Monday, July 4, 2011

Л. Түдэв: “Би аймгийнхандаа хэлдэг. Бид Увсынхан шиг нэг клуб болж явах ёстой шүү гэж. Тэгвэл хүчирхэгжинэ”.




Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Лодонгийн Түдэвтэй Алтай нутгийн тухай товчхон хөөрөлдсөн ярилцлагыг нутгийнхандаа толилуулж байна.
-"Алтан титэмт Алтай"-гаараа тэргүүн байрын эзэн болсонд тань баяр хүргэе. Үнэхээр Алтайн нуруу бол алтан титэмтэй мэт харагддаг шүү дээ?

-Олон өнгөтэй, чансаатай бүтээл уралдаанд ирсэн байна лээ. Миний эссэ түрүүлнэ гэж бодсонгүй. Намайг хүндэлсэн юм болов уу. "Алтан титэмт Алтай" гэдэг өргөмжлөлийг товчилбоос "АТА" гэдэг үг болно.
 -Энэ үг ямар утга учрыг агуулдаг хэрэг вэ?
-Тэр бол өвөг Монгол хэлнээ "Аав" гэсэн утгатай байж. Одоо ч монгол гаралтай олон хэлэнд тэр хэвээрээ үлджээ. "Атайл" гэж улсын эцэг хэмээн өргөмжлөгдсөн Хүн улсын нэгэн монгол хаан өрнөдөд алдаршиж, үлгэр домог, дуу хуур, түүх шаштирын мартагдашгүй нэгэн баатар нь болон мөнхөрсөн юм.
-Ромын эзэнт гүрнийг мөхөөхөд хүргэсэн Хүннүгийн  хаан Атиллаг хэлж байна уу?

-Тийм. XXI зууныхны удирдлагын ухааны өвөрмөц үлгэр дууриал болж байна. Тэр арга билиг нь барууны өндөр хөгжилтэй орнуудын ажил хэрэгч хүмүүсийн ширээний ном болсон. Уэсс Робертсын "Хүннүгийн хаан Аттилла-удирдахуй ухааны нууц" гэж ном бий. Атиль буюу улсын эцэг хэмээн өргөмжлөгдсөн тэр хүннү дайчин Алтайн уулсаар нутаглаж баруун зүгийн орнуудыг эзэгнэх түүхэн аян дайнд анх мордсон юм.
Тэр цагтаа төмөр хайлуулж, хатан болд илд хийдэг байсныг нь өрнөдийнхөн "акинаки" гэж нэрлэсэн. Богиновтор, бага зэрэг махигар тэрхүү сэлэм нь тухайн үедээ сонгодог зэвсэг байжээ.
-Алтайн төмрөөр хийсэн зэвсэг барууны ертөнцийг сөхрөөсөн байх нь ээ?

-Алтайн төмрөөр ширээж, давтаж хийсэн тэр илд их хаттай тул барууныхны төмөр жадыг тас хяргачихдаг байж. Харин японууд өнөө хүртэл тэр нууцыг хадгалан авч, нэрийг нь ч бас "катана" гээд самурайн илд хийсээр ирсэн. Атиллийн үеийн өвөг дээдэс маань барууншилснаас хойш Алтайн төмрийн дархны ажил аажмаар орхигдож, уурхайнууд нь нууцлагдан хаягдсан байж мэдэх юм. Бас монгол газарт "ширмэн тогооноос өөр төмөрлөг зүйл оруулахыг хорьсон" харийн бодлого ч нө-лөөлсөн байх шалтгаан ч бий.
-Алтайн уулсаа монголчууд яг таг мэддэггүй нь таны ярианаас харагдлаа?
-Алтайн уулс бас төмөр илднээс гадна алтан дуулгыг Монголчуудад хайрласан. Аптай гэдэг үг өөрөө ч "Алттай" хэмээх нэр болохыг дээр үед нэг орос эрдэмтэн нотолсон байдаг.
-Тэр нь юу гэж?

-"Алт манасан тас" (золото стригущий гриф) номдоо өгүүлсэнтэй нь би одоо ч санал нэг яваа. Алтайн алт нь цас мөсөөр хучигдсан их оргилуудад биш, түүнээс дооших ханхар цээж, өргөн хормойд нь хадгалаастай байгаа хэрэг. Манай түүхийн будан гүдэнд тэр бүхэн бүдгэрсээр одоо Алтайн алтыг мэдэх хүнгүй мэт. "Алтан титимт Алтай" бюу АТА гэдэг аав-уулсын хамгийн үнэт, хамгийн мөнх, хамгийн дуусашгүй баялаг бол түүний элэг цээжинд наалдаж, хормойд нь хөлбөрч, өсөн үржиж, өөдлөн солигдсоор ирсэн монгол хүн юм шүү дээ.
-Яг одоо аав Алтай уулаа түшин нутаглах Говь-Алтайнхан аймгийнхаа 70 жилийн ойг тэмдэглэх гэж буй нь сайхан хэрэг ээ?

