...Үнэмшихэд ч хэцүү. Түрүүхэнд цагийн өмнө ээжийнхээ өвөр дээр толгойгоо тавин эрхэлж, надтай үг сольж, инээж хөхөрч байсан жаалхүү мөн үү? Тэр мэс заслын ширээн дээр амьгүй мэт хэвтэх аж. Хүнд өвчинд 16 жил шаналсан хүүгийн амь нас, хувь заяа мэс засалчийн хутганы ирэн дээр дэнжигнэнэ. Цээжний хөндийг нь нээлээ. Хүний зүрхийг тийм дошгиноор цээжний чанадад багтаж ядан оволзож, үсчин цовхчиж байдгийн чинээ санасангүй. Айдас, гайхашрал, бахархал, гайхамшиг үргэлжилсэн таван цаг... Тийм ээ, би хүнийг үхүүлээд, эргүүлж амьдруулахын жинхэнэ гайхамшгийг харлаа. Үүнийг өгүүлэхийн учир. ...Бундан гэдэг үгийн утга нь зүрх. Сонин юм шүү. Монголын анагаах ухааны салбарын ноён оргилуудын нэг, анагаах ухааны түүхэнд “зүрхний” хэмээн алдаршиж мөнхөжсөн Бундан эмч ийм нэртэй байсан нь хувь тохиолынх уу. Бундан эмч нэг хөвүүнтэй. Тэр хүү нь аав шигээ зүрхний мэс засалч. Гэхдээ нэр нь Болдсайхан. Магадгүй түүнийг нийгмийн асар идэвхтэй амьдралаар нь монголчууд таних болсон биз. Утга зохиол, улс төр, урлаг соёлын өргөн мэдлэгтэй, басхүү аав шигээ алтан гартай энэ залуу яах аргагүй нэртэй хүний зүстэй нэгэн болжээ.
Дотносож хүнтэй тэр болгон нөхөрлөөд байдаггүй, хальт уулзаад өнгөрөхөд нэг тиймэрхүү хэг ёг, хэдэрдүү гэмээр ч мөн чанар нь огт өөр. Цаг завгүй, хүнд ажлынх нь нөхцөл түүнийг мань мэтэд тийм эндүү ойлгоход нөлөөлдөг ч юм бил үү. Юутай ч эрдэнэт хүнд тэр тусмаа зүрхэнд мэс өргөх онцгой эрхтэй эмчийн ажлын нэг өдрийг сурвалжлахыг хүсэж зорьсон юм. Эл эрхмийг онцлон сонгох шалтгаан надад байсан. Миний аав мөн л мэс засалч, насаараа энэ ажлаа хийж яваа хүн. Эдүгээ наян нас дөхөж яваа хэрнээ л хутгаа орхиж үл тэвдэн, орон нутагтаа олгой зэргийн юмандаа эрлэг нь болсон хэвээр ажиллаж байдаг зөрүүд нь дэндсэн өвгөн бий. Эмч хүнийг тэр тусмаа мэс засалчдыг хүндэтгэн бахархаж, тэдний хүнд хөдөлмөрийг бас ч гэж ойлгох хүрээнд өсөж өндийсөн минь Болдсайхан эмчийг нэг өдөр дагах гол шалтгаан байсан. Бундан эмч Говь-Алтайн Төгрөг сумын унаган хүн. Би ч бас тэргэл сар шиг үзэмж төгс тэр нутагт төрсөн бөлгөө. Хар багын л алдрыг нь сонсож, бахархаж өссөн Бундан эмчийн хүүтэй танилцаж, танилцаад барахгүй зүрхний мэс засал хамт “хийх” хүслээ хорихын учир надад юу байна.
2010 оны аравдугаар сарын 20.
