Friday, July 1, 2011

Олонбулагийн намар. Мөнхөөгийн Билэгсайхан



Ботгон зэлэн дээр ингэн гунганаа иснэ
Бор гэрийн баруунтай айраг хөхүүртээ иснэ
Саамшсан ингэний дэлэнд сүү чинэрч ивэлнэ
Сар нарны хооронд түмэн ажил хөглөрнө
Алжаал тайлах биднийг нутаг ивлэж угтана
Амраг бидэн хоёр шагшуурга дэвсэж эрхэлнэ
Агсам цагаан бодол зэл тойрч тонгочихуйд
Азын согтуу онгод шүлгийн толгой уургална
Мэнд мэдсэн хүний амнаас нь айраг сэнгэнэж
Миний мэдэхгүй хэлээр усны шувууд ганганаж
Орвог хөвөөний эхэн дээр бодол халгиан суухад
Олонбулагийн намар шүлэг болон үзэгдэнэ
Мний өвөг эцгийн шодон гэзгийг угаасан
Мэлмэрээ цэнхэр тэнгэрийн нарыг усандаа ундаалсан
Хүүхэд ахуй насны минь хөлний улыг дулаацуулсан
Хөрс зөөлөн Олонбулаг минь
Хүйтэндээ хүйтэн, халуундаа халуун нутаг
Морины дүртэй уулыг Хар азарга гэдэг юм
Монгол элсний модыг хар заг  гэдэг юм
Монголын амттай жимсийг молцог гоёохой гэдэг юм
Моринд хайртай ардыг монгол уяач гэдэг юм
Борлог зүсмийн моридыг хурдны удамтай гэдэг юм
Барлаг яваагүй ардыг нь баяны ундаргатай гэдэг юм
Босоо цагаан заяаг нь дөрвөн бэрхтэй гэдэг юм
Бодолд минь нялхрах нутгийг минь
Олонбулаг гэдэг юм
Олонбулагийн намраар очиж нэг үзээрэй
Онгон сэвлэг үргээх даахины найр байдаг юм
Оонын эвэр шиг хосын хуримын найр байдаг юм
Оноо суусан морьдын хурдны  найр  байдаг юм
Орсон гарсан бүхэнд дуутай найр байдаг юм
Онгодыг минь хөглөсөн нутгийг
Олонбулаг гэдэг юм

No comments:

Post a Comment