-Баяртай байна. Алтайнхан маань өмнө нь ч засаг захиргааны нэгж байгуулж байсан. Монгол овогтны сүүлийн гурван том гүрний хамгийн дүүмэд нь болох Чингисийн эзэнт гүрний түүхээс гэрч аваад үзье. Их гүрнийг байгуулахад тулгуур болсон зургаан том овогтны нэг Жалайрын Мухулай жанжинд Чингис хаан "Улсын ван" цол олгож өмнөд хязгаарын захирагчаар томилж байв. Өөр хэнд ч "ван" цолыг их хаан өгөөгүй. Ван гэхээр л хятад үг гэж бодож болохгүй. Тэр нь өвөг монгол хэлний "ноён" гэсэн утгатай үг. Одоо ч Польш зэрэг улсын хэлнээ "пан" гэж хэрэглэгдсээр байна. Гоо ван Мухулайн жалайрууд Чингисийн эзэнт гүрний баруун зүгийн байлдааны гол хүч болж Алтайн чинадад илгээгдэн их гүрнийг тэлсэн. Өнөөг хүртэл Дундад Азид Жалайрууд хүн амын цөөнгүй хэсэг болон үлдсэн юм. Харин Алтайн уулсын өмнөд цэг Төмөр Хавын үзүүрээс хойших хил хязгаарыг сахин суулгасан есөн овгийн зонхилох хэсэг нь мөн л жалайрууд байсан нь өнөөгийн Говь-Аптай аймгийн хүн амд томоохон байр суурьтай байгаа шүү.
-Түүхийн учгийг атган, хөөн шүүрдэж үзвэл сонин баримт гарч ирдэг юм байна лээ?

-Тэр ч байтугай мөнхүү хязгаар нутгийн захирагчаар Чингис хаан бага насныхаа үнэнч нөхөр, хүлэг баатар Боорчийг томилсон нь үнэн хэрэгтээ Монгол нутаг дахь анхны засаг захиргааны нэгж байсан гэлтэй. Боорчи баатрын эзэмшиж асан нутагт одоо ч Боорчийн хоолой, тайлгат Тайгам нуур, хаадын нойрссон Хантайширын нуруу гэж байсаар байна. Боорчийн хоолойн хөвгүүн яруу найрагч Х. Чилаажав энэ уралдааныг зохион явуулсанд баярлаж байна. Энэ жилийн наадмаар мөн л тэр нутгийн адуу түрүүллээ. Сайхан байна шүү. Сүмогийн их арслан Ж.Бямбадорж гадаадад одтой барилдаж байна. Ямар ч нутгийн хамгийн том баялаг нь хүмүүс байдаг. Манай аймагт Монголдоо тэргүүлэх зохиолч, эмч, төрийн зүтгэлтэн, генерал, дуучин, жүжигчин олон байна. Үүний илэрхийлэл бол энэхүү олны хүртээл болж байгаа "Миний Алтай" ном боллоо. Ном бол хамгийн дурсгалтай, хойч үедээ үлддэг, түгээмэл эрдэнэ, бэлэг юм. Энэ номоороо Говь-Алтай төдийгүй Монголын бүх өнцөг булан бүрт бэлэг барьчихлаа. Номоор бэлэг барьдаг аймаг олон бус. Хөшөө суварга босгодог, морь, бөх уралдуулж, барилдуулдаг нь олон л доо. Ном бүтээх, бэлэглэх л үнэтэй. Манай аймгийн зохиолч, эрдэмтний тоо нь тус бүр 200 хол давсан байдаг юм. Дуучин цөөхөн байсан бол одоо олширч байна. "Миний Алтай" номд миний шавь С. Пүрэв, С. Лочин нарын бүтээл хүндтэй байрыг эзэлсэнд бахархаж сууна. Аймгийн төвийг Есөнбулаг нэртэй байхад ганцхан дунд сургуульд нь багшилж байх цагт надаар Марк Твений романуудыг яриулж суудаг байсан шавь нар дотроос маань арваад зохиолч төрөн гарч билээ. С. Лочин, С. Пүрэв, Т. Юмсүрэн, Ж. Гал, Ш. Шажинбат, Б. Дорж, Г. Дагвадорж, Нанж.Лхагва, Д. Цахилгаан, С. Донид гэхчилэн өнөө үед нэрд гарсан зохиолчдыг сураг байхаас нь мэдэх юм. Шинэ зуунд төрийн эргэлт биш оюуны эргэлт хийх үйлсийг Говь-Алтайнхан хийж чадахаа харууллаа.
-Тухайлбал?