Өглөө эрт 7 цаг болж байхад Шастины нэрэмжит клиникийн III эмнэлэг дээр ирлээ. Энд ирэлгүй их удаж. Бараг арав гаруй жил болсон юм байна. Тэртээ олон жилийн өмнө яг энэ эмнэлэгт ээж минь тархины хүнд мэс засалд орж, долоо хоног хонгилоор нь түгшүүрлэн алхаж байснаа саналаа. Өргөөшөө 9, уртаашаа 36 алхам тэр зайд чухам хэд “маневерласнаа” бол мэдэхгүй. Цагаан хэл ам хол байг. Ээж минь эрүүл саруул болж, энх тунх суугаа. Чухам тэр цагаас сэтгэлд минь энэ эмнэлэг юу юунаас ч илүү дотно санагдах болсон юм. Шастин докторын хөшөө бүхий төв хаалгаар нь орох гээд барсангүй. Үүд хавиар нь хаалт босгоод нэвтрэхийн ч эцэс алга. Ойр орчны нөгөө цэцэрлэг бүхий цэлгэр зай хумигдаж, баахан барилга боссон нь харамсалтай.
Уг нь өвчин зовлонгоосоо салсан олон олон хүн энэ хавийн задгай талбайд алхах нь алхаж, суух нь сууж, эрүүл болохын, энэ орчлонд амьд явахын баяр жаргалыг мэдэрч байдагсан. Бороо, цастай үед машин унаа байтугай явган хүн шигдмээр шавар шавхай тогтож мэдэх энхэл донхолоор түгдчүүлсээр эмнэлгийн ар талаар тойрч сая нэг дотогш оров. Гуравдугаар давхарт гарлаа.
“Монголын анагаах ухааны доктор. Төрийн соёрхолт мэс засалч Бундангийн нэрэмжит мэс заслын тасаг” гэсэн хаяг бий болжээ. Тэгмээр дээ. Өөр хэний ч нэрэмжит байх билээ дээ. Өглөө эрт болоод тэр үү, эмнэлэгт эл хуль, ээлжээ хүлээлцэх гэж байгаа ганц нэг сувилагч, асрагч цааш нааш орж гарах. Болдсайхан эмч хараахан ирээгүй бололтой. Харин манай нэртэй мэс засалчдын нэг Даваацэрэн доктортой тааралдаж мэнд усаа мэдэлцэх зуур “Цаадах чинь яг цагтаа ирнэ ээ” гэхийг сонсов.
Утсанд мессежний дохио ирснийг харвал “Даваадорж оо, 8:30 цагт ирвэл зүгээр шүү” гэсэн сануулгыг Болдсайхан эмчээс өчигдөр орой явуулжээ. Болзоо тавьсан цаг болтол хагас цагийн зай байна аа. Царай зүс нь нар салхинд гандаж борлосон, харваас хөдөө орон нутгаас ирсэн нь андашгүй хэдэн хүн орж ирээд тэрүүхэндээ бөөгнөрөн зогсож, шивнэлдэх аж. Тэднийг ажваас нүдэнд нь далд түгшүүрээс гадна эмнэлэг доторхийг сониучирхсан, нааш цааш явах эмч, сувилагч нарыг царайчлан, басхүү хүндэтгэсэн төрх илт. Магадгүй эдэнтэй хамаатай хэн нэгэнд нь хийх хагалгаанд би орох гэж байгаа ч юм бил үү.
Дөхөж очоод мэндэллээ. Илт баруун Алтайн аялгаар “Хүү минь зүрхний хагалгаанд орох гэж байгаа юм” гэж байна. Хүүгийнх нь зүрх цоорхой гэсэн оноштой ирж хэвтээд гурав хонож байгаа гэнэ. Болдсайхан гэдэг эмч хагалгаа хийх юм гэхээр нь... Аа! тийм үү. Би хамт орох хүн байгаа юм гэтэл намайг эмч гэж андуурав бололтой цаана нь зогсох ах дүү хамаатнууддаа хандан “Хагалгаанд орох эмч нь ирчихлээ” гээд авч өгч байна аа.
Та Увсынх уу! Үгүй ээ, Ховдын Дөргөн сумынх. Яаж байна. Хэл яриа хазгай сонсогдож байна уу. Тийм ээ, тэр зүгийнх гэдэг тань шууд мэдэгдэж байна. Бид ийн яриа өрнүүлэн зогстол 13-14 настай болов уу гэмээр жаал дотор палатнаас гарч ирсэн нь өөрсдийгөө Лхамсүрэн, Долгорсүрэн гэж танилцуулсан гэр бүлийнхний хагалгаанд орох гэж байгаа хүү нь байлаа. Нэрийг нь Цэдэнсүх гэнэ. Олон жил хурдан морь унаж, “Аймгийн алдарт унаач” цолоор шагнагдсан мундаг “эр” ажээ. Харин 16 настай гэхэд биеэр тун жижиг. Үүний учрыг хэдхэн хормын дараа би мэдэх болно.
