Sunday, July 3, 2011

Лодонгийн Түдэв. Эрхий дарам зай

Зураач Жамбад бага залуугаас эхлээд хижээл насыг хүртэл үзэж өнгөрүүлсэн амьдралд нь олон янзын захиалга, үүрэг, гуйлт тохиож байлаа, Зарим нь цай чанах зуур бүтээчихмээр, зарим нь зун, намрын зургаан сард арайхийн бармаар янз янзын юм байж билээ. Тэр бүхнийг зурж, сийлж, зорж, зүлгэж урлан бүтээсээр өдий хүрчээ. Цай чанах зуур бүтээсэн юманд нь агт морь, атан тэмээний шан ч өгч байлаа. Зун намрын зургаан сард чүү багтаан хийсэнд нь соном хадаг төдийхний харамж өгдөг хүн ч байлаа. Жамба зураач тэр бүхнийг ихийг их гэхгүй багыг бага гэхгүй авдаг л байлаа.
Харин энэ удаа хэзээ ч санаж бодож байгаагүй захиалгатай учирчээ. Захиалга нь шан харамж нь ч ер бусын юм байлаа.
- Нэг цун буюу эрхий дарам зайнд мянган заан эсвэл гурван зуун бурхан багтаан зурж Богд эзэн хаанд өргөн барих ээлжит сонин юм болгон авч ир гэж зураач түүний толгой , дээр их эзний нэрээр лүндэн зарлиг буужээ. Хэрвээ тэр зарлигийг бүтээж чадахгүй бол нүгэл алдас болохоор барахгүй амь насанд нь халтай гэж тэрхүү аймшигт тушаалыг дамжуулж ирсэн хүн завсраас нь эрчийг нэмэн чангалж давхар сүрдүүлжээ.
"Нэгэн дунд мянган заан" гэсэн үгийг эрэгцүүлэн бодох ч шаардлагагүй тийм утгагүй шахам зүйл гэдгийг наад захын ухааны багахан бэлтэй хүн ч ойлгож байлаа. Богд эзнээс ийм лүндэн зарлиг буусныг сонссон хүн болгон зураачийг өрөвдөж байлаа. "Харганын ноос түүж эсгий хийх" гэгч болох нь ээ гэцгээж байлаа. Тэр бүхэн Жамба зураачид падгүй хэрэг, түүний өмнөөс хэн ч тэр хэцүү ажлыг бүтээгээд өгөхгүй нь лавтай. Өөрөө л шийдэх учиртай. Тийнхүү хэдэн хоног бодол болон явлаа. Эрхий дарам зайнд мянган заан байтугай нэг зааныг л арай ядан багтааж зурах юмдаа гэхээс өөр бодол толгойд орж ирсэнгүй. Богд эзний даалгавар гүйцэлдүүлэх хугацаа богино болохоор өдөр хоног бүрий түүнд үнэтэй байлаа. Өнгөрөх хоног болгон нь зураачийг гунигт төгсгөл рүү ойртуулна. Тийм сэтгэлийн хямрал дунд нэлээн олон хоног өнгөрөөн бодлоо. Зураач маань бийр, цаасаа гартаа барьсангүй. Сэтгэл оюундаа тунгаан шийдэж, нүднийхээ өмнө хий агаарт үзэхээр болоогүй байхад тэр бийр будаг нийлүүлдэггүй зантай ажээ.
... Хоног хугацаа нисэх мэт өнгөрсөөр л байлаа. Зураачийн сэтгэл шаналсаар л байлаа. Хошуу нутгийнхан нь ч, танил нөхөд нь ч цөм тус болохыг хичээнэ. Гэвч үнэхээр сэтгэшгүй, биелэшгүй юманд хариу олдсонгүй. Зураачийн түмэн ухаан, мянган арга ч тус болсонгүй. Тэгтэл хаврын нэгэн өдөр зураач гэрийнхээ гадна гиюүрэн сууж байхыг харсан гуйлгачин эр дэргэд нь очжээ.