-XXI зууны мэдээлэл хангамжийн шинэ хувьсгалыг Алтайн залуус хошуучилсан. Хөгжил дэвшлийг гүйцэхээр хойноос нь хөөх бус харин тосч угтан эзэмшихийн гайхамшигтай ач тусыг эх орон нэгтэндээ "Мобиком" анхлан нээж өгсөн. Санаачлан гүйцэтгэгчид нь дэлхийн II дайны үед аймгийн "Түмтийн штабын дарга" явсан Цэрэнпунцаг гуайн хүүхдүүд юм.
-Аавын олон сайхан үрстэй танай аймаг түүхт 70 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэхийн эхлэлийг "Миний Алтай" ном тавьсан болов уу?

-Тэгж байна. Хаадын нойрссон Хантайширын нурууны наад бэлд одоогийн Алтай хот далан жилийн тэртээ ханаа шийрлэж, тулгаа тулсан юм. Монгол орныг аймагласан засаг захиргааны анхдагч Боорчи баатрын уламжлал хэдэн зууны дараа жалайр хунтайж Гэрсэнзийн үед шинэ журамд орсон. Халх дөрвөн аймгийн анхдагч нь Засагт хан нэртэйгээр Гэрсэнзийн удирдлагаар байгуулагдаж тэр үлгэрээр Сайн ноён хан, Түшээт хан, Сэцэн хан аймгууд байгуулагдсан хэрэг. Түүний дараахь нэгэн зуун арваад жил буюу 1911 онд Монгол үндэстнээ аврах Үндэсний хувьсгалыг хийхэд Засагт хан аймгийн Засагтханы хошуунаас аймгийн хан Содномравдан Их хүрээнд ирж нууц хуралдаанд оролцобайв. Оросын хаанд захидал бичихэд гарын үсэг зурж илгээсэн бөгөөд харамсалтай нь харийн тагнуулын явуулгад өртөж амь насаа алдсан юм.
-Алтайнхан бахархан дууриах төр, цэргийн зүтгэлтэн олонтой гэж сонссон?
-Гоо ван Мухулай, хүлэг баатар Боорчийн уламжлалыг Алтайнхан шинэ зуунд өндөрт өргөсөөн. Үндэсний хувьсгал, ардын хувьсгал, Халх голын дайнд гавьяа байгуулсаар ирсэн. Монгол ардын цэргийн яамыг тэргуүлэн олон жил ажилласан Ж. Авхиа, Ш. Жадамбаа, Дотоод яамны сайд Д. Цэдэв, Ж. Баатар, цагдаагийн байгууллагыг шинэчилсэн Б.Пүрэв зэрэг генералыг нэрлэхэд л ойлгомжтой.
-Төр, нийгмийн зүтгэлтнүүдийг тоочоод ч баршгүй биз дээ?
-Төрийн сайдаас эхлээд Ерөнхий сайдыгхүртэл өндөр албыг нэр төртэй хашигчдын дотор эсэргүү гэгдсэн Мэнд сайдаас эхлээд Ц. Лоохууз, С. Аварзэд, Гадаад яамны болон Хөдөө аж ахуйн сайд Л.Ринчен, Гадаад худалдааны сайд Очир, Боловсрол соёлын сайд А. Цанжид, Соёлын дэд сайд Ч. Лодойдамба, нийслэл хотын мээр Цэдэв, Т. Билэгт гээд нэрлээд байвал урт жагсаалт болно. Тэр бүхнээс цойлон гарсан Ерөнхий сайд П.Жасрайг бүр ч мартаж боломгүй.
-Эрдэмтэн, соёл урлагийн зүтгэлтнүүдээр ч, эмч, багш, хөдөлмөрийн баатар, нэгдлийн алдарт дарга нараараа ч нүүр бардам явах учиртайяа?
-Зохиолч, эрдэмтдийн тоо нь тус бүр 200 гараад явчихсан аймаг. Олонд нэрд гарсан цуутай эмч Б. Рагчаагаас эхлээд зүрхний бурхан Ц. Бундан, гавьяат эмч /миний шавь/ З. Сарайдамбыг хүртэл хэдэн зуун шилдэг эмч нар, Элчин сайд Д. Цахилгаан, Осорын Эрдэнээ, Х. Даваадаш нараас эхлээд гадаад харилцааны нэртзүтгэлтнүүд, гавьяат багш Б. Чимэд, Н. Бадарч, Б. Гомбоос эхлээд ардын багш Ж. Дүгэр, Хөдөлмөрийн баатар тэмээчин Үрчгэрээс эхлээд Т. Дүйнхэр, Н. Дугуйцагаан, нэгдлийн дарга Г. Лодойхүү, Чулуун, Ядамхүү, Цээсүрэн хүртэл ажилсаг, санаачилгаараа алдаршсан хүмүүсийг тоочивч баршгүй нь ээ.
-Та дуучид ч сүүлийн үед төрж эхэллээ гэж дээр дурссан?
-Гавьяат дуучин З. Дашбалбар, Ц. Оюунцэцэг, Г. Болормаа, Н. Рина, Ч. Бат-Эрдэнээс эхлээд Н. Энхбатыг хүртэл ардын домогт дуучин Г. Повронгийн уламжлалыг шинэ төвшинд гаргах авьяастнууд төрж гарсаар нэрт жүжигчин Б. Лоовойн араас тайз, дэлгэцийн одод тодрон түгж эхэлсэн. "Монголын нэг өдөр" гэдэг хошин бөгөөд олон баатар, өргөн өгүүлэмж бүхий зурган "роман" анхлан бүтээж, монгол зургийн урлагт хувьсгал, шинэчлэл хоёрыг зэрэг хийсэн Засагтханы алдарт Марзан Шаравын уран бийрийг түүний төрсөн нутгийн хөвгүүн зураач Д. Мөнх газар унагалгүй өргөн барьж гавьяат зураачийн зэрэгт хүрсэн. Алтайн ахмад зураач Б. Чогсом Монгол, Францын Ардын зураач цолоор шагнуулсан цорын ганц монгол зураач юм. Сонгодог уран зураг оргилдоо хүрч хөгжсөн Франц улсаас ийм өндөр үнэлгээ авна гэдэг ганц Говь-Алтайн бус Монголын бахархал юм аа.
-Таны дээр өгүүлсэн дэлхийн хөгжлийг тосч түрүүлнэ гэдэг үг сайхан санагдлаа?