Цэдэнсүх хүү ээжийнхээ өвдгийг дэрлээд бас нэлээдгүй эрх бололтой.
“16 гэдэг чинь авгай авахад болохоор нас. Гэтэл чи эрхлээд, арай мөөм нэхэж байгаа юм биш биз дээ” гээд явуулсан чинь ичингүйрээд инээж байх юм. Түүний ах нь бас л зүрхний төрөлхийн эмгэгтэй нэгэн байгаад хэдэн жилийн өмнө энэ эмнэлэгт мэс засалд орж эдгэрээд одоо сумынхаа Дөргөний усан цахилгаан станцад инженерээр ажиллаж байгааг Цэдэнсүхийн аав, ээж хоёр нь ам уралдан ярьцгаана.
“Бурхан минь. Ёстой алтан гартай эмч нар байдаг юм билээ. Муу хүү минь ч гэсэн эдгэрэх байх аа” гээд залбирцгаана. Ийн гангар гунгар гэх хооронд тэсвэр алдаад Болдсайхан эмчийн дугаар руу залгатал “Яг одоо орж явна” гэж байна. Машиндаа яваа бололтой. Цаана нь BBC ч юм уу англи хэл дээр мэдээ унших нь дуулдана.
8.30 цаг. Тэрбээр яг цагтаа орж ирлээ. Эмч бус аялагч гэмээр бяцхан үүргэвч үүрчихэж. Эл үүргэвчинд нь хорвоо тэр чигтээ явааг сүүлд мэдсэн. Надтай хайнгадуу мэндлээд “За ороод ир. Май энэ хувцсыг өмс. Өөрийнхөө гадуур хувцсаа бүгдийг нь тайлаарай” гээд ногоон хувцас ширээн дээрээ гаргаж тавилаа. Хэзээ ч байгаагүй тийм нэг сонин мэдрэмж төрөх аж.
Уг нь Болдсайхан эмчийг их л уриалгахнаар хүлээж аваад “Ийм хүнд тийм мэс засал хийнэ” гээд энэ тэр танилцуулга хийх болов уу гэж бодсон минь талаар болов. Ер нь мэс засалчид тийм нэг элдэв сул яриа, илүү хөдөлгөөнд дургүй гэдгийг нь ааваасаа мэдэх хойно. Тэд зүгээр нэг бичиг цаас дэлгээд суух гэж байгаа биш. Хүний амь насыг аврах уу, алдах уу гэдгээ шийдэх тулаанд орох гэж байгаа хүмүүс юун элдвийг ярих. Хэдхэн хормын дараа баахан элбэгдүүхэн ногоон хувцастай хэдий ч би мэс заслын “эмч” хэдийнэ болчихжээ. “За урагшаа, мэс засал амжилттай болох болтугай” гэж дотроо шивнээд Болдсайхан эмчийн араас дагаад гарлаа.
8.45 цаг. Үгүй, энэ чинь шууд мэс заслын өрөө рүү явчихдаггүй юм байна. Нээрээ эмчийн өглөөний үзлэг гэж байдаг шүү дээ. Сувилагч, асрагч нарынхаа өрөөгөөр орж мэндлээд “V палатны Цэдэнсүхийг хагал гаанд бэлтгээрэй” гээд тасаг бүрээр орж өвчтөнүүдээ нямбай нь аргагүй үзэхийг хичээнгүйлэн дагах намайг Анагаахын сургуулийн оюутан байх гэж бүгд бодож байгаа нь илт ээ.
