Sunday, July 3, 2011

Цогт-Очирын Лоохууз (1923- ) нь Монгол улсын төрийн зүтгэлтэн, улс төрч юм.

Намтар
1940 онд нутагтаа бага сургууль дүүргэн, санхүүгийн техникумд гурван жил, шинэхэн байгуулагдсан намын дээд сургуульд хоёр жил онц дүнтэй суралцан тус тус төгсөв. Дөнгөж байгуулагдсан Намын Төв Хорооны Лекторын Товчоонд шилэгдэн орж ажилласан нам төрийн шилдэг ирээдүйтэй залуу гишүүн 1950 онд ЗХУ-ын Коммунист намын дээд сургуульд суралцаханхдагч нарын тоонд багтан хилийн дээс алхав. Тэрээр БНМАУ-ын түүхийг анх удаа орос хэлээр хэвлэгдэхэд нь орчуулан хөрвүүлж, нам төрийн бодлого, улс эх орны хөгжил, хэтийн төлвийн талаар өөрийн санал бодлыг хэвлэлд нийтлүүлж байх тэр үеэс нам төрийн ивээлд сэжигтэн болж эхэлсэн юм. Тиймээс Лоохуузыг намын төв удирдлагаас хол алс хөдөө нутагт томилов. Гэвч Лоохууз Говь-Алтай аймгийн намын төв хорооны дарга хийж байх үедээ тус нутгийг гайхалтай хөгжүүлж ямар чадалтайгаа харуулсан нь зөвхөн эхлэл байлаа. Намын төв хорооны САА-г удирдах газрын дарга, ХАА Яамны 1-р орлогч сайд байх үедээ урсгал усгүй Алтай нутгийг усжуулах зорилгоор алдарт Гуулингийн сувгийг байгуулж,"Атар газар" эзэмших их хөдөлгөөнийг анхны шав тавихаас үр дүнд хүртэл нь зохион байгуулав. Мөн гахай, тахиа, туулай, булга, буга, каракуль хонь болон саалийн үнээний фирм, САА-нуудыг олноор байгуулжээ. ЗХУ-ын Тимирязевийн академийн аспирантурт сурч байхдаа МАХН-ын Төв Хорооны VI бүгд хурлын индэр дээр аянга буулгаж тэр үеийн төр засгийн бурангуй үзлийг шүүмжлэн өөрчлөн шинэчлэлт хийх хэрэгтэйг хэлсэн нь төрийн хар дансанд бүртгэгдэж "Намын эсрэг бүлгийн толгойлогч" хэмээх нэрийг зүүн шорон гянданд орж, хөдөө орон нутагт цөлөгдөн ар гэрийнхэнтэйгээ уулзах эрхгүй явсаар 1990 онд Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд цагаатгагдсан билээ. Хүний тархийг нь боож дөрвөн мөчийг нь ажиллуулах "коммунист" суртлыг эсэргүүцсэнийхээ төлөө 25 жилийг цөллөг, шоронд өнгөрөөсөн шантаршгүй тэмцэгч маань АИХ-ын депутат, АИХ-ын орлогч даргаар сонгогдон ажиллаж, анхны ардчилсан үндсэн хуулийг батлалцан, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин, Хүний эрхийн үндэсний комиссын анхны дарга болсон юм.

No comments:

Post a Comment