-Тийм ээ. Манай аймгийнхан юм бүхнийг санаачилдаг адтай. Одоо яриад байгаа нанотехнологийг ч санаачилж байсан баримт бий шүү. Ерөөс Говь-Алтайг төрөөс тусгаарлагдсан сав болгон үлдээсэн юм. Улсын чанартай үйлдвэр, барилга, зам харгуй байхгүй л байсан. Одоо ч хэвээр. Энэ "тусгаарлагдсан сав"-ны тухай миний бичсэн зүйл бий. Хожим Говь-Алтай л эх орныг маань аврах том талх байж магадгүй. Баялаг их бий л дээ. Хулан, бөхөн, аргаль, угалзыг нь харийнхан буудаж дууслаа. Та нар хар л даа. Богд уулыг өмлөж цөмлөж эхэлсэн. Урагшаа нь хятадууд, хойшоо нь оросууд эзэмшиж байна. Эх орон минь удахгүй ухсан нүх л болж үлдэх нь. Үүнийг би сануулж бичиж байсан.
-Жишээ татах уу?

-Цэнхэрмандал, Чоноголын уурхай, Зүүнбаянгийн ордыг ашиглах үед. Дараа нь Оросууд хоосон нүх л хаяад явсан. Үүнийг олон жил сануулсан даа. Алтайн эрдэнэсийг чингэхээс өмнө Шиньжаан-Уйгараар дамжин Энэтхэг, Узбек зэргийг мөлжих баялаг болгохсон. Гарц байна. Ер нь эх орны маань нэг хэсэг болсон Говь-Алтайнхны тархины багтаамж өндөр шүү. Үүнийг би судлаад тогтоочихсон.
-Яаж вэ?

-Дараа өгүүлэмз. Улаанбаатарынхны тархи үнэндээ бол "өтөлчихсөн".
-Яагаад?

-Хар багаас нь мэдээлэл, элдэв хэрэггүй зүйлээр бөмбөгдсөөр байгаад тэр дээ. Чухамдаа бол Монголын хүн амын эрүүл хэсэг нь хөдөөний малчид шүү. Хотынхон цонхноос өөр зүйл шагайхгүй. Шувуудын гайхамшигт ганганаан, таана хөмүүлийн үнэрийг мэдрэхгүй. Нөгөө утаа, элдэв самхай үнэр... Тийм учраас даяар монголын ариун голомтыг яаж сахихаа одооноос яаралтай төлөвлөх ёстой. Хятадууд жилд гурван мянган даргаа авилгын хэргээр цаазалж байна. Тэд тоогоор олон болохоор хэдэн арван саяар нь цөөлсөн ч ерөөс мэдэгдэхгүй. Бид бусдын хүний далайд живэхгүйн төлөө амьдрах цаг үе ирчихээд байна. Ингэхэд саяын "Алтаргана" наадам ёстой л загатнасан газрыг минь маажлаа.
-Тэглээ. Хилийн гадна, дотно буй Монголчууд ойртож нягтрах агаар үнэртлээ?