Өвчтөнүүдийн харц бүр өөр өөр. Өвдөж шаналсан, баяр ласан тэр харц бүхэн Болдсайхан эмч дээр тусах. Эмчийнхээ орж ирэхийг өвчтөн болгон тэсэж ядан хүлээдэг аж. Арга ч үгүй юм. Эмчээсээ тэд итгэл найдварын хүчээ сэлбэдэг юм. “За нөхөр минь наадах чинь болохоо байчихаж. Шуудхан хэлэхэд хөлийг чинь тайрахаас аргагүй. Удвал бүр л эрсдэлтэй” хэмээн нэгэнд нь загнах зэмлэхийг хослуулан хэлэв. Ямар ч хүн эд эрхтнээсээ салахыг юунд хүсэх билээ.
Гэвч хүслээр болдоггүй хясланг дийлэх биш. Яах аргагүй тайрах болоод байгаа ч өвчтөн өөрөө зөвшөөрч өгөхгүй удаж, бие нь улам муудаж байгааг Болдсайхан эмч надад тайлбарлав. Цаад хүн гунигтай харагдсан. Өөр нэгэнд “Гар хөлөө сайн хөдөлгө. Зүгээр битгий шаналаад суугаад бай. Гантель, гольфын бөмбөг авчруулаад ядаж атгаж байвал сайн. Артерийн судас чинь нарийссан учраас сайн хөдөлгөөн хийх тусам хажуугийн туслах судаснууд тэлж бүдүүрдэг юм. Энэ цонхоор харагдаж байгаа төв замыг хаачихвал машин хажуугаар нь тойрч давхисаар нэг л мэдэхэд тод, том зам гардаг биз дээ. Яг түүн шиг гээд төсөөл” хэмээн тун ч ойлгомжтой, оносон жишээ аваад тайлбарлаж зөвлөнө.
Болдсайхан эмч энэ үед шал өөр хүн болж хувирахыг анзаарлаа. Нөгөө дуугүй, баргар эмч маань өвчтөнүүдтэйгээ ярихаараа инээд хүрмээр тэгсэн атлаа ончтой зүйрлэл хэлсэн алиа марзан, хөгжилтэй нэгэн болчихож. Түүнийг тасгаас гара хад өвчтөнүүдийн нүүрэнд анзаарагдах шаналан алга болсон байх юм. Зүрх нь баруун талдаа байрлалтай гэх залуухан бүсгүйн өрөөнд орлоо. “Эмч ээ! Надад хагалгаа хийгээд өг л дөө” гэж шалах бүсгүй эрүүл саруул болохыг тэсгэлгүй хүсэмжилж буй нь ойлгомжтой. “Болоогүй ээ! Эхлээд зонд тавьж нарийн үзлэг хийлгэх ёстой. Даралт чинь зөрүүтэй байгааг тэнцүүлж байж хагалгаа хийнэ. Дажгүй дээ. Битгий яар” гэх эмчийн үгийг сонсоод “Зондын шинжилгээг би даах болов уу” гээд “Даана аа” гэх итгэлтэй хариулт авсан бүсгүй ямар баяртай үлдэхийг хараад эмч хүн бурхан юм биш үү гэх бодол зурсхийнэ. Өглөө болгон хийдэг үз лэгээ Болдсайхан эмч дуус галаа. Түүний өвчтөнүүдийн дийлэнх нь бяцхан хүүхдүүд. Зарим нь хэдхэн сартай бараг л улаан нялзрай амьтад юм. Монголын хэчнээн олон үр зүрхний гажигтай төрдөг ч юм дээ. Энэ он гарсаар III эмнэлгийн зүрхний тасгийн эмч нар 90 гаруй хүүхдэд хагалгаа хийсэн байна. Харамсалтай энэ тооны хажуугаар хагалгаа болгон амжилттай болсныг дуулгахад ямар таатай билээ. Ямар олон гэр бүлийг аз жаргалтай болгож, хэчнээн хүүхэд Монгол Улсынхаа нэрийг дэлхийд дуурсгах хувьтай учирсныг таашгүй. Бяцхан цээж нь Болдсайхан эмчийн гарын алганаас цухуйхгүй далдлагдах тэр өрөвдөлтэй өхөөрдөм үрсийн зүрхэнд хэрхэн хагалгаа хийдгийн учрыг бол бүр ч төсөөлөмгүй. Халааснаасаа чихэр гаргаад тараах эмч маань тэр олон хүүхдийн авралын бурхан, эцэг, эх, багшийн аль аль нь мэт ээ.
