Monday, July 4, 2011

Багааж хэмээх Бэгзийн алаг хол тасархай ирдэг байв


Говь-Алтай аймгийн Жаргалан сумын малчин Дамдинсүрэнгийн эцэг өндөр Бэгзийн алаг морь олон наадамд түрүүлж уясан эзнийгээ баярлуулсан ажнай хүлэг бөгөөд нутгийнхан эзнийг нь Багааж хэмээн авгайлдаг билээ. Олонд Багаажийн алаг гэгдсэн энэ морь биеэр их том, сэрвээ нь бараг төө шахам өндөр, толгой том янхир, ердийн морины хазаар түүнд дааганы хазаар шиг байдаг авай.

Хурдлахдаа толгой нь их дор бараг газар шүргэх шахам явдаг, чих нь согооных шиг, бөгс нь их цаана, ар хонгондоо хоёр, биендээ нийт есөн эргүүлэгтэй байжээ. Энэ хүлэг тэр хавьдаа болдог  овоо тахилга, сүлдний болон сумын наадамд тогтмол түрүүлж байсан аж. Тухайлбал 1936 онд болсон Жаргалан, Баян-Уул, Шарга, Хөхморьт, Дарви сумдын шилдэг хүлэг оролцсон Майдар тахилгын сүлдний наадмын хурдан морьдыг өртөө илүү газраас уралдуулахад хол тасархай түрүүлж ирээд амьсгаа дарсан хойно баян Дэндэвийн хээр морь аман хүзүүнд ирж байсан гэнэ.

Алаг морь нь хурд ихтэй, цуцдаггүй байсан учир олон жил баригдаагүй цуутай ороо морьдыг түүгээр хөөж барьдаг байж. 1937 оны сумын наадамд унасан хүүхэд нь мориноосоо унаж жолоо нь хөлдөө орсон боловч аман хүзүүдэж, түрүү морины шагнал авч байсан аж. Дааган насандаа сүлд тахилгын наадамд түрүүлээд ирэхэд нь шүдлэн насанд эргүүлээд тавихад бас түрүүлж ирж байсан гэдэг.

Гучинхоёр насандаа сумын наадамд түрүүлж, 33 настайд нь хөгширсөн гээд уяж сойгоогүй боловч уяаны морь дагаад наадамд ирэхээр нь одоо тус сумын Бүрэн багт байгаа Б.Дашхүүг унуулаад явуулахад 20 дотор ирж байсан бөгөөд тэр жилээ Монголын элсэнд үхсэн гэдэг. Дараа нь хүү Дамдинсүрэнгийн нь их бага хоёр бор халзан морь олон жил сайн давхиж наадмын түрүү магнай түмний эх болсон ажээ. Эдгээр хурдан хүлгүүд нь  биерхүү, хөлийн туурай том байсан учир хурдалж явах үедээ бусад морьдоос илүү их тоос босгодог, мөр нь ялгардаг байсан гэнэ.

Их бор халзан нь 1956 онд Завхан аймгийн наадамд түрүүлж, 1960 онд аймгийнхаа наадамд тасархай түрүүлж яваад унасан хүүхэд нь газар мэдэхгүй буруу замаар явуулснаас болж есөд ирж байжээ. Энэ морийг сайн давхиж байсан сүүлийн жилүүдэд нь одоо нэгдлийн даргаар ажиллаж байгаа хүү Болд нь унаж сумын наадмаас хэд хэдэн түрүү, айраг авчээ.

Б.Цэдэндаш                                                              эх сурвалж: http://hiimori.mn/

No comments:

Post a Comment