-Даяар Монголчуудын холбооны гэрээг байгуулъя гэж би олон жил бичсэн. Тоогоогүй. Одоо байгуулъя л даа. Европууд сандрахдаа 20-иод орон нэгдэж нэг хэл, мөнгөн тэмдэгтэй болохоор тогтов. Дэлхийд 15 сая орчим Монголчууд бий. Америкийн хүн амын 15 хувь нь монгол гаралтай.
-Индиануудыг хэлж байна уу?
-Индиан, тэлэнгидүүд 20 мянган жилийн өмнө Америкт нүүж очсон. Тэлэнгидүүд одоо Увсад ч бий. Зангадыг би Перугийн нэгэн дуучин бүсгүйтэй адил мундаг хоолойтой гэдэг байлаа. Перугийн 15 хувь нь Монгол юм. Тэд манай битүү хоол шиг үндэсний хоолтой. Оросыг ухвал татаар гарч ирнэ гэдэг. Монголчуудын удам их. Яагаад бид Оростой сэтгэлгээ адилхан байдаг вэ гэдгийн хариу болно. Нөгөө хувьчлал яагаад давтагдав.Гайдарын явдлыг хар л даа. Бид Оросуудыг 300 жил ноёрхсоны үр дүн шүү. Дундад Азид 15 сая хүнийг Чингисийн гентэй гэдэг. Угтаа бол нөгөө жалайрууд шүү дээ. Энэ бүхэнтэй Алтайнхан түүхийн сэжмээр холбогдоно. Тайширын усан цахилгаан станцыг ямар ч нарийн төлөвлөгөөгүй барьснаас Завхан гол үгүй боллоо. Ухаантай л амьдарцгаая. Би аймгийнхандаа хэлдэг. Бид Увсынхан шиг нэг клуб болж явах ёстой шүү гэж. Тэгвэл хүчирхэгжинэ.
-Яагаад?

-Хүч нэгдэнэ гэдэг нэг л зүйлийн төлөө зорихыг хэлнэ. Оюуны хувьд ч, биеийн хувьд ч хүчирхэгжлийг олж авах нь хөгжлийн үндэс шүү дээ.

Ярилцсан Б. ЦОГНЭМЭХ
эх сурвалж : vip76

Балдуугийн Шарав буюу Марзан Шарав

Их зураач, монголын шинэ цагийн дүрслэх урлагийн үндэс суурийг тавигчдын нэг Балдуугийн Шарав (Лувсаншарав) 1869 онд Засагт хан аймаг, Засагт ханы хошуу буюу одоогийн Говь-Алтай аймгийн Түмэн(Тайшир) сумын нутаг “Цагаан давааны өвөлжөө” гэдэг газар төржээ. Эх Норжин түүнийг өвөг эцэг Балдуугаар овогложээ.
Б. Шаравын их авьяасыг улам бататгахад анхных нь багш, догшид бүтээдэг Жанцан гэдэг зураач ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг.
Б. Шарав 18 насандаа Их Хүрээг зорьсон гэж эхийнх нь дурсамж байдгаас үзэхэд Их Хүрээнд иртэл дөрвөн жил хаа хаагуур явсан нь тодорхойгүй, энэ хугацаа нутаг орон, хүн ардын зан заншил, уул ус, цаг улирал, хүмүүсийн зан үйлийн янз бүрийн учралтай тохиолдож монголын амьдрал ахуйг оюун ухаандаа шингээж авахад тус болсон болов уу.
Б. Шарав 22 насандаа Да Хүрээнд ирснийг судлаачид тогтоосон билээ. Да Хүрээнд ирээд Лувсандондов, дараа нь Балдан хачин гэдэг том ламынд байсан байна. Эдгээр лам нар Богдын ойрын шадар хүмүүс байсан учир суу билигтийг ашиглан Богд эзэнтэй улам ойртож, Шаравыг ч ойр дотно танилцуулж ордны зураач болгосон байх гэсэн таамаг байдаг. Лувсандондов бол Богдын төрд их дээгүүр суудалтай томоохон зиндааны хүн байжээ.
Богдын ордны амьдралд оролцож бүтээсэн бүтээлээс дурьдвал: Богдыг номын хувцастай, Богдыг шанаг гэдэг цамын хувцастай, эх дагиныг отго жинстэй, эх дагиныг таван ринаа өмссөн бурхны хувцастай, Богд эх дагина хоёрыг хоёууланг дөрвөн талт титэмтэй, Богдыг хаан ширээнд суусны дараа ёслолын хувцастай зургуудыг зурсан гэсэн тэмдэглэл Богдын донир байсан Жамбал гуайн дурдатгалд байдаг. Ордноосоо төдийлөн холдож улс орноороо аялаагүй Богд Шаравын төрөлхийн шог хошин зан, авьяас билигийг гүнээ мэдэрч, амьдралыг гярхай ажигладаг чанарыг таньж мэдээд Монгол орноо нэгэн хавтгай дээр харах гэж Шаравт “Монголын нэг өдөр” зургийг захиалж хийлгэсэн гэсэн таамаглал байдаг. Б. Шарав тэр захиалгыг хүлээн авч хот сууринд суусан хорин жилийн амьдрал дээрээ нутгаас гарч хүрээ хүртэл явсан дөрвөн жилийн урт замд тохиолдсон элдэв сониноо нэмж хачирлан бүтээжээ.
Б. Шаравтай хамт ажиллаж байсан хүмүүсийн дурдатгалаас үзэхэд их ой сайтай, харсан бүхнээ сэтгэлдээ зураад үлдсэн байдаг, хүнийг нэг хараад дараа хэлэхэд л инээд хүрмээр адилхан шогтой зурсан байдаг байсан гэсэн яриа байдаг.
Б. Шарав харын талын зураач учир реализм руу анх түрүү тэмүүлсэн хүн. Хурц ухаантай, юмыг түргэн тусгадаг учир гэрэл зураг харуут гурван орон зайн дүрслэлийн ухааныг ойлгож монгол зурагт шинэчлэл хийсэн юм.
“Нэгэн өдрийн явдал”, “Үрс гарч байна”, “Богдын ногоон орд”, Цагаан орд” зургуудыг Шарав зурсан гэдгийг Л. Содномцэрэн архивын баримтаар нотолсон байдаг. Ер нь шог хошин авьяас бүрт заяадаггүй учир Шараваас өөр хүн зурсан гэх үндэслэл алга.
Одоо манай ба гадаадын урлаг судлаачдын Б. Шаравын гэж тогтоосон янз бүрийн төрлөөр хийсэн 50 орчим бүтээл байна. Үүнээс 21 нь Богд хаант Монгол улсын үед буюу хүрээний амьдралтай холбоотой бүтээлүүд бөгөөд хувьсгалын дараахь бүтээлүүдэд нь “В.И.Ленин”,”Д. Сүхбаатар”, “Цэрэг”, “Хичээнгүй сайд Цэрэндорж” зэрэг хөрөг, олон тооны зурагт хуудсууд ордог юм.
Шарав монгол бичигтэй, төвд наргианы хэлтэй хүн байжээ. Тэр шинэ цагийн улс төрийн зурагт хуудсыг үндэслэгч юм.