9.00 цаг. Цэдэнсүх хүүгийн тасагт орлоо. Түүнийг тусгай тэргээр мэс заслын тасаг руу авч явахад бэлэн болж. Мань эр энэ хооронд амжиж цаасанд боолттой нэгэн зүйлийг задлаад “Эмч ээ ламын өгсөн элсэн чихэр байгаа юм” хэмээн гэмшингүй атлаа ичингүйрэн хэлж байх юм. “За тэгээд гялс нэг долоочих. Ихээр биш шүү” хэмээн Болдсайхан эмч ёжлоод ха ха хэмээн чангаар хөхрөх аж.
9.15 цаг. Мэс заслын тасаг руу хөдлөхийн өмнө төмөр чемоданыг надад бариулав. 5-6 кг орчим жин бүхий тэр хайрцагт Болдсайхан эмчийн 10-аад мянган “ногооны” үнэтэй мэс заслын тусгай хэрэгсэл бий. Анх удаа мэс засалд орох гэж байгаа анагаахын оюутанд чухам ямар сэтгэгдэл төрдгийг би мэдэх биш. Юутай ч миний хувьд айдас гэхээсээ нэг л тийм бахархал, итгэл цээж дүүрэн оволзож байсныг хэлэх байна. Араас нь дагаад алхаж явахад Болдсайхан эмч миний өмнө мэдэх Болдсайхан бус ер бусын ид шидтэн мэт. Дөрөвдүгээр давхрын хонгилд гадаадын нэг нөхөртэй таарлаа. Люксенбургээс ирсэн инженер гэнэ. III эмнэлгийн мэс заслын тасгийн агааржуулалтын системийг шинэчлэх учиртай юм санж. Гэтэл мань эр Болдсайхан эмчийг хармагцаа баахан юм тайлбарлаад эхлэв. Утга нь дандаа л болохгүй бүтэхгүй янзтай. Яриаг нь хэсэг сонсоод шууд таслан “Харамлаад нарийлаад байх хэрэггүй ээ. Люксенбургчууд ийм харамч хүмүүс биш биз дээ. Таны хэр сэтгэлгээтэй инженер болохыг чинь хармаар байна” хэмээн түс тас хэлчихээд эмч маань цаашаа алхлаа.
9.35 цаг. Цэдэнсүх хөвгүүн мөн үү. Хэдхэн хормын өмнө элсэн чихэр долоох эсэхээ эмчээсээ асууж асан хүү мэс заслын ширээн дээр амьгүй мэт хэвтэж харагдана. Түүнд нойрсуулах тариа хийжээ. Дөрвөн мөчинд нь миний үл мэдэх багаж төхөөрөмжийг зайгүй холбочихож. Нөгөө кино дэлгэцнээс хардаг зүрхний цохилтыг хэмждэг аппаратыг л би мэдэх юм байна. Хүүд хагалгаа хийхэд бэлэн болжээ. Түүний зүрх нь цоорхой. Тиймээс миний ойлгож байгаагаар тэр цоорхойг нөхөж оёно. Яг л өмд, цамцны цоорхойг нөхдөг лүгээ.
Зүрхний хагалгааг ганц эмч хийдэггүй. Энэ бол багийн, нягт нямбай гар нийлсэн, асар өндөр ур чадвар шаардсан ажиллагаа. Цэдэнсүх хүүгийн зүрхэнд хийх хагалгааны багт Болдсайхан эмчээс гадна туслах мэс засалч Д.Бат-Ундрал, наркозны эмч Т.Энэ биш, наркозны сувилагч Г.Өлзийтэгш, хагалгааны сувилагч Д.Дулмаа, Б.Мөнхчимэг, туслах сувилагч Д.Оюунчимэг, АИК буюу хиймэл зүрх, бөөр, уушгины аппаратны тусгай сувилагч Төвжаргал нарын найман хүн оржээ. Ес дэх нь би. Туслах эмч Д.БатУндралын тухайд Б.Болдсайхан эмчийн шавь нарын нэг бөгөөд ОХУ-ын Вакулевын нэрэмжит мэс заслын төвд таван жил суралцаад ирж. Энэ хагалгаа түүний багшдаа юу сурснаа үзүүлэх анхны сорилт. Наркозны эмч Т.Энэбиш гуай бол энэ чиглэлээр мэргэшсэн манай улсад байдаг гуравхан эмчийн нэг. Түүний ур чадвар, туршлага мэдлэгт ямар их найддагаа Болдсайхан эмч мэс заслын дараа надад бахархан ярьж билээ.