- Юундаа шаналаа вэ? гэж тэр шууд асуужээ. Зураач түүнд хамаг зовлонгоо ярив. Гуйлгачин анхаарахын ихээр анхаарч сонсоод толгой сэгсрэн:
- Ай мэдэхгүй. Санаанд багтахгүй юм байна. Гуйлгаар амь зуух гучин жилд мөн ч олон хүнтэй уулзаж мөн ч их юм сонслоо. Ийм лүндэн гарч гэж одоо л анх дуулж байна гэснээ үрчлээт духаа илж
- Байз! Нэгэн цун зайнд мянган бурхан зур гэж айлдсан юм бол хүний санаанд багтаад л тэгж дээ. Айлдаж болсон юмыг хийж бололгүй дээ. Чи ямар "даяг үзээгүй бичээч, маяг үзээгүй зураач" биш дээ гэж хэлэв.
"Нээрээ хүний ухаанд багтаад зарлиг лүндэн болоод бууж ирсэн юм бол яагаад хийж болдоггүй билээ" гэсэн бодол зураачийг эзэмдэв.
- Май, миний хувийг хүрт! гэж зураач хэлээд гуйлгачинд үдийн хоолоо өглөө. Шаант чөмгийг тэр адис хүртэх мэт хоёр гардан аваад шууд л өвөртлөв.
- За давхар дээлт нь явъя даа. Зааныхаа зургийг мөдхөн дуусгаарай! гэж тэр ерөөгөөд босч одов. Хойноос нь зураач хэсэг зуур бодлогошрон харж байснаа гэнэт нэгэн юм санаж.
- Хөөе Давхар дээлт гэж хашгичин дуудаж босон харайв. Гуйлгачин айх мэт цочин зогтуссанаа эргэж харав. Зураач гүйн хүрч түүний задгай энгэр лүү ширтэн гөлрөв. Сая өгсөн шаант чөмгөө буцааж авах нь гэж айх шиг гуйлгачин баруун гараараа энгэрээ дарав. Тэр гуйлгачин дөрвөн давхар дээлтэй ажээ. Эхлээд тэрмэн хүрэм, дараа нь сармай дээл, дор нь даалимбан цувцаа, ямбуун тэрлэг давхарлан өмсчээ. Өвөл, зун, намрын бүх л хувцсаа ганц биендээ өмсч явдаг болохоор хэрээр давхар дээлээ нимгэлэн цөөлдөг ажээ.
Зураач түүний давхар давхар мөртөө товч шилбэгүй шахам зах руу хэсэг зуур харж зогссоноо
- Давхар дээлт чамд өглөг их олдох болтугай! гэж ерөөгөөд гэр өөдөө буцаж гүйх тооны явлаа. Давхар дээлт гуйлгачин хэсэг зуур эргэлзэж гайхсанаа цааших мөрөө хөөн амандаа бувтнан үглэсээр оджээ.

Цагаан Жамба зураач шууд л гэртээ орж эрхий дарам дөрвөлжин цаас хайчлав. Бийрээ будганд нийлж эрхий дарам цаасан дээрээ хоёр бүтэн зааныг гадаа хүрээнд нь тулгаж хооронд нь өчүүхэн ч зайгүйгээр хөл толгойгоор нь зөрүүлэн зурав. Хоёр зааныхаа дотуурх цагаан зайд тав таван зуугаар нь давхар зураас гаргалаа. Хамгийн голдох эураас бараг л цэг төдий боловч зааны дүрс мэдэгдэхээр болов. Нэгэн цун зайд тийнхүү мянган зааныг багтаан зурж чадлаа. Давхар дээлт гуйлгачингийн дүр төрх ийнхүү мянган заан болон амилжээ. "Даяг үзээгүй бичээч, маяг үзээгүй зураач" биш гэдгийг нь Жамбад тэр бас ухааруулж өгчээ. Эрхий дарам зайд багтсан тэр мянган заан эзэн дээдсийн сонин юмны сан хөмрөгт орж үлдсэн боловч гуйлгачны ухаанаас төрсний нь хэн ч тэр цагт сэжиг авалгүй өнгөрчээ.
1990 он

No comments:

Post a Comment