Багааж хэмээх Бэгзийн алаг хол тасархай ирдэг байв


Говь-Алтай аймгийн Жаргалан сумын малчин Дамдинсүрэнгийн эцэг өндөр Бэгзийн алаг морь олон наадамд түрүүлж уясан эзнийгээ баярлуулсан ажнай хүлэг бөгөөд нутгийнхан эзнийг нь Багааж хэмээн авгайлдаг билээ. Олонд Багаажийн алаг гэгдсэн энэ морь биеэр их том, сэрвээ нь бараг төө шахам өндөр, толгой том янхир, ердийн морины хазаар түүнд дааганы хазаар шиг байдаг авай.

Хурдлахдаа толгой нь их дор бараг газар шүргэх шахам явдаг, чих нь согооных шиг, бөгс нь их цаана, ар хонгондоо хоёр, биендээ нийт есөн эргүүлэгтэй байжээ. Энэ хүлэг тэр хавьдаа болдог  овоо тахилга, сүлдний болон сумын наадамд тогтмол түрүүлж байсан аж. Тухайлбал 1936 онд болсон Жаргалан, Баян-Уул, Шарга, Хөхморьт, Дарви сумдын шилдэг хүлэг оролцсон Майдар тахилгын сүлдний наадмын хурдан морьдыг өртөө илүү газраас уралдуулахад хол тасархай түрүүлж ирээд амьсгаа дарсан хойно баян Дэндэвийн хээр морь аман хүзүүнд ирж байсан гэнэ.

Алаг морь нь хурд ихтэй, цуцдаггүй байсан учир олон жил баригдаагүй цуутай ороо морьдыг түүгээр хөөж барьдаг байж. 1937 оны сумын наадамд унасан хүүхэд нь мориноосоо унаж жолоо нь хөлдөө орсон боловч аман хүзүүдэж, түрүү морины шагнал авч байсан аж. Дааган насандаа сүлд тахилгын наадамд түрүүлээд ирэхэд нь шүдлэн насанд эргүүлээд тавихад бас түрүүлж ирж байсан гэдэг.

Гучинхоёр насандаа сумын наадамд түрүүлж, 33 настайд нь хөгширсөн гээд уяж сойгоогүй боловч уяаны морь дагаад наадамд ирэхээр нь одоо тус сумын Бүрэн багт байгаа Б.Дашхүүг унуулаад явуулахад 20 дотор ирж байсан бөгөөд тэр жилээ Монголын элсэнд үхсэн гэдэг. Дараа нь хүү Дамдинсүрэнгийн нь их бага хоёр бор халзан морь олон жил сайн давхиж наадмын түрүү магнай түмний эх болсон ажээ. Эдгээр хурдан хүлгүүд нь  биерхүү, хөлийн туурай том байсан учир хурдалж явах үедээ бусад морьдоос илүү их тоос босгодог, мөр нь ялгардаг байсан гэнэ.