10.20 цаг. Болдсайхан эмчид хагалгааны ариутгасан хувцсыг сувилагч нь өмсүүллээ. Түүний өмнөхөн нөгөө миний барьж ирсэн төмөр чемоданаас мэс заслын үед зүүдэг тусгай линз дуран бүхий нүдний шилээ гаргаж толгойдоо бэхлэн тусгалыг нь өөрөө хэдэнтээ шалгаж тохируулсан юм. Мэс заслын ширээний доод талд тулган битүү багаж өрсөн өөр нэг ширээг залгалаа. Энэ удаагийн мэс засалд хэрэглэх 70 гаруй багажийг нарийн дэс дарааллаар нь өржээ. Бас ариутгасан самбайг яг тоогоор нь бас л хэрэглэх дарааллаар нь өрсөн харагдана. Мэс заслын үеийн нэг онцлог бол энэ. Бусад эмч хөвөн, самбайг хэдийг л бол хэдийг ашиглаад хаядаг. Түүнийгээ тооцож, тоолох шаардлагагүй. Тэгвэл мэс засал өөр зарчимтай. Энд нэг сувилагч нь зөвхөн тэр дэс дараалалтай самбайг эмчийн хэлснээр нь авч өгч, хаясных нь дараа тоолж, тоог яс тулгах үүрэгтэй. Энд хүн бүрийн хийх хөдөлгөөн хязгаартай. Хагалгааны эмчийн дуу л гарна. Түүний юу хий гэснийг бусад нь гүйцэтгэнэ. Цэрэгт ч бараг ийм яг таг хөдөлгөөн үгүй дээ.
10.25 цаг. Хүүгийн хөлийн дэргэд хиймэл аппаратыг байрлуулж, ард нь Төвжаргал сувилагч байраа эзэллээ. Наркозны эмч Т.Энэбиш өвчтөний толгой хэсэгт зогссон харагдана. Тэрбээр зүрхний аппаратын заалт болгоныг хянаж, өөрчлөлт болгоныг мэс засалчид хэлж байх ёстой. Хүүгийн цээжний хөндийг нээж байна. Үүнийг бол мань мэт харж чадахгүй юм билээ. Гагцхүү тэр цэлгэр том өрөө дүүрэн хиншүү хярвас үнэртэхийг мэдэрч байсан. Энэ нь цус тогтоох тусгай халуун мэсээр үйлдэл хийж буйн илрэл. Цээжний хөндийг нээмэгц зүрх салах нь уу гэлтэй оволзон цовхчихыг харлаа. Хүний зүрх ийм догшиноор оволздог юм чинээ бодож явсангүй.
11.00 цаг. Хором бүрийд өвчтний даралт, хүчилтөрөгч, хэрхэн өөрчлөгдөж байгааг сувилагч нар тэмдэглэх юм. Өрөөнд ямар ч чимээгүй. Хааяа нэг “хайч, хутга, утас, самбай” гэх Болдсайхан эмчийн дуу гарна. Тэдний эмнэлгийн хэл яриаг ойлгохын эцэсгүй. Ямар хажууд нь очоод шалгаагаад байлтай биш. Нөгөө миний мэс заслын өмнөх сэтгэгдэл нам дарагджээ. Мэс засал гэдэг миний төсөөлж байснаас хавьгүй өөр, юу ч гэмээр юм маш эвгүй атлаа гайхамшигтай зүйл аж. “Венийн судсыг нь аппаратад холбоорой! Холболоо. Даралт ямар байна. Хэвийн. За артерийг залгаарай. Залгалаа” иймэрхүү товчхон яриа л өрөөнд ниснэ.
