Monday, July 4, 2011

Ш.Батсуурь аваргын тухай


1.Ардын хувьсгалын жилүүдэд төрсөн Монгол Улсын дархан аварга цолтой бөх долоо төрсөн байдаг. Тэдгээрийн нэг нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харъяат Шаравын Батсуурь аваргын тухай хойтонгийн наадамд ч гэсэн босоо байж, улсын аварга цолны босго давсан түүхтэй. Гэхдээ Ш.Батсуурь аваргын ид барилдаж байсан үетэй холбоотой нэгэн бараан түүх бий. Энэ бол 1949 онд болсон явдал. Тэрбээр наадмын үзүүр түрүүнд Баянхонгорын П.Аюушийг даваагүйнхээ төлөө олон жил хэлмэгдэж, ид барилдах үедээ гундуухан явсан юм. Үүнийг аваргын өөрийнх нь дурсамж ярианд түшиглэн бичвэл илүү сонирхолтой болов уу.

“Би улсад хоёр жил дараалан түрүүлээд байлаа. Ёстой цээжнээс бяр амтагдаж байсан үе. Нисэхийн П.Аюуш бид хоёр нэг айлын хүргэн. Бид наадмын өмнөх орой хадмындаа цай ууж суулаа. П.Аюуш “Батсуурь аа, энэ наадам чи бид хоёрынх болно. Чи надад бууж өг. Би улсад нэг түрүүлж үзье л дээ” гэдэг юм. “Чи Ө.Чүлтэмсүрэн арсланг даваад ир” гэж хэллээ. Наадам миний бодсоноор болох шинжтэй. Гэтэл П.Аюуш Ө.Чүлтэмсүрэн арсланг давж, аргагүй л бид хоёр түрүү булаалдахаар шалгарч үлдлээ. Би өрөхдөө “За энэ золигийг чинь яадаг юм билээ” хэмээн эргэлзэж, “Бууж өгье дөө” гэж бодож зогстол яах ийхийн зуургүй ороод, намайг хаячихдаг юм байна. Туг тойрч яваад харвал Маршал Х.Чойбалсан босоод явчихсан, наадамчид ч тарж байна. Үзүүр түрүүнд үлдсэн бөхөд бай шагнал өгсөнгүй, наадмыг хаалт ч болсонгүй. Түрүү, үзүүрийн хоёр бөх наадмын орой болдог нам засгийн удирдагчдын хүндэтгэлийн цайллагад орсонгүй өнгөрөв. Маргааш нь ажилдаа иртэл Ж.Лхагвасүрэн жанжин дуудаж байна гэнэ. Их л ууртайгаар “Чи маршал дээр оч” гэлээ. Маршал дээр орлоо. Царай нь хүрлийчихсэн зогсч байна. “Чамд ах, дүүсээрээ хуйвалдаж, төрийн наадмаар тоглох эрх хэн олгосон юм бэ” гээд баахан загналаа. Цэргийн хүн юугаа хэлэх вэ. Баахан загнаж байгаад “Ж.Лхагвасүрэн дээр оч” гэлээ. Генерал дэслэгч цолыг минь хурааж, ахлагч болгоод говьд гурван жил ажиллах тушаал уншсан. Тэгээд “Очиж маршалд илтгэ” гэдэг юм байна. Маршал дээр ороод болсон явдлыг илтгэлээ. Маршал “Арми, Ж.Лхагвасүрэн хоёр чамд хайртай юм байна, яв” гэлээ. Таньдаг нөхөд тааралдаад “Чи ч ёстой аз нь хаясан эр юм аа. Улсын наадамд гурван жил дараалан түрүүлсэн бөх гараагүй. Манай армиас төрөх нь гээд маршал ихэд бэлгэшээж бугуйн цагаа тайлахад гадаадын зочид ч бас цагаа тайлсан. Тэгэхэд чи бууж өгч байдаг, ёстой бөх хүний аз хийморьт муу юм боллоо” гэж зэмлэцгээв. Ингэж би улсад түрүүлэх аз хийморио гундаасан хүн дээ” хэмээн дурссан нь бий.

Ш.Батсуурь 1951 оны ардын хувьсгалын түүхт 50 жилийн ойн наадмын түрүү үзүүрт улсын арслан Ж.Цэвээнравдантай үлдсэн ч түрүүлж чадаагүй. Басхүү 1957 онд залуу арслан Д.Дамдинд унаж үзүүрлэж байв. Гэхдээ тэр жил баяр наадмыг зохион байгуулах комиссоос Монгол Улсын даян аварга цол олгосон. Үүнээс таван жилийн дараа, ардын хувьсгалын 41 жилийн ойн наадмаар зургаа давахад олон жил барилдсаныг нь үнэлж, монгол бөхийн дээд цол хүртээсэн билээ.               эх сурвалж: http://news.mn

2.1947, 1948 оны улсын их баяр наадамд хоёр дараалан түрүүлсэн дархан аварга Ш.Батсуурь 1949 онд Ардын хувьсгалын 28 жилийн ойгоор “нисэхийн” П.Аюуш заантай үзүүрт үлджээ. Аварга, заан хоёрыг барилдахаар өртөл П.Аюуш нь “Чи тэртэй тэргүй аварга, ахиад ч олон түрүүлнэ. Энэ жил би давъя л даа” гэжээ. 

Аварга тээнэгэлзэсхийгээд зогсож байтал П.Аюуш заан гэнэт ухасхийгээд зүүн хөлийг нь авч улмаар хонгодож хаяжээ. Наадмын маргааш маршал Х.Чойбалсан хоёуланг нь дуудаж аваачаад “Та нар төрийн наадмаар тоглолоо” гэж загнаад арга хэмжээ авчээ.

Ш.Батсуурь аваргыг сахилгад суулгаад хилийн цэргийн Чоно голын отрядад биеийн тамирын зааварлагчаар явуулсан байна. Харин П.Аюушийн арслан цолыг нь өгөөгүй байна. Хожим нь 1956 онд 35 жилийн ойн баяр наадмын бөхийн комиссын шийдвэрээр “Улсын арслан” цолыг нь олгосон аж.

Тэр үед дархан аварга маань Зэвсэгт хүчний жанжин штабт офицер, П.Аюуш арслан нисэхийн төвд сургалтын мэргэжилтнээр ажиллаж байжээ. Хүмүүсийн ярьснаар бол Ш.Батсуурь аварга, П.Аюуш арслан нарыг баз хүргэнүүд гэдэг боловч энэ нь ташаа бөгөөд тэд бөхийн дэвжээн дээр үерхэж, нөхөрлөж, өрсөлдөж явсан найзууд байжээ.

1 comment:

  1. Manai jargalangaas turun garsan avarga nutgaas sain buhchuud turun garah ni damjiggui ee.

    ReplyDelete