Их бор халзан нь 1956 онд Завхан аймгийн наадамд түрүүлж, 1960 онд аймгийнхаа наадамд тасархай түрүүлж яваад унасан хүүхэд нь газар мэдэхгүй буруу замаар явуулснаас болж есөд ирж байжээ. Энэ морийг сайн давхиж байсан сүүлийн жилүүдэд нь одоо нэгдлийн даргаар ажиллаж байгаа хүү Болд нь унаж сумын наадмаас хэд хэдэн түрүү, айраг авчээ.

Б.Цэдэндаш                                                              эх сурвалж: http://hiimori.mn/

ЗАСАГТ ХАНЫ ЗАРТАЙ ЗААН















Ноён шовх сарьдаг нь буурал аавыг нь орлосон
Номхон дөлгөөн хүмүүс нь ачит ээжийг нь санагдуулсан
Мөнгөн оройт Алтайгаа мөрлөн дэвж төрсөн
Монгол бөхийн босоо хийморь заан Давааням сайн бөх!
Хурга ишигний бэлчээрт дээлийн суга урж
Хуй салхитай өдөр ч адуун дэл дээр дарцагласан
Улаан хамбан зодгондоо хүч бяраа цогцлоосон
Улсын заан Давааням-Алтай нутгийн хүчтэн!
Энх цагийн манаанд нүд цавчаагүй хурандаа
Эргэх хорвоогийн орчилд хөл алдаагүй эр
Өврийн гурван хүүдээ зодог өмсгөсөн аав
Өөрт заяасан ханьдаа насан туршын багана!
Монгол бөхийн түүхэнд нэрээрээ мөнхрөх алдартан
Монгол бөхийн өргөөнд нэр дуурсагдах гавъяатан
Онгод найргийн тэнгэрт шүлэг тэрлэсэн найрагч
Ойртож нөхөрлөсөн хэнд ч болов хүний цагаан хайлан!
Алтайн Давааням зартай бөх
Алсдаа харин гавъяат хуульч
Мэдлэг, боловсрол, бөх гурваараа мэргэн шагай
Мэрийж хийсэн мэх нь заан бөхийн зангарга
“Зулай цагаан Алтай” дууны бадаг мөрийн эзэн
 Зуун дамжсан монголын бөх аймгийн голомт
 Арвай хээрийн хошуунаас авгай авсан азтан
 Алиа хошин зангаараа тодорч гарсан хурандаа
 Төв цэнгэлдэхийг Даваанямгүйгээр төсөөлж болохгүй
 Төрийн наадмыг заангүйгээр үзэж барахгүй
 Өндөр Алтайг Даваанямгүйгээр давж чадахгүй
 Өрсөн шүлгээ заангүйгээр уншиж дөнгөхгүй ээ!
 Монгол бөхийн тоосонд нэр бүтэн заан
 Морьтон монголын хийморь зодог өмссөн таньдаа
 Өнөд мөнх наадмын дэвжээ дүүрэн бөхтэй
 Өөдлөх саруул амьдралын сүр чимэг болж явахыг
 Өчүүхэн цэргийн начин би ерөөж шүлэг тэрлэв ээ!

 Энэ шүлгийг 2004 онд бичсэн юм.
 Цэргийн начин А.ТЭГШЭЭ                                            эх сурвалж: http://hiimori.mn/

Ш.Батсуурь аваргын тухай


1.Ардын хувьсгалын жилүүдэд төрсөн Монгол Улсын дархан аварга цолтой бөх долоо төрсөн байдаг. Тэдгээрийн нэг нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харъяат Шаравын Батсуурь аваргын тухай хойтонгийн наадамд ч гэсэн босоо байж, улсын аварга цолны босго давсан түүхтэй. Гэхдээ Ш.Батсуурь аваргын ид барилдаж байсан үетэй холбоотой нэгэн бараан түүх бий. Энэ бол 1949 онд болсон явдал. Тэрбээр наадмын үзүүр түрүүнд Баянхонгорын П.Аюушийг даваагүйнхээ төлөө олон жил хэлмэгдэж, ид барилдах үедээ гундуухан явсан юм. Үүнийг аваргын өөрийнх нь дурсамж ярианд түшиглэн бичвэл илүү сонирхолтой болов уу.