11.15 цаг. “Даваа, за наашаа дөх дөө. Чи дахин ийм зүйл үзэхгүй. Хүний зүрх хэрхэн зогсохыг хар” хэмээн Болдсайхан эмч хэлдэг байгаа. 16 настай хүү анагаахын хэлээр клиник үхэлд оржээ. Нөгөө оволзож байсан зүрх нам тайван, ямар ч хөдөлгөөн алга. Одоо хүүгийн зүрхийг аппарат орлож байгаа. Энэ хоорнд мэс засалч жинхэнэ ур чадвараа гаргах болно. Хүүгийн зүрх хэвийн хэмжээнээсээ 2.5 дахин томорч. Үүний шалтгаан нь зүрхийг баруун зүүн болгож тусгаарладаг хальсанд 3.5 см хэртэй том цоорхой үүссэн болоод хүчилтөрөгч байх ёстой зүүн хэсэгт нь цоорхойгоор цус орж дүүргэсэн учир зүрх тэлж томорч. Энэ байдлаараа удвал хүүд 4-5 жилийн л амьдрал үлдсэн байж.
11.20 цаг. Нөхөөс тавих ажиллагаа эхэллээ. Энэ үед бүр ч нам гүм болов. Болдсайхан эмч багагүй бухимдаж байгаа бололтой. Хамгийн нарийн мэс ажиллагааны үед шавийнх нь зарим үйлдэл түүний санаанд нь хүрсэнгүй юу “Наадахаа тавь, эндээс нь тат, боль, бүр төсөөрчээ, чи” хэмээн ширүүлж эхлэв. Түгшүүртэй хэдэн хором өнгөрч ядах аж. Үнхэлцэгнийх нь хальснаас хэсгийг авч химийн тусгай уусмалд бэхжүүлээд зүрхний цоорхойд тааруулан нөхөж байна. Яг л хувцасны цоорхойг нөхдөг шиг. Энэ бүхнийг бичихэд мань мэтийн дүрслэх чадвар үнэндээ дутна. Яагаад гэвэл энд үгээр илэрхийлэх боломжгүй тийм нарийн нандин үйлдэл болдог юм.
11.30 цаг. Болдсайхан эмчийн дууны өнгөрч зөөлөрч байгаа нь мэдэгдэж байна. Тэр ч бүү хэл алиа марзан үг ярьж, өрөөнд арай хөгжилтэй байдал үүсэж байгаа нь анзаарагдана. Тэрбээр вен, артерийн судаснуудыг зүрхтэй холбож дууслаа. “За даралт хараарай. О’кей. Сайн байна. Аппаратаа салгах болоогүй шүү” гээд “Энэ өрөө ямар халуун байна аа. Шил хөлөрч юм харагдахгүй байна” гэх. Сувилагч тэр даруй агааржуулагчийн хүчийг нэмлээ. Цаг хугацаа ямар хурдан өнгөрөв дөө. “За одоо зүрх хэрхэн ажиллахыг хар даа. Хүний амьдрал эргэж ирэхийн гайхамшигт мөчийг чамд харуулъя” гэж байна.
11.40 цаг. Хиймэл аппарат энэ удаа зогслоо. Зүрх ажиллаж эхлэв. Аль хэдийнэ тасарсан дэлгэц дээр амьдрал эргэн ирж буйг тунхаглах бяцхан зураас шүд мэт мөр гарган жирэлзэхийг харахад юутай ч жишин зүйрлэж үл болох гайхамшиг ажгуу. Ялалт гэдэг энэ бөлгөө. Зогссон зүрх аажим аажмаар татагнан чичирхийлж, эрчээ авсаар анх харагдсан шигээ оволзон булиглаж цовхчиж байна. Хүүд шинэ амьдрал эргэж ирлээ. Одоо тэр нутагтаа очиж, ирэх жилийн наадамд хурдан морь унаж, хэдэн жилийн дараа айл өрхийн тэргүүн болно. Хүний амьдрал ийм сайхан аж. Мэс засал амжилттай болжээ.
