СУРГАЛТ-СУДАЛГАА-ҮЙЛДВЭРЛЭЛ”-ийн нягт уялдааг тэргүүлэх чиглэлүүдийн хувьд дорвитой сайжруулахаар төлөвлөжээ. Монгол улсын дэвшилтэт технологийн тэргүүлэх чиглэлээр нанотехнологи, биотехнологи, мэдээллийн технологи тодорхойлогдоод байна.
Олон зуун жилийн турш төлөвшин хөгжсөн суурь судалгааны салбарт хүч, хөрөнгө зарцуулаад амжилт олох магадлал дулимаг юм. Харин эдгээр чиглэлүүд нь шинжлэх ухааны харьцангуй залуу, үйлдвэрлэлтэй нягт холбогддог технологийн салбар тул үр дүн нь харьцангуй хурдан үйлдвэрлэлд нэвтэрч, баялаг бүтээж эхэлдэг. Шинжлэх ухааны суурь судалгааны нээлт, ололт амжилтыг хэрэглээ болгон үйлдвэрлэлд нэвтрүүлэх үүргийг хариуцдаг инженерүүд нь улс орны хөгжлийн зүтгүүр хэсэг нь байдаг.

Нанотехнологи, биотехнологийн салбартай харьцуулбал, мэдээллийн технологийн салбар нь мэргэжилтэн бэлтгэх хийгээд анхны хөрөнгө оруулалтыг эс тооцвол судалгаа, шинжилгээний хөрөнгө оруулалт багаар шаарддагдаг билээ.

Хөгжиж буй олон улс орон оюуны шавхагдашгүй баялагт түшиглэсэн эдийн засгийг бүрдүүлэхдээ, нэн тэргүүнд мэдээллийн технологийг хөгжүүлэх, өөрсдийн бизнессийн байгууллагуудаа энэ чиглэлээр аутсорсинг хийхийг системтэйгээр дэмжихийг урьдал болгож байна.

Аливаа бизнессийн байгууллага нь өөрийн цаг, хөрөнгө, хүч ихээхэн шаарддаг үндсэн бус ажил, үйл ажиллагааг гадны мэргэшсэн байгууллагыг хямд зардлаар гэрээлэн хөлсөлж хийлгэхийг аутсорсинг үйл ажиллагаа хэмээнэ.

Дэлхийн мэдээллийн технологийн зах зээлийн үлэмж өсөлтийн зэрэгцээ улс хоорондын мэдээллийн технологийн экспорт, импортын хэмжээ өндөр хурдаар нэмэгдэж байна. Энэтхэг мэтийн хөгжиж буй зарим орон энэ салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг маш амжилттайгаар экспортлон, ҮНБ-ээ нэмэгдүүлж чадсан бол хөгжиж буй олон орон энэ асуудал дээр анхаарлаа чиглүүлж байгаа юм. Аутсорсингийн хөгжилд ихээхэн хөрөнгө оруулсан хөгжиж буй олон орон, хөгжингүй орнуудаас үлэмж хэмжээний хөрөнгийн урсгалыг татаж байна.
“Нью Ёорк таймс (The New York Times)” сонины 2009 оны 1-р сарын 20-ны дугаарт нийтлэгдсэн “Аутсорсинг 2008 онд 2007 оны дүнтэй харьцангуй ихээхэн өсөлттэй харагдаж байна” нийтлэлд өгүүлсэн тоо баримтыг иш татвал:
“...Хэдийгээр дэлхийн санхүүгийн хямралаас шалтгаалан аутсорсингийн гэрээ хэлэлцээрийн нийт дүн 2008 оны сүүлийн хагаст ялимгүй буурсан ч жилийн нийт дүнгээрээ 90 тэрбум америк долларын гэрээ хэлэлцээр байгуулагдсан нь өмнөх жилүүдээс хамгийн өндөр үзүүлэлт юм. Үүнээс мэдээллийн технологийн салбарын дүнг бүсчилсэн байдлаар авч үзвэл Европ-Ойрх дорнод-Азийн бүс хамгийн өндөр буюу 62%  байна...
... Тэрбум давсан дүнтэй үлэмж хэмжээний гэрээ хэлэлцээрийн тоо 2008 оны эхний хагаст 12 байсан бол сүүлийн хагаст 3 болтлоо буурчээ. Бага хэмжээний гэрээ хэлэлцээрийн дүн 12 хувь өссөн байна...
...Ази номхон далайн орнуудад байгуулагдсан гэрээний дүн 2008 оны сүүлийн хагаст жилийн эхний хагасаас 3 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна...”
Эндээс дүгнэвэл аутсорсингийн гэрээ хэлэлцээрийн дүн цаашид улам нэмэгдэх хандлагатай байгаа нь энэ чиглэлийн ирээдүйг тодотгож байна.

Монгол улсад аутсорсингийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаний тоо 20 хүрэхгүй, мэргэжилтний тоо хэдэн зуугаар хэмжигдэнэ. Монгол улсад мэдээллийн технологийн мэргэжилтнийг системтэйгээр бэлтгэн, түүнд оруулах хөрөнгийг эрчимтэй нэмэгдүүлснээр олон улсын жишигт нийцсэн чадварлаг мэргэжилтний тоог хэдэн мянгад хүргэн, мэдээллийн технологийн аутсорсингийн гэрээ хэлэлцээрийн дүнг ҮНБ-д нөлөөлөхүйц хэмжээнд нэмэгдүүлж болно. Мэдээллийн технологийн аутсорсингийн мэргэжилтэн бэлтгэхэд 2008 онд 2 тэрбум төгрөг баталсан нь сайшаах ёстой эхлэл билээ.

Мэргэжлийн боловсролыг дэмжих төрийн бодлого, мэдээллийн технологийн үйлчилгээний хэрэгцээ, аутсорсингийн эрэлтийн өсөлттэй давхцаж буй цаг үед  мэдээллийн технологи, электроникийн салбарын үйлчилгээний ажилтан, техникч, засварчин, операторчин бэлтгэх мэргэжлийн сургалтын төвийг Говь-Алтай аймагт байгуулан баруун бүсийг хамруулах нь байгалийн эрс тэрс уур амьсгал, алслагдмал байршлын дутууг нөхөх хөгжлийн нэгэн шийдэл байх бизээ. Мэдээллийн технологийн сургалтын шинэ хэлбэр зайн сургалт нь багшлах мэргэжлийн боловсон хүчин дутагдах эрсдлийг шийдвэрлэх бололцоотой юм. 
Монгол Улсын Их Сургуулийн уриа үг болох “Эрдмийн хэт цахиваас, хөгжлийн гал бадармуй” хэмээх ерөөлийн үгээр энэхүү өгүүлэмжээ төгсгөе.


Д-р. Проф. Ч.Лодойравсал
МУИС-ийн Мэдээллийн Технологийн Сургуулийн захирал

2009 оны 3-р сарын 6

No comments:

Post a Comment