“Би улсад хоёр жил дараалан түрүүлээд байлаа. Ёстой цээжнээс бяр амтагдаж байсан үе. Нисэхийн П.Аюуш бид хоёр нэг айлын хүргэн. Бид наадмын өмнөх орой хадмындаа цай ууж суулаа. П.Аюуш “Батсуурь аа, энэ наадам чи бид хоёрынх болно. Чи надад бууж өг. Би улсад нэг түрүүлж үзье л дээ” гэдэг юм. “Чи Ө.Чүлтэмсүрэн арсланг даваад ир” гэж хэллээ. Наадам миний бодсоноор болох шинжтэй. Гэтэл П.Аюуш Ө.Чүлтэмсүрэн арсланг давж, аргагүй л бид хоёр түрүү булаалдахаар шалгарч үлдлээ. Би өрөхдөө “За энэ золигийг чинь яадаг юм билээ” хэмээн эргэлзэж, “Бууж өгье дөө” гэж бодож зогстол яах ийхийн зуургүй ороод, намайг хаячихдаг юм байна. Туг тойрч яваад харвал Маршал Х.Чойбалсан босоод явчихсан, наадамчид ч тарж байна. Үзүүр түрүүнд үлдсэн бөхөд бай шагнал өгсөнгүй, наадмыг хаалт ч болсонгүй. Түрүү, үзүүрийн хоёр бөх наадмын орой болдог нам засгийн удирдагчдын хүндэтгэлийн цайллагад орсонгүй өнгөрөв. Маргааш нь ажилдаа иртэл Ж.Лхагвасүрэн жанжин дуудаж байна гэнэ. Их л ууртайгаар “Чи маршал дээр оч” гэлээ. Маршал дээр орлоо. Царай нь хүрлийчихсэн зогсч байна. “Чамд ах, дүүсээрээ хуйвалдаж, төрийн наадмаар тоглох эрх хэн олгосон юм бэ” гээд баахан загналаа. Цэргийн хүн юугаа хэлэх вэ. Баахан загнаж байгаад “Ж.Лхагвасүрэн дээр оч” гэлээ. Генерал дэслэгч цолыг минь хурааж, ахлагч болгоод говьд гурван жил ажиллах тушаал уншсан. Тэгээд “Очиж маршалд илтгэ” гэдэг юм байна. Маршал дээр ороод болсон явдлыг илтгэлээ. Маршал “Арми, Ж.Лхагвасүрэн хоёр чамд хайртай юм байна, яв” гэлээ. Таньдаг нөхөд тааралдаад “Чи ч ёстой аз нь хаясан эр юм аа. Улсын наадамд гурван жил дараалан түрүүлсэн бөх гараагүй. Манай армиас төрөх нь гээд маршал ихэд бэлгэшээж бугуйн цагаа тайлахад гадаадын зочид ч бас цагаа тайлсан. Тэгэхэд чи бууж өгч байдаг, ёстой бөх хүний аз хийморьт муу юм боллоо” гэж зэмлэцгээв. Ингэж би улсад түрүүлэх аз хийморио гундаасан хүн дээ” хэмээн дурссан нь бий.

Ш.Батсуурь 1951 оны ардын хувьсгалын түүхт 50 жилийн ойн наадмын түрүү үзүүрт улсын арслан Ж.Цэвээнравдантай үлдсэн ч түрүүлж чадаагүй. Басхүү 1957 онд залуу арслан Д.Дамдинд унаж үзүүрлэж байв. Гэхдээ тэр жил баяр наадмыг зохион байгуулах комиссоос Монгол Улсын даян аварга цол олгосон. Үүнээс таван жилийн дараа, ардын хувьсгалын 41 жилийн ойн наадмаар зургаа давахад олон жил барилдсаныг нь үнэлж, монгол бөхийн дээд цол хүртээсэн билээ.               эх сурвалж: http://news.mn

2.1947, 1948 оны улсын их баяр наадамд хоёр дараалан түрүүлсэн дархан аварга Ш.Батсуурь 1949 онд Ардын хувьсгалын 28 жилийн ойгоор “нисэхийн” П.Аюуш заантай үзүүрт үлджээ. Аварга, заан хоёрыг барилдахаар өртөл П.Аюуш нь “Чи тэртэй тэргүй аварга, ахиад ч олон түрүүлнэ. Энэ жил би давъя л даа” гэжээ. 

Аварга тээнэгэлзэсхийгээд зогсож байтал П.Аюуш заан гэнэт ухасхийгээд зүүн хөлийг нь авч улмаар хонгодож хаяжээ. Наадмын маргааш маршал Х.Чойбалсан хоёуланг нь дуудаж аваачаад “Та нар төрийн наадмаар тоглолоо” гэж загнаад арга хэмжээ авчээ.

Ш.Батсуурь аваргыг сахилгад суулгаад хилийн цэргийн Чоно голын отрядад биеийн тамирын зааварлагчаар явуулсан байна. Харин П.Аюушийн арслан цолыг нь өгөөгүй байна. Хожим нь 1956 онд 35 жилийн ойн баяр наадмын бөхийн комиссын шийдвэрээр “Улсын арслан” цолыг нь олгосон аж.

Тэр үед дархан аварга маань Зэвсэгт хүчний жанжин штабт офицер, П.Аюуш арслан нисэхийн төвд сургалтын мэргэжилтнээр ажиллаж байжээ. Хүмүүсийн ярьснаар бол Ш.Батсуурь аварга, П.Аюуш арслан нарыг баз хүргэнүүд гэдэг боловч энэ нь ташаа бөгөөд тэд бөхийн дэвжээн дээр үерхэж, нөхөрлөж, өрсөлдөж явсан найзууд байжээ.