12.20 цаг. Таван цаг үргэлжилсэн хүнд мэс засал дууслаа. Болдсайхан эмч цохилж эхэлсэн зүрхэнд аяархан хүрч харагдана. Ийм агуу эрх хэнд байдаг юм бэ? Хүний зүрхэнд мэс өргөх, хүнийг амьдруулахын тулд аз жаргал өгөхийн тулд үхүүлж, амьдруулах онцгой эрх мэс засалчид тэр тусмаа Монголд тавхан хүнд байдаг юм. Хүнийг амьдруулах шиг омогшил хаана, хэзээ, хэнд байх гэж. Үүнийг уншсан хүн болгон мэдэртүгэй гэж ямар ихээр хүснэм. Эмч хүн бол амьд бурхан. Би үүнд итгэдэг.
12.25 цаг. Тэрбээр аажуухан хувцсаа тайлж, нүүр гараа угааж байна. Багийнхан бүгд баяртай харагдана. Миний хувьд үхэл, амьдралыг нэг дор харлаа. Болдсайхан эмч “За хоёулаа гаръя. 14.00 цагт Германы Элчин сайдын яам орно. Виз хүссэн юм. Германд болох зүрхний мэс засалд бас оролцох учиртай” гэв. Түүнтэй цуг гараад алхаж явахад миний үе үе өвддөг зүрх дахиж хэзээ ч өвдөхг үй юм шиг мэдрэмж төрж байх юм. Яагаад гэвэл би гайхамшгийн дэр гэд байсан болоод тэр. Үлгэр шиг юм даа. Одоогоос 40 жилийн өмнө хүн төрөлхтөн зүрхийг зогсоож байгаад мэс засал хийж бо лох гайхамшгийг мэддэггүй байлаа. Монгол эмч нарын ур чадвар дэлхийн хэмжээнд хүрчээ. Хэрэвзээ донорын асуудал шийдэгдсэн тохиолдолд зүрх шилжүүлэн суулгахыг ч манай эмч нар хийж чадна. “Зогссон зүрх цохилж, ча дан ядан босож байгаа тэр мөч хамгийн гоё байдаг юм” гэж Болдсайхан эмч ярьж сууна. “Уг нь математикч болох байлаа. Азаар гэх үү, эзээр гэх үү эмч болжээ” гээд инээх. Тийм шүү. Монголчуудын азаар Болдсайхан математикч биш удам залгасан алтан гартай эмч болсон хэрэг.
14.00 цаг. Бид хоёр түүний машинаар цуг явж Германы ЭСЯ-ны үүдэнд буулаа. Нөгөө л үүргэвчээ үүрчихэж. -Энд юу байдаг юм бэ? “Компьютер” гэж товчхоон хариул лаа. Болдсайхан эмч Герман явна. Тэнд хамтарсан мэс засалд орж, лекц уншина. Буцаж ирээд БНСУ, Сингапур руу ниснэ. Бас л мэс засал хийнэ. Түүний ойрын хэрэгжүүлэх ажил нь Сингапур, БНСУ-ын адил мэргэжлийн эмч нартай нийлж интернэтээр зөвл өгөө өгдөг, шаардлагатай бол өвчтөнүүд нь Монголд ирж хагал гаанд ордог төв нээх явдал юм билээ. Тиймдээ ч тэр хаана ч явсан бяцхан үүргэвчээсээ үл сална. Хаана ч явсан “нөүтбүүк”- ээ дэлгээд дэлхийн өнцөг булан бүрт байгаа найз нөхөд рүүгээ харилцан мэдээлэл солилцох аж. Түүнд “баярлалаа” гэж хэлээд саллаа.
Үдээс хойш 15.00 цагаас тэр дахиад хагалгаанд орно. Мэдээж амжилттай болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Харин дахиж тийм хэцүү зүйлийг харна гэдэг миний хувьд зүрх зориг, тэвчээрийн аль аль нь дутах юм билээ. Хаа нэгтээ хөгжим эгшиглэж хүмүүс баярлан цэнгэх ажээ. Эрүүл хүн баярлаж цэнгэхээс ч яах билээ. Үхэл, амьдралын тухай ийм үед хэн эргэцүүлдэг гэж. Үйл явдал бүхэн түүх байдаг. Хугас өдрийн сурвалжлагын дараа гэр рүүгээ маш их яарч байх чинь.
Ш.ДАВААДОРЖ эх сурвалж http://mongolnews.mn/
Бундангийн Болдсайхан twitter:@Boldsaikhan_dr facebook:http://www.facebook.com/profile.php?